
-Засгийн газар ирэх оны нэгдсэн төсвийн төслөө татсан. Төсвийг татахаас аргагүй болсон шалтгаан юу байсан бэ. УИХ-д нэгдсэн төсвийг өнөөдөр өргөн барьж магадгүй гэх мэдээлэл бас бий?
-Засгийн газар хуралдаагүй байгаа учраас 2011 оны нэгдсэн төсвийн төслийг шинээр УИХ-д өргөн барих уу, үгүй юу гэдгээ нэгмөр шийдээгүй байна. Ер нь бол төсвийн төслийг хэлэлцээд, эргээд ярих ёстой гэх юм бол ямар зүйл байгаа вэ гэхээр одооны энэ төсөв маань 1990 оноос хойш явж ирсэн, төрийн ажил үйлчилгээг хүргэдэг төсвийн зохицуулалт. Гэтэл Монгол Улс өнөөдөр хөгжлийн цоо шинэ нөхцөл байдал, шинэ шатанд ирчихсэн. Улсын төсвөөр дамжуулж хөрөнгө оруулалтын асуудлаа шийдээд явах юм уу, эсвэл шинэ бүтээн байгуулалтаа бид санхүүгийн өөр механизмаар шийдэх юм уу. Энэ сонголтын зааг дээр ирчихсэн байна. Гол нь үүнийгээ бид энэ оноос хэрэгжүүлэх үү, ирэх оноос хэрэгжүүлэх үү гэсэн сонголтын асуудал л юм. Тийм учраас одоо УИХ, Засгийн газрын төвшинд яриад байгаа гол зүйл бол төрийн ажил үйлчилгээг хүргэдэг төсөв, хөгжлийн төсөв хоёроо энэ жилээс эхлэн зааглах тухай юм. Бид нэг жилийг дахин алдаж болохгүй. Ийм учраас зохион байгуулалтын бүтцийн маш олон асуудлыг хэлэлцэх зайлшгүй шаардлага бий болж байгаа л даа.
-Нэгдсэн төсвийг дахин өргөн барьснаар УИХ хугацаандаа баталж амжих уу. Төсвийг өөрчлөн засахад хэр хугацаа орох вэ. Ардчилсан намын бүлэг дээр бол төсвийн өөр хувилбар бий гэсэн юм ярьсан байсан та?
-Арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө баталж амжина. Асуудлын гол нь бид төсөв ярихаараа төрийн үйлчилгээг хүргэдэг төсвөө л ярьдаг. Гэтэл өнгөрсөн хаврын чуулганаар Шинэ бүтээн байгуулалт, Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай гээд Монгол Улсыг маш хурдан хугацаанд хөгжих бололцоог нээсэн ажлуудыг хууль эрх зүйн орчинд бүрдүүлээд баталчихсан. Одоо энэ том төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд бүгдийг улсын төсвөөр дамжуулж, санхүүжүүлж болдоггүй юм байна. Үүнийг хийхийн тулд бид Хөгжлийн банк шиг Хөгжлийн санхүүгийн институци байгуулж ажиллах ёстой юм байна. Үүнийгээ энэ удаагийн төсөв дээр зэрэг хийх үү гэсэн сонголтын асуудал байгаа юм л даа.
-Ардчилсан намын бүлгээс Хүний хөгжлийн сангийн орлогыг бүрдүүлэх эх үүсвэр тодорхойгүй байна гэсэн санал гаргасан байсан. Гэтэл энэ сангаас ирэх жилд нийт 700-800 тэрбум төгрөгийг бэлэн болоод бэлэн бусаар иргэд болоод оюутны сургалтын төлбөрт олгоно гэж байдаг. Эх үүсвэрийг хэрхэн зохицуулах гэж байна вэ?
-Хүний хөгжлийн сангийн орлогыг маш тодорхой хуульчилсан. Хуульд ногдол ашиг, нөөц ашигласны төлбөрийн 70 хувь, өөрийнх нь орлогын хувь, мөн стратегийн ордыг ашиглахтай холбоотой авч байгаа зээл, урьдчилгаа төлбөрийн тодорхой хэсэг гээд заачихсан. Тэгэхээр зарцуулах гэж байгаа зардлын хэмжээ нийтдээ 805 тэрбум төгрөг байгаа юм. Яг одоо орлогын хувьд нийт хэмжээ 320 тэрбум төгрөг болж байгаа. Дээрээс нь санхүүжүүлэх эх үүсвэр дахиад 160 тэрбум төгрөг юм. Яагаад гэвэл Хүний хөгжлийн сангийн өөрийн орлого нь 30 тэрбум, дээр нь Оюутолгойн төсөлд зурагдсан гэрээний 100 сая ам.доллар байна. Нийт дүнгээрээ 480 тэрбум төгрөгийн санхүүжүүлэх эх үүсвэр бэлэн байгаа гэсэн үг. Дээр нь Тавантолгойн төсөл дээр хоёр төрлийн хэлэлцээ хийж байна. Тавантолгойн ордыг бүхэлд нь хоёр хуваагаад нэг хэсэг дээр нь “Эрдэнэс тавантолгой” компани үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ нь өөрөө тодорхой хэмжээний гэрээ хэлцэл хийж байгаа. Одоогийн байлаар нэр бүхий санхүүгийн байгууллагаас тодорхой саналууд ирсэн. Нөгөө талын том хэсэг дээр нь гадаадын хөрөнгө оруулалтын хэлэлцээ хийж байгаа. УИХ-аас долдугаар сарын 9-нд баталсан 39 дүгээр тогтоолын дагуу хэлэлцээрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн. Урьд нь олон компаниуд дундаас нэгийг, эсвэл нэг хэсгийг нь сонгож авъя гэж байсан бол одоо нэг консерциум байх ёстой гэсэн. Тиймээс Тавантолгой төслийг сонирхож байгаа 11 компанийн удирдлагатай уулзаад “Та нар консерциумаа байгуул, тэрнийхээ дараа нөхцөлүүдээ яръя гэсэн. Урьдчилгаа төлбөрийн хувьд асуудал ерөөсөө байхгүй. Угаасаа орж ирнэ. Хамгийн гол нь хэдий хэмжээгээр орж ирэх вэ гэдэг нь том Тавантолгойн хэсэг дээр гэрээ нь эцэслэгдсэний дараа тодорхой болно. “Эрдэнэс тавантолгой” дээр тодорхой хэмжээний саналууд ирчихсэн. Үүнийг гэрээгээр баталгаажуулчих юм бол эх үүсвэр бүрэн гарах бололцоотой. Одоо 805 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ гэвэл 310 тэрбум төгрөгийн санхүүжүүлэх эх үүсвэр шаардлагатай болж байгаа юм.
-Төсвийн төсөлд Тавантолгойгоос орж ирэх урьдчилгааг тусгахын тулд Засгийн газар шахаанд орж, хэлэлцээрүүдээ шууруулж магадгүй нь гэх мэдээлэл дуулдах боллоо?
-Тэр бол шахаанд орох зүйл биш. Асуудлыг дандаа гуйвуулж тайлбарлаад байгаа учраас тэр болов уу. Тавантолгойг хоёр хуваагаад явж байна. “Эрдэнэс тавантолгой” компани бол зөвхөн опеаратор шалгаруулж авна. Тэр оператор компаниас урьдчилгаа төлбөр авна гэхэд ямар ч шахааны асуудал байхгүй. Нөгөө талын уурхайд орох сонирхолтой байгаа олон улсын консерциумтай гэрээ хийнэ гэхэд харин хугацаагаар шахагдаж болно. Тиймээс бид үүнийгээ сул тавьчихаж байгаа. Яагаад гэвэл эх үүсвэр зөвхөн “Эрдэнэс тавантолгойгоос” гарах боломжтой болохоор. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн юманд яарч шахуулаад арванхоёрдугаар сарын 1-ны дотор хэлэлцээг дуусгах шаардлагатай гэсэн зүйл байхгүй л дээ.
-Цаашид стратегийн ордоо барьцаалах замаар урьдчилгаа төлбөр бусдаас авдаг жишиг тогтчих юм биш биз?
-Тэр чинь Хүний хөгжлийн сангийн хууль болчихсон байгаа. Тиймээс Хүний хөгжлийн сангийн орлогыг өөр зүйлээр бүрдүүлж болохгүй. Тэр дөрвөн зүйлээр л бүрдүүлнэ. Хэдийгээр улсын төсөвт маш их хэмжээний орлого байсан ч түүнийг нь авч зарцуулж болохгүй. Зөвхөн Хүний хөгжлийн сангийн мөнгөний өөрийнх нь орлогоор л бүрдүүлэх ёстой. Үүнтэйгээ уялдуулж зарлагаа гаргах ёстой.
-Тэгвэл ирэх онд ямар ч асуудалгүйгээр иргэн бүрт 21 мянган төгрөгийг сар тутамд олгоод явах бололцоотой юм байна гэж ойлгож болох нь ээ?
-Боломжтой.
Г.Дарь