Малчдад өгөх мах, сүүний урамшууллыг төсөвт тусгаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Малчдад өгөх мах, сүүний урамшууллыг төсөвт тусгаагүй гэв

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр хуралдаж,  “Монгол мал” үн­дэс­ний хөтөлбөрийн хэрэг­жилт, 2011 онд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, төсөв санхүүгийн талаарх мэдээллийг үргэлжлүүлэн сонслоо.

Хэлэлцүүлгийн шатанд гишүү­дийг бухимдуулсан асуудал нь “Монгол мал” хөтөлбөрийн 9.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөс 2.6 тэрбум төгрөгийг авч, шүлхий өвчинд зарцуулсныг хууль бус ажиллагаа болсон гэж дүгнэж байна. Харин салбар хариуцсан яам, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар хэлэхдээ “Монгол мал” хөтөлбөрт малыг эрүүлжүүлэхэд хөрөнгийг зарж болно гэсэн заалт байдаг учраас хууль зөрчөөгүй” гэж сөргөлөө. Мөн Улсын нөөц хөрөнгөөс дээрх хэмжээний хөрөнгийг тухайн үед гаргах бололцоо байгаагүй тул арга буюу “Монгол мал” хөтөлбөрийн хөрөнгөөс шилжүүлсэн” гэлээ. Үлдсэн хөрөнгийн тухайд 309 суманд мал эмнэлгийн анхан шатны нэгж байгуулах, мал бүрийг бүртгэлжүүлэх мэдээллийн сан байгуулах, ОХУ-аас 1000 каракуль хонины үр худалдаж авах, хөтөлбөрийг олон нийтэд сурталчлан таниулах зэрэгт зарцуулжээ. Нийтдээ 4.1 тэрбум төгрөгийн ажил хийгээд байгаа гэнэ.

Ирэх жилийн тухайд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад 24.2 тэрбум төгрөг тусгасан. Үүнээс 16.2 тэрбум төгрөг нь мал аж ахуйн салбарыг дэмжихэд чиглэнэ. Гэхдээ малчдын хамгийн их сонирхоод буй “Монгол мал” хөтөлбөрт тусгасан нэг литр сүүнд 200 төгрөг, нэг кг маханд 500 төгрөгийн урамшуулал олгох мөнгийг 2011оны төсөвт суулгаж чадаагүй тухай Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга учирлалаа. Уг нь дээрх урамшуулалд зориулж багасгасаар багасгасаар 4.2 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан ч Сангийн яаманд очоод хасагджээ. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хэлэхдээ “Монгол мал” хө­төл­бөр батлагдсаны хүчинд хаа очиж, Хүнс ,хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багц ирэх онд томорч байгаа. Урамшууллыг ямар үндэслэлээр хассан гэхээр эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлага бий. Нөгөө талаасаа БНХАУ-аас авах 200 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг орон нутагт мах, сүүний үйлдвэр байгуулахад зарцуулахаар бүхий л  гэрээ хэлцэл хийж, жин тан болгосон тул урамшууллыг тусгаагүй” гэлээ.

Хуралдаанд оролцсон гишүүд харин “2011 оны нэгдсэн төсвийг Засгийн газар татан аваад байгаа учраас, дахин өргөн барих шатанд малчдад олгох урамшууллыг нэмж оруулах арга чарга бодох хэрэгтэй гэсэн юм. Засгийн газрын хувьд Атар газар эзэмших III аяныг гурван жилийн өмнө эхлүүлж байсан. Үр дүнд нь газар тариалангийн салбар сэргэсэн. Улсын нөөцөд үр тариа худалдан авахдаа нэг тонн улаан буудайнд 50-80 мянган төгрөгийн урамшуулал олгож байсан. Түүн шиг малчдад мах, сүү нийлүүлэхэд нь урамшуулал олгодог болбол малчдадаа ч нэмэртэй төдийгүй, мал аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд ач тустай тул яамны зүгээс энэ саналаа дахин зүтгүүлэх ёстой гэж үзэж байлаа. Ингээд хуралдааны эцэст тогтоол гаргахаар шийдвэрлэв. Энэхүү тогтоол нь “Мон­гол мал” хөтөлбөрийн хэрэг­жилтийг эрчимжүүлэхэд чиглэж байна. Тодруулбал, Засгийн газар ирэх оныг хоршооллын жил болгон зарлаж, энэ хүрээнд мал аж ахуйн салбарыг өөд татах. Хоёрдугаарт, мах, сүү нийлүүлсэн малчдад урамшуулал олгодог болохыг үүрэг болгож буй юм. Ингэхгүй бол Монгол Улсын нийт хүн амын 30 хувь нь амьдарч байгаа хөдөөгийн малчдын амьдрал хөгжин дэвжихгүй, малтайгаа цуг уул уурхайн салбарт цохигдож, эргэн сэхэл авахааргүй хүнд байдал руу орно гэж үзэж байна.

Дашрамд сануулахад, УИХ-аас өнгөрсөн хугацаанд нийт 420 гаруй үндэсний бодлого хөтөлбөрийг батлан гаргажээ. Гэвч тэдгээр нь санхүүжилтгүйгээс зогсонги байдалд орсон. Тиймээс “Монгол мал” хөтөлбөрийг энэ зам руу халтируулж болохгүй гэж үзэж буй юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж