Бүртгэл ирэхээр МАН-ын бүлэг болно

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Бүртгэл ирэхээр МАН-ын бүлэг болно

МАН-ын удирдлагууд өчигдөр намын ХХVI их хурал болон бага хурлын талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд МАН-ын дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан нар оролцлоо.

Намын дарга хэлэхдээ “МАН хүний хөгжлийг төвөө болгосон бодлого хэрэгжүүлнэ. Бид бодитой чинээлэг дундаж давхаргыг бий болгох зорилт дэвшүүлсэн. Энэ ч үүднээс их хурлын тогтоол, бодлогын баримт бичгээ гаргасан. Ардын нам Монгол Улсаа хөгжүүлэх, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх, монгол хүний амьдралыг сайжруулахын төлөө зүтгэнэ. Иймээс ч Ардын нам уламжлалаа хадгалж, шинэчлэлийг өрнүүлнэ.  МАН өөрийн мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа хичээн эрмэлзэх 10 зүйлийг оруулж, дүрмээ тодотгон баяжууллаа. Ардын нам бол Монгол Улсын язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн,  ардчилсан үзэл баримтлалтай зүүн төвийн нам байх болно.” гэсэн юм. Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчид тэднээс дараах асуултад хариулт авсан юм.

-УИХ дахь МАН-ын бүлэг хэзээ байгуулагдах вэ?

 Д.Лүндээжанцан:

-Намын бүлэг гэсэн тусгай зүйл УИХ-ын дэгийн тухай хуулинд бий. Нам наймаас дээш гишүүнчлэлтэй бол бүлэг байгуулна.  Бүлэг тарах дөрвөн үндэслэл байдаг. Тухайн нам нь тарсан болон эвсэл задарсан бол, нөхөн сонгуулийн үр дүнд найман гишүүнтэй болж чадаагүй бол, УИХ-ын наймаас дээш гишүүнтэй бүлгээс гараад заасан тоонд хүрэхээ байсан бол намын бүлэг тарах шийдвэрээ өөрөө гаргана. МАХН-ын бүлэг МАН-ын бүлэг болж байгаа. Улсын дээд шүүхэд МАН-ыг бүртгүүлэх материалаа өгсөн. Бүртгэл гараад ирэхээр МАХН-ын бүлэг МАН-ын бүлэг болно. Нэр сольсон өөрчлөлтөөс  шалтгаалж бүлэг тарах юм уу задрах асуудал байхгүй.

-Ц.Шинэбаяр гишүүн МАХН-ын бүлэгтээ үлдэнэ гэж байсан. Тэгэхээр яана гэсэн үг вэ

-Ц.Шинэбаяр гишүүний хувьд одоогоор МАХН-ын бүлгийн гишүүн байгаа. МАН-ын бүлэг болсны дараа энэ хүн өөрөө сонголтоо хийнэ.

-Их хурал дээр та бүхэн “Ардын засаг мандтугай” гэж уриалаад байсан. Ардын нам болсноор Засгийн газар Ардын засаг болж байна уу?

-МАН байгуулагдлаа. Монголын төр засаг хэзээд ард түмнийхээ талд үйлчилж ирсэн. Энэ үүднээс ойлгож болно.

– Намын нэрийг сольсныг эсэргүүцэж, гишүүд тань намаасаа гарвал яах вэ. Зарим гишүүн ярилцлага өгчихсөн байна, МАХН бол 150 мянган гишүүнтэй, МАН бол 800 гишүүнтэй гэж?

У.Хүрэлсүх:

-Цөөн тооны хүн  намаас гарахыг үгүйсгэхгүй. Намын нэр үзэл баримтлалтыг өөрчлөх тухай асуудлаар бид Их хурлаас өмнө намын анхан шатны байгууллагуудынхаа дунд хэлэлцүүлэг явуулсан. Дараа нь санал хураалт явуулахад нийт гишүүдийн 81.2 хувь нь уугуул нэрээ сэргээхийг дэмжсэн. Мөн ХХVI их хуралд оролцсон төлөөлөгчдийн 99.4 хувь нь намын уугуул нэрийг сэргээхийг дэмжсэн. Нийт 800 төлөөлөгчөөс зургаан хүн л дэмжээгүй. Манай нам ардчилалтай нам, олонхийн шийдвэрээ дагаж амьдардаг дүрэмтэй учраас цаашид МАН-ын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүх талаар бүрдсэн гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна гэлээ.

-Удирдах зөвлөлд залуусын бүрэлдэхүүн давамгайлж, тэднийг  хэт дэмжлээ гэсэн шүүмжлэл гарч байна. Үүнд  ямар хариулт хэлэх бол?

-МАН ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн төлөөлөлтэй. Бид Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ батлахдаа ч энэ зарчмыг барьсан. Тэр дундаа эмэгтэйчүүдийн квотоо хүртэл оруулсан байгаа.

 -Намын нэрийг өөрчилснөөр сонгуулиар сонгогчид хүлээж авахгүй бол яах вэ?

Д.Лүндээжанцан:

-Улс төрийн намын тухай хуулиар намууд нэгдэх, татан буугдах, үйл ажиллагаагаа өөрчлөх үзэгдэл гарч байсан.  Улс төрийн намуудаас МАШН нэртэй байж байгаад Эх орон нам, МҮАН байж байгаад АН  болсон түүх бий. Парламентад суудалтай үедээ нэрээ сольж байсан. Энэ нь хууль эрх зүйн хувьд нээлттэй.  Бид 2008 онд МАХН нэрээр орсон одоо МАН болж байна. 

С.Батболд:

-Би энгийн жишээгээр тайлбарлая л даа. Нэрээ солих нь хувь хүн, аж ахуйн нэгж тэр бүү хэл улсын хувьд ч байдаг. БНМАУ гэсэн нэр ардчилсан нийгэмд шилжээд Монгол Улс гэсэн нэртэй болсон шүү дээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж