Яаралтай тусламжийг шатахууны төвөөр солилоо

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Яаралтай тусламжийг шатахууны төвөөр солилоо

Одоогоос сар гаруйн өмнө Сүхбаатар дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт байрлах нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Яаралтай түргэн тусламжийн авто баазын хашаанд “Сод Монгол” групп хууль бусаар шатахуун түгээх станц барьж байгаа талаар багагүй хэл ам таталсан. Үйл явдлын мөрөөр эргэн сурвалжлахад Яаралтай түргэн тусламжийн төвийн авто баазын хашаан дотор “Сод Монгол” группийн ШТС хэдийнээ сүндэрлэн босчээ. Тус төвийн хашаан дотор байрлах хаалгаар орох боломжгүй байсан тул Гаалийн ерөнхий газрын төв лабораторийн талаас харах боломж олдсон юм. Шатахуун түгээгүүрийн цардмал зам Гаалийн ерөнхий газрын төв лабораторийн хашаанд тулан дууссан байх аж. Энэ талаар ГЕГ-ийн төв лабораторийн эрхлэгч Н. Цолмонгоос тодрууллаа.

-Танай лабораторийн дэргэд байгаа “Содмонгол” группын шатахуун түгээх станц баригдаж дууссан бололтой. Гэвч үйл ажиллагаагаа явуулахын тулд танай хашааг дайрсан авто зам хийхээр төлөвлөсөн байна.Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-ШТС нь орон сууц, нийтийн эзэмшлийн газар, хорооллоос 50 метрийн зайтай байх ёстой гэсэн  мэргэжлийн байгууллагын стандарт байдаг.  Үүнээс гадна энэ баригдсан ШТС нь Гаалийн хяналтын тухай хуулийг зөрчсөн тул бид газраа чөлөөлөх боломжгүй гэдгээ зохих журмын дагуу мэдэгдсэн. Учир нь  гаалийн  байгууллагын эзэмшлийн газрыг “Гаалийн тухай” хуулиар улсын хил гэж үздэг. Энэ утгаараа улсын хилийн аюулгүй байдлын тухай бүх хууль үйлчилж байдаг газар. Түүнээс гадна манайхаас 20 метр ч хүрэхгүй газарт ШТС баригдсан нь өөрөө их эрсдэлийг дагуулж байна. Манай лаборатори нь улсын хэмжээгээр орж ирж байгаа бүх төрлийн химийн хорт бодисыг шинжилдэг тусгай объект. Шатах, уурших, тэсэрч дэлбэрч болзошгүй бодисуудыг шинжлэх үед химийн урвалд орон хортой, аюултай нөхцөл бүрдэхийг үгүйсгэхгүй. 

-ШТС нэгэнт баригдсан тул газраа чөлөөлж өгөхийг холбогдох албаныхан шаардсаар байгаа гэсэн үү? 

-Тийм. Нийслэлийн Засаг даргын захирамжаар манай хашааны газрыг дайруулан төв замтай нийлсэн автозам барих захирамж гарсан байсан. Бид МУ-ын Гаалийн тухай хуулийг дагуу холбогдох албаныханд тайлбарлаж шаардлага хүргүүлсэн байгаа. Хамгийн гол нийслэлийн Засаг даргын захирамжийг биелүүлэх ёстой гэж байгаа ч энэ нь өөрөө хууль бус захирамж. Гэхдээ газар чөлөөлөх эсэхийг ГЕГ-ын удирдлага шийднэ.

-Хашаагаа чөлөөлөхийг шаардаж, хүч хэрэглэхийг оролдсон  гэсэн үнэн үү?

-Бидэнд дээрх байгууллагуудаас удаа дараа албан тоотууд ирүүлж байна. Хамгийн сүүлд өнгөрсөн сарын 29-ны өдөр ажил тарахын үед хэдэн залуучууд хашааг чинь буулгана гээд ирсэн. Тэр үед нь манай ажилчид өөрсдөө хамгаалж үлдсэн.Манайх онцгой обеъкт гэдэг утгаараа хамгаалалтын албатай тулдаа хашаагаа эвдүүлээгүй. Гэхдээ нийслэлийн Автозамын газар, нийслэлийн Газрын алба, “Содмонгол” групп гэсэн гурван байгууллага бидэнд газраа чөлөөлөхыг шаардсан бичиг илгээж шахалт үзүүлсэн хэвээр байна.

 Нийслэлийн ард иргэдийн аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулах ёстой хотын даргын гаргасан захирамжнаас болж, ГЕГ хууль ёсны эзэмшиж байгаа газраа алдахад хүрээд байгаа бололтой. Хэдийгээр Яаралтай түргэн тусламжийн төвийн зүгээс өөрийн хуучин шатахуун түгээгүүрээ шинэчлэн засварласан. Бидний мэдлийн газар гэж мэдэгдэж байгаа ч “Сод Монгол” группийн ШТС-ыг чөлөөтэй ажиллахад зам тавьж өг гэсэн агуулга бүхий шаардах бичгийг ГЕГ –т ирүүлдэг болохыг эх сурвалж мэдээлж байсан.  Тиймдээ ч Яаралтай түргэн тусламжийн автобаазын шатахуун түгээх хуучин станцыг шинэчлэн засах нэрийн дор баригдсан “Сод Монгол”-ын энэхүү шатахуун түгээгүүрийн газар баригдсан нь хууль бус. Учир нь “Сод Монгол”-ын ШТС-аар иргэд үйлчлүүлж, өдөр, шөнөгүй автомашины дуу  чимээ зэргээр иргэд амар тайван амьдрах эрхээ хасуулж байгаа талаар оршин суугчдын зүгээс хэлж байна. Харин энэ бүх асуудалд бодитой хяналт шалгалт тавьж,  хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн байгууллагууд  ШТС-ын үйл ажиллагааг эхлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг баримталж байгаа нь хачирхалтай.  Дээрх ШТС-ын үйл ажиллагааг олон нийт Ц.Анандбазарынх гэдгээр нь нүд үзүүрлээд байгаа хэрэг биш. Харин энэ ШТС орон сууц, сургууль, эмнэлэг, Гаалийн төв лабораторийн барилга зэрэг хүн ам төвлөрсөн, шигүү баригдсан барилга байгууламжийн дунд байрласан нь түгшүүр төрүүлж байгаа юм. Энэ нь холбогдох хууль дүрэм, стандартыг ноцтой зөрчиж, нийслэлийнхний эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн алхам болж гэдгийг ч иргэд, Яаралтай түргэн тусламжийнхан сануулж байна. Уг нь Шатахуун түгээх станцын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн техникийн ерөнхий шаардлагад  ШТС-ыг орон сууц, олон нийтийн барилга байгууламжийн хананаас 50 метр, олон нийтийн үйлдвэрийн газрын барилга байгууламжийн хананаас 100 метрийн зайд барих ёстой аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж