Улсын клиникийн төв эмнэлэгт халдвар гарахгүй гэсэн баталгаа алга

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Улсын клиникийн төв эмнэлэгт халдвар гарахгүй гэсэн баталгаа алга

Сүүлийн үед эрүүл мэндийн салбарт гарсан олон болж, бүтэхгүй байгаа асуудлын улмаас иргэд эмнэлгийн байгууллагад итгэл алдарч, болгоомжилж байгаа гэхэд хилсдэхгүй. Гэтэл Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн үйл ажиллагаа бас л бусдын адил нэг л сайнгүй болчихоод байгаа. Тус эмнэлэг хамгийн дээд шатлалын үйлчилгээг үзүүлж бүх төрлийн эмчилгээ хийдэг, 18 аймаг нийслэлийн бүх дүүргээс өвчтнүүд ханддаг. Тус эмнэлгийн зүүн талд залгаа оршин хоёр давхар байранд 400 ортой таван тасаг байснаас дөрвийг нь төв эмнэлэг рүүгээ өнгөрсөн сарын 22-нд нүүлгэн шилжүүлээд байгаа аж. Уг байрыг Улсын мэргэжлийн хяналтын газраас ашиглаж болохгүй гэж 2007 онд акт гаргасан. 1932 онд ашиглалтад орсон уг барилгад клиникийн төв эмнэлэг 600 хүн хэвтүүлэн эмчлүүлэх хүчин чадалтай гэж тооцвол уг 200 ортой дөрвөн тасгийг шилжүүлснээр 400 өвчтөн хүлээн авах эмнэлэг болж хувирлаа гэж ойлгож болох юм. Гэтэл өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт 546 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Урьд нь ерөнхий мэс заслын тасагт 4-6 хүн хэвтэн эмчлүүлдэг байсан бол одоо 8-10 хүн эмчлүүлэх шаардлагатай болж байгаа юм. Ингэж ачаалал хэтрүүлснээс мэс засал хийлгэсэн шархтай хүмүүст халдвар авахгүй гэсэн баталгаа алга байна. Өдөрт тус эмнэлэгт 540 хэвтэж эмчлүүлж байна гээд бодохоор эргэлт, амбулаториор үзүүлэх хүний тоо лав 1000 хол давах бололтой. Мөн өдөрт 30-40 орчим халаасны хулгайч байнга сүлжиж байдаг гэж эдний ажилтнууд анхааруулж байна.

Мөн нэгэнт ашиглалтын хугацаа хэтэрсэн барилгыг нурааж, буулгахаасаа өмнө нэг тасагт хэвтэх өвчтөн, тасгуудыг хэрхэн хуваарилах зэргийг тооцож үзээгүй талаар хэвтэн эмчлүүлэгчид эмнэлгийн ажилчдын дунд нууцхан шивнээ яриа явж байлаа. Зохион байгуулалтгүй нүүлгэн шилжүүлснээс болж нарийн мэргэжлийн зарим тасгууд хаалгаа барих зам руу орж байгаа бололтой. Уг эмнэлэгт нийт 630 орчим хүн ажиллах төсөвтэй байдаг ч өнөөдрийн байдлаар 760 орчим хүн ажилладаг байна. Орон тооноос хэтэрсэн хүнтэй учраас эмч ажилчдад олгох ёстой илүү цагийн хөлс, үр дүнгийн гэрээний шагнал гэх мэт урамшууллын мөнгө байхгүй болсоор жилийн нүүр үзээд буй гэнэ.

Мөн эрүүл мэндийн салбарын нэр хүнд унаад байгаагийн нэг шалтгаан нь мэргэжлийн төвшин доогуур ажилтнууд хэн нэг даргын “шахаас”-аар орж ирдгийг ажилчид үгүйсгэхгүй байлаа. Манай улсын хэмжээнд аль ч салбарт танил тал, арын хаалгаар ажилтай болдог “ёс” тогтоод байгаа ч гэлээ  ч хүний амь насыг хамгаалж байдаг энэ салбарт байж болшгүй зүйл гэдгийг салбарын яамны удирдлагууд анхааралдаа аваасай. Тус эмнэлгийн ажилчдаас илүү нэмэлт зүйл тодруулж асуух гэсэн боловч ажлаас халагдаж, хоолынхоо мөнгөнөөс салахыг хүсээгүй тэд биднээс цэрвэж байгаа нь энд “асуудал” их байгааг харуулж байгаа бус уу .

Энэ эмнэлгээр ороод гарах хэсэгхэн хугацаанд зай талбай хомс ядаж байгаа жаахан талбайгаа эмийн сан, хоолны газар, хүнсний дэлгүүр болгож дуусч байгаа нь илтэд анзаарагдаж байлаа. Эмч, эмнэлгийн ажилтнууд өрөөндөө багталцахгүй шахам сууж байхад улсын тодотголтой энэ эмнэлгийн байранд хувийн 5-8 эмийн сан, 10 гаруй хувийн эмнэлэг, 2-3 хоолны газар томоос том орон зай эзэгнэн үүрлэж байгаа нь хачирхалтай. Тус эмнэлгийн дарга Л.Жамбалжав ашиглалтын хугацаа дууссан барилгаа нураах зардал, шинээр барих барилгын 10 гаруй тэрбумын зардлыг хөөцөлдөөд гарч болох эрсдэл, албан хаагч, ажилчдынхаа ажлын ачааллыг анхаарах ч сөхөөгүй яваа бололтой. Үнэхээр ашиглах боломжгүй барилгаа нурааж стандарт шаардлагыг хангасан шинэ эмнэлэгтэй болохыг хэн хүнгүй хүсэлгүй л яахав. Гэхдээ эрүүл мэндийн салбарт янз бүрийн эрсдэл гарахыг тооцож үзээгүйн гай гарах вий дээ гэсэн түгшүүр энэ эмнэлэгт нүүрлээд байна. Дээрээс нь тус эмнэлгийн удирдлага  салбарын үйл ажиллагаагаа өөд татахаас илүүтэйгээр барилга нураах, барилга барих бизнесээр ажлаа дүгнүүлдэггүй л байлтай.

Өнөөдөр нийслэл хот барилга байшингаар дүүрч хүн явах ч нүх сүв ховордоод байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Хүүхдийн тоглоомын газар цэцэрлэг сургуулийн талбай хүртэл эрх ямбатнуудын эзэмшил болж гял толь болсон барилга байшингууд сүндэрлэсээр. Гэтэл эрүүл мэндийн салбарт 1980 оноос хойш баригдсан улсын эмнэлэг гэж байдаггүй гэнэ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж