Алтны үнэ 1400 ам.доллар хүрчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Алтны үнэ 1400 ам.доллар хүрчээ

Даваа гаригийн арилжаагаар унц алтны үнэ 1400 ам.доллар болж, урьд өмнөх рекордуудыг эвдсэн байна. Шар металлын хувьд гурав хоног дараалан дээд үнэ тогтоогоод байгаа нь Ирландын төсвийн асуудал болон АНУ-ын ам.долларын ханш өссөнтэй холбоотой аж.

АНУ-ын төв банк болох “Federal Reserve” өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт эдийн засгаа сэргээх зорилгоор 600 тэрбум ам.долларыг нэмж эргэлтэнд оруулах шийдвэр гаргаснаас хойш алтны үнэ даруй зургаан хувиар өсөөд байгаа юм. “Federal Reserve”-ын шийдвэр мөн АНУ-ын эдийн засагт инфляцийн аюул дагуулах төлөв харагдаж байгаа билээ. Төв банкнаас хэрэгжүүлэх уг хөтөлбөрийн төсөв эдийн засагчдын тооцоолж байснаас 100 тэрбум ам.доллараар илүү байгаа тул инфляциас сэргийлэх үүднээс алт худалдан авалт нэмэгдээд байгаа.

Даваа гаригийн худалдаанд голчлон нөлөөлсөн хүчин зүйл нь Ирландын төсвийн асуудал болжээ. Хэдийгээр тус улсын Засгийн газар 2011 оны эхэн үе хүртэл хангалттай мөнгө төсөвлөсөн байгаа ч ирэх жилд төсвийн таналт хийж чадах эсэх болон өрийн асуудлаа шийдэх боломжтой зэрэг эргэлзээ төрүүлээд байгаа юм.
“Ирландын бондын нөхцөл байдал тооцоолж байснаас хавьгүй муу байгаа. Тиймээс хөрөнгө оруулагчид эдийн засгийн хямралаас дархлаатай бүтээгдэхүүн болох алтыг их хэмжээгээр худалдан авч байна. Хөрөнгө оруулагчид өөрсдийн эзэмшилд буй мөнгөн тэмдэгтийн найдвартай байдалд эргэлзэж байгаа учир алтыг сонглж байна” хэмээн “PFGBest” дэх шинжээч Майкл Дали хэлж байна. Түүний хэлж буйгаар Дэлхийн банкны ерөнхийлөгч Роберт Зоелликийн мэдэгдэл ч үнэд нөлөөлж байгаа аж. Гэхдээ түүний санал болгож буй дэлхийн өргөн хэрэглээний гол мөнгөн тэмдэгтүүдийн ханшийг зохицуулах шинэ систем бодит байдлаас гажсан гэж шинжээчид үзэж байгаа юм.

“Энэ асуудал дээр алтны нөлөө бага байна. Гэхдээ алтны стандарт бий болгох дээрээ тулаагүй” гэж “Natixis” компанийн стратегич Ник Браун үзэж байна.

Өдрийн арижааны үеэр унц алт 1,1 хувиар өсч, 1410,30 ам.доллар болсон ч бага зэрэг буурч 1409,40 ам.доллар болжээ. Харин арванхоёрдугаар сарын урьдчилсан гэрээт үнэ 5,50 ам.доллараар өсч, 1403,20 ам.доллар болсон байна.
Бусад үнэт металлын хувьд палладигийн үнэ гурван хувиар өсч, 2001 оны дөрөвдүгээр сараас хойш анх удаагаа унц нь 700 ам.доллараас давсан бол мөнгө мөн гурван хувиар өсч, 30 жилийн өмнөх дээд үнэд ойртож байна. Одоо нэг унц алт 27,61 ам.доллар болжээ. Харин цагаан алт 1771 ам.доллар буюу өмнөх өдрийнхөөс 0,3 хувиар өссөн байдалтай байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж