Аваргууд бүдэрсэн 11-р тойрог

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Аваргууд бүдэрсэн 11-р тойрог

Английн хөлбөмбөгийн Барклэй Премьер лигийн 11-р тойрог уламжлал ёсоор амралтын өдрүүдээр амжилттай болж өнгөрлөө. Энэ тойргийн эхний тоглолт ямар ч багт халгаатай Рийбок цэнгэлдэхэд болсон. Тус цэнгэлдэхэд улирлын гол багуудын нэг Тоттэнхэмийн бүтэлгүйтэл үргэлжиллээ. Тэд Болтонд 4-2-н харьцаатай хожигдсон бөгөөд Болтоны ахлагч, Английн шигшээд хамгийн ахимаг насандаа анхны тоглолтоо хийсэн Кэвин Дэвис 2 гоолыг хийн тоглолтын баатар болсон байна.
Харин Бирмингэм-Вэстхэм, Блакпүүл-Эвэртон гэсэн тоглолтууд 2-2 гэсэн харьцаатай өндөрлөжээ. Фулхэм-Астон Вилла багууд 1-1 гэсэн харьцаатайгаар эвийн гэрээ байгуулжээ. Хүснэгтийн 2т бичигдэж байсан Манчэстэр Юнайтэд өмнөх тойрогт МанСитиг буулгаж аван шуугиан тарьсан Вүлвэрхамптоныг “Мөрөөдлийн театр”-таа хүлээн авч 2-1-р хожсон байна. “Улаан чөтгөрүүд”-г гэмтэл бэртэл их зовоож байгаа ч энэ тойрогт гуулин улсын легионэр Парк Жи Сун 2 гоолыг хийн багаа хүнд байдлаас аварсан аж. Парк 2 үеийн төгсгөлд, хоёуланд нь гоолджээ. Юнайтэдын санаа зовоосон асуудал дахин нэгээр нэмэгдсэн. Учир нь бэртлээ эдгээн талбайд гараад удаагүй байгаа Оуэн Харгривз тоглолтын 9 дэх минутанд талбайг орхисон. Түүний гуяны гэмтэл сэдэрсэн байна. Чононуудын нэр төрийн гоолыг Ибанкс-Блэйк оруулсан байна.
Өмнөх тойрогт Ньюкаслд 5-1-н харьцаатай бут ниргүүлсэн Сандэрланд Стөүк Ситиг 2-1-р илүүрхжээ. Сандэрландын хамгийн үнэтэй наймаа Гана довтлогч Асамоа Гиан дубль хийсэн байна. Харин Манчэстэр Сити өмнөх тойргийн алдаагаа цайруулан энэ улирлын нээлт болж байгаа Вэст Бромыг талбайд нь хожжээ. Уг тоглолтонд хоёр гоол орсон бөгөөд 2-ууланг нь “Сүпэр Марио” буюу Марио Балотэлли оруулсан. Итиали довтлогч “Будант Албион” дахь гоолын салхиа нээжээ.
Сүпэр Сандэй сүпэр болсон. Цомыг хамгаалагч мөн лигийг тасархай тэргүүлж байгаа Чэлси, Ливэрпүүл хотод зочлон Анфилдын эзэдтэй нүүр тулсан юм. Лондонгийн “Цэнхэрүүд” талбайн эздийг баралгүй 2-0-р хожигдсон аж. Мэрсисайдын улаануудын довтлогч Фэрнандо Торрэс өөрийн шилдэг тоглолтоо гарган дубль хийсэн байна. Урагшгүй тоглолтынхоо улмаас энэ өвөл багаасаа явж магадгүй гэж яригдаад байсан “Алтан жаал” маань энэ бүх яриаг таслан зогсоох шиг боллоо. 12 тойргийн тоглолтууд ажлын өдрүүдээр явагдах болно. Мягмар гарагт 2, лхагва гарагт үлдсэн 8 тоглолт болох аж. Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудаас болж хоёр тойргийн тоглолт хойшлогдож байсан учраас хуваарийн дагуу тоглолтуудыг шахаж байгаа ажээ.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж