“Шударга ёсны самбар” байрлуулж эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

“Шударга ёсны самбар” байрлуулж эхлэв

Авлигатай тэмцэх газраас улс орон даяар зохион байгуулж буй “Шударга ёсны төлөө-2010” арга хэмжээний хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад “Шударга ёсны самбар” байрлуулах үйл ажиллагааны нээлт өчигдөр болов.

Самбарыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургууль дээр байрлуулах ажиллагаанд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч О.Даваасүрэн, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн, Сүхбаатар дүүргийн V хорооны Засаг дарга Х.Андрей, 11 дүгээр сургуулийн захирал И.Сүрэнхорлоо нарын албаны хүмүүс оролцлоо.

Шударга ёсны самбарт хадах мэдээллээр дамжуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад шударга ёсны талаарх мэдлэгийг дээшлүүлэх, зөв, шударга амьдралын зан үйлийг хэвшүүлэх, шударга ёсны үлгэр дуурайлал, манлайллыг бий болгох, хүүхдүүдийн шударга ёсны төлөөх тэмүүллийг нийгэмд харуулахыг Авлигатай тэмцэх газар эрмэлзэж байна.

Цаашид “Шударга ёсны самбар”-ыг зөвхөн нийслэлээр төдийгүй улсын хэмжээний бүх ерөнхий боловсролын сургуулиудад өөрсдийнх нь санаачилга, оролцоотойгоор байрлуулахаар төлөвлөж байгаа ажээ.  

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж