УИХ-ын дарга Д.Дэмбэрэл МҮЭ-үүдийн холбооны урилгаар манай улсад зочилж байгаа Европын эдийн засгийн хөгжлийн зөвлөл, Испанийн инженерүүдийн холбоо, Антонио Монеогийн архитектурын хүрээлэнгийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. Төлөөлөгчдийн тэргүүн, Европын эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ерөнхийлөгч Энрике Агирезабала хэлэхдээ, Европын хөгжлийн байгууллагын мэргэжилтнүүд Монголд орчин үеийн техник технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулах, барилга, боловсролын салбарыг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор МҮЭ-үүдийн холбоотой хамтран ажиллахаар болсныг УИХ-ын даргад дуулгаад энэ талаар ойрын үед хийх ажлаа судалж төлөвлөхөөр ирээд буйгаа танилцуулав.
Монголд орчин үеийн техник технологийн ололтыг нэвтрүүлэх, хөрөнгө оруулах, нийгмийн зарим салбарт дэмжлэг үзүүлэх, нийгэмд тулгамдаж байгаа асуудлын нэг болох ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр Европын өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийн байгууллагууд манай ҮЭ-ийн холбоодтой хамтран ажиллахаар болсонд сэтгэл таатай байгаагаа УИХ-ын дарга хэлээд манай орон хөгжлийн шинэ үеийн гараан дээр ирээд байгаа хэдий ч нийгмийн тулгамдсан асуудал байсаар байгаагийн нэг нь ажилгүйдэл юм. Хэдийгээр ажлын байр урьд өмнөхөөс нэмэгдэж байгаа ч хүмүүсийн мэргэжлийн түвшин, ажлын ур чадвар, дадлага туршлага дутмаг байгааг дурьдав. Хоёр талын энэхүү хамтын ажиллагаа нь орчин үеийн техник технологи өндөр хөгжсөн Европын орнуудын туршлагаас суралцахад чухал ач холбогдолтойг тэрбээр онцлоод Монголд ажлын байр нэмэгдүүлэх мастер төлөвлөгөөг хамтран боловсруулахаар ажиллаж буйг нь сайшаалаа. Уулзалтад УИХ-ын даргын зөвлөх Д.Даваасамбуу, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар, албаны бусад хүн байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.