
Энэ сарын 3-нд Хэнтий аймгийн Дархан суманд гурван үхэр, энэ сарын 05-ны өдөр Баянмөнх сумын “Хөтөл ус” гэдэг газарт нэг үхэр, “Дулаан уулын ар” гэдэг газарт нэг үхэрт тус тус шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шүлхий өвчний сэжиг бүхий малаас дээж авч шинжлэхэд “О” хэвшлийн шүлхийгээр өвчилсөн болохыг энэ сарын 7-ны өдөр тогтоожээ. Иймд хорио цээрийн дэглэм тогтоож, хяналт шалгалт, ариутгал халдваргүйтгэлийн долоон пост гаргаж, голомтын бүсэд байгаа 25 өрхийн 14 мянга гаруй малд үзлэг тандалт хийж, таван өрхийн 13 үхрийг устгах арга хэмжээ авсан байна. Мөн өнгөрсөн баасан гаригт Хэнтий аймгийн Онцгой комиссын хурлаар Дархан, Баянмөнх, Бор-Өндөр хотын чиглэлд орон нутгийн зорчигч тээврийн үйл ажиллагааг өчигдрөөс түр хугацаагаар хаах шийдвэр гаргажээ. Уг өвчинтэй тэмцэх ажилд хоёр аймгаас 220 хүн, 44 автомашин, 13 мотоцикл, ариутгал халдваргүйжүүлэлтийн 27 цэг, хөдөлгөөнт хяналтын таван цэгт ажиллаж байгаа аж.