Оюутнуудад тэтгэлэг олгоно

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Оюутнуудад тэтгэлэг олгоно

Бага орлоготой болон малчин өрхийн сурлагаараа тэргүүлсэн 112 оюутан Швейцарийн хөгжлийн агентлаг, Зориг сангаас зургаа дахь жилдээ зарласан сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан байна. Тэдэнд батламж гардуулж, баяр хүргэх ёслолын арга хэмжээ өнөөдөр 17.00 цагаас МУИС-ийн дугуй танхимд болох аж. Ёслолд Швейцарь улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Блэйз Годе, БСШУЯ-ны дэд сайд Ч.Куланда, Швейцарийн хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч ноён Феликс Феллманн болон Зориг сангийн удирдах зөвлөлийн гишүүд оролцох юм байна.Энэ удаагийн тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын 65 нь хөдөө орон нутгаас ирж Улаанбаатар хотод суралцаж буй оюутнууд  ажээ.
Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд нийт 540 оюутан хамрагджээ.Хөтөлбөрийн нэг онцлог нь тэтгэлэгт хамрагдсан оюутнууд нийгэмд тустай бичил төслүүд санаачлан боловсруулж төслийн хэрэгжилтэд гар бие оролцдог уламжлалтай. Энэ жилийн тэтгэлэгт хамрагдсан 112 оюутан 14 баг болж өөрсдийн санаачлагаар сайн үйлсийн төсөл хэрэгжүүлэхээр болжээ.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж