Хамгийн том уран баримлын үзэсгэлэн боллоо

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Хамгийн том уран баримлын үзэсгэлэн боллоо

Сиднейн алдарт Бонди далайн эрэг дэлхийн хамгийн том уран баримлын үзэсгэлэнгийн төв болж хувирчээ.
Арав гаран орны уран бүтээлчид нэр хүндтэй шагналын төлөө өрсөлдсөн байна.  Энэ жил шилдгээр Данийн уран барималч Кэлд Моузхолм шалгарчээ. Тэмээ хэлбэртэй уран баримал Бонди орчмын газрыг бүхэлд нь өөрчилсөн байна. Жил бүр зохиогддог энэхүү үзэсгэлэнг бүс нутгийн 400.000 орчим хүн тогтмол үзэж сонирхдог ажээ.
Моузхолм “1995 оныг тусгахуй” нэртэй бүтээлээ бодит байдлыг орчин үеийн хэтрүүлэгтэй хослуулан бүтээсэн байна. Энэхүү бүтээлийг тэрбээр 15 жилийн өмнө хийсэн ч үзэсгэлэнг зохион байгуулсан хүмүүс бүтээлийг хийсэн огноог чухалчлаагүй гэнэ.
Үзэсгэлэнгийн эрхлэгч Дэвид Хэндли хэлэхдээ: “Бидэнд шалгаруулалт хийхэд хүндрэл гараагүй. Уран баримал бол урлагийн үнэтэй төрлийн нэг. Уран бүтээлч өмнө нь Австралид эсвэл хаа ч бүтээлээ танилцуулж байсан хамаагүй бид шилдэг гэж үзвэл түүнийг л тодруулах болно” гэжээ.
Удахгүй энэхүү бүтээлийг олны өмнө байнга ил байхаар байрлуулах юм. Бүтээлийг ган, чулуу, хуванцар, мод гээд их олон төрлийн материалыг ашиглаж хийжээ. Дэлхийн эдийн засгийн хямрал үзэсгэлэнгийн ивээн тэтгэгч олоход нэлээдгүй хүндрэл учруулсан ба төсөв мөнгөний хүрэлцээгүйн улмаас оролцогчдод санхүүгийн тусламж үзүүлж чадаагүй байна.
Энэхүү үзэсгэлэнг 14 дэх жилдээ Бонди далайн хөвөөнд зохион байгуулж байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 14 хүртэл үргэлжлэх юм байна.
      
Б.Энхцэцэг    
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж