Хуванцраас нефть гаргах боломжтой болжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Хуванцраас нефть гаргах боломжтой болжээ

Хэдийгээр хуванцар дэлхийд өргөн хэрэглэгддэг синтетик материалуудын нэг ч хүний бүтээсэн байга­ль орчинд хамгийн хортой бүтээгдэхүүний нэг юм. Гэхдээ аж үйлдвэрийн хэрэг­лээ, амьдралд үзүүлж буй хувь нэмрийг нь авч үзвэл хуванцрын хэрэглээг зогсоо­но гэдэг бараг боломжгүй зүйл.
Байгальд хор хөнөөлтэй гэдэг утгаараа хамгийн их зэмлэл хүрддэг тус нийлэг боди­соор хийсэн сав бүрэн задарч дуусахад ойролцоогоор мянган жил шаардлагатай бай­даг аж. Гэхдээ үүнээс илүүтэй санаа зовоох зүйл нь хуванцар материалыг дахин боловсруулахад тийм ч хял­бар биш байдагт оршино. Хуванцрыг ихэвчлэн неф­тиэс гар­гаж авдаг. Албан бус эх сурвалжаас үзэхэд дэлхийн газрын тосны нийт хэрэглээний долоон хувийг зөвхөн хуванцар хийхэд зар­цуулдаг аж. Өөрөөр хэлбэл Африк тивийн хэрэглээнээс ч их хэмжээний нефтийг уг материалын үйлдвэрлэлд зар­цуул­даг гэсэн үг юм.
Дэлхийн хэмжээнд хуван­црын дахин боловсруу­лалт маш бага байдаг. Хуванцар хог дэлхий даяар маш их бохирдол үүсгэдэг. Япон болон АНУ-ын хуванцар хог Номхон далайд хөвж, далайн амьтдыг үй олноор нь хөнөөж байна.
Гэхдээ оюун ухаант хүн төрөлхтний нэгэн шинэ технологийн ачаар хуванцрыг эргүүлэн нефть болгон хувиргах боломжтой болжээ. Японы “Blest” компанийн ерөнхий захирал Акинори Ито саяхан энэ үйлдлийг хийх машин бүтээсэн тухай зарласан байна. Тус төхөөрөмж ямар ч төрлийн хуванцрыг нефть болгон дахин боловсруулах чадвартай аж. Компанийн мэдэгдсэнээр хуванцрыг шатаахад маш их хэмжээний нүүрсхүчлийн хий, хорт утаа гаргадаг. Ха­рин хуванцарыг нефть бол­голоо гэхэд нүүрсхүчлийн ялга­руулалт зогсохын сацуу, хуванцарын хаягдал багасах, цаашлаад бүрэн алга болох боломжтой гэжээ.
Шинэ төхөөрөмжийг ашиг­ла­хад мөн аюул багатай аж. Учир нь “Blest” машин температурыг хянадаг цахилгаан халаагч ашигладаг. Үүгээр 2-4 дугаарын полис­терин, полиэтилин болон полипропилин нийлэгүү­дийг дахин боловсруулах боломжтой аж. Гэхдээ ундааны сав хийхэд ашигла­даг нэг дугаараас бага полип­ропилиныг боловс­руулах бо­ломж­гүй гэнэ. Үүний үр дүнд түүхий хий ялгарах бөгөөд үүгээр хийн зуух, генераторыг түлшээр хангах боломжтой аж. Харин хийг дахин боловсруулж, автомашин, мотоцикл, завь зэргийн түлш бүтээх юм. Нэг килограмм хуванцраас ойролцоогоор нэг литр нефть гарган авах боломжтой гэнэ. Энэ нь ойролцоогоор 20 центийн үнэтэй юм. Компанийн хувьд энэ машинаа янз бүрийн хэлбэр хэмжээтэй гаргадаг ба жижиг үйлдвэр, загасчлалын газар гээд 60 орчим газар байр­луулаад байна.
“Энэ машиныг хүн болгон хэрэглэдэг болвол миний мөрөөдөл биелнэ. Удалгүй таны гэр ирээдүйн газрын тосны талбай болно” хэмээн Ито ярьж байна. Японд гэр ахуйн нийт хаягдлын 30 хувь нь хуванцар байдаг тул Ито­гийн үг тийм ч оргүй зүйл биш. Одоогийн байдлаар уг машины хамгийн жижиг загвар нь 9500 ам.долларын үнэтэй. Тиймээс компанийн зүгээс илүү дэвшилтэт технологи ашиглан, тус бүтээгдэхүүнийг дэлхийн буурай орнуудад ч өргөн хэрэглэх боломжтой болгохоор ажиллаж байгаа юм.
Шинэ бүтээгдэхүүний хамгийн гол зорилго нь хүмүүсийн ухамсрыг өөрчлөх явдал. Ноён Ито өмнө нь Маршал Айландсын Зас­гийн газартай хамтран хог хаягдлын менежментэд су­рал­цуулах талаар ажиллаж байжээ. Тусгай төсөл бо­ловсруулж, жуулчдын хая­сан хуванцар хаягдлыг да­хин боловсруулснаар завь, жуулчны автобус зэргийн түлш гаргаж авах болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж