
УИХ-ын гишүүн Х.БАДАМСҮРЭН:
-Танай
нам нэрээ, үзэл баримтлалаа өөрчиллөө. Үр дүн нь юу дагуулах бол. Намын
ХХVI их хурал хэр үр дүнтэй хурал болсон гэж та хувьдаа дүгнэж байна
вэ?
-Нам өөрийн уугуул нэрээ сэргээлээ. Он цагийн аясаар нийгэм
өөрчлөгдөж байна. Үүнтэй холбоотойгоор иргэд, сонгогчид, намын гишүүд
дэмжигчид, зөвхөн манай нам төдийгүй улстөрийн намуудад хандах
хандлага, тавих хүсэлт шаардлага нэлээн чангарсан. Өөрөөр хэлбэл, намын
үзэл бодол нь их тов тодорхой, мөрийн хөтөлбөр нь ойлгомжтой байх ёстой
гэж үзэж байгаа. Энэ агуулгаараа шинэлэг зүйлүүдийг намын ХХVI их
хурлаараа баталлаа. Тэр нь хичээн эрмэлзэх зүйл, түүндээ гол үзэл
баримтлалынхаа асуудал, цаашдынхаа чиг баримжаа зарчмын асуудлыг
багтаасан. Тэгээд мөрийн хөтөлбөрөө шинэчилж сэргээлээ. Манай намын
хувьд үзэл баримтлалаа тодотгон баяжуулж байна. Энэ чиглэлээрээ хичээн
эрмэлзэх зүйл дотроо нийгэм рүүгээ хандаж юу хийх юм. Хамгийн гол нь
хүндээ хандсан, хүнээ төвдөө тавьсан. Улс төрийн намын гол ажил хүнтэй
ажиллах юм. Тийм учраас энэ ажлыг айл гэрт хүргэх, хүн бүрт хүрч
ажиллах, намын бодлого шийдвэр шинэчлэгдсэнийг ойлгуулах ач холбогдолтой
хурал болсон гэж дүгнэж байна.
-Олон нийтийн зүгээс “МАХН-ын
ХХVI их хурлаас гаргасан шийдвэрүүд 2012 оны сонгуулийн санал хураалтын
дүнд нөлөөлж болзошгүй” гэж дүгнэж байна. Энэ эрсдлийг хэрхэн тооцоолсон
бэ?
-Мэдээж улстөрийн аливаа намын гол асуудал бол сонгуульд
ялалт байгуулах. Тэгээд өөрийнхөө үзэл баримтлал түүнийхээ дагуу
гаргасан хөтөлбөрөө олонхи болж байж, төрийн бодлого болгож хэрэгжүүлэх.
Тэр талаар бүгд л бодож байгаа. Уугуул нэрээ сэргээсэн явдал үзэл
баримтлалаа тодотгон баяжуулсан явдал бол илүү эерэг талаас нь тусах
байх. Нөгөө талаасаа ууган улстөрийн хүчний хувьд МАН-ын цаашид хийх
шинэчлэл бол Монгол төрийн шинэчлэлтэй шууд холбоотой. Том утгаар нь авч
үзвэл түүхэн ажил юм. Цаашид намынхаа үзэл баримтлалаа шинээр гаргаж
ирж байгаа хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөрөө ард иргэддээ
ойлгуулж, түргэн шуурхай хэрэгжүүлэх зорилт л тавигдаж байна даа.
УИХ-ын гишүүн Ц.СЭДВАНЧИГ:
-МАХН
нэрээ, далбаагаа, үзэл баримтлалаа гээд бүхий л зүйлээ өөрчиллөө.
Энэхүү өөрчлөлтийг та хэрхэн харж байна вэ, эдгээр өөрчлөлтийг хийснээр
нам үнэхээр бүрэн шинэчлэгдэж чадах уу. Эерэг болоод сөрөг үр дагаврыг
хэрхэн харж байна вэ?
-Улстөрийн аль ч нам нэр, үзэл баримтлал,
билиг тэмдгээ өөрчилж болно. Цагийн аяс, нийгмийн өөрчлөлт, олон түмний
сэтгэлгээний өөрчлөлтийг дагаад аливаа юм хувьсан өөрчлөгддөг учраас
МАХН нэрнээсээ эхлээд олон зүйлээ өөрчилсөн нь цагийн аясыг дагаж байгаа
юм болов уу гэж би хувьдаа харж байгаа. Гэхдээ олон нийт намын нэрээ
өөрчлөөд өгөөч гэж хүсэхгүй байгаа. Гол нь энэ нам арга барил,
сэтгэлгээ, улс орныг жолоодож байгаа бодлого, чиглэлээ өөрчлөөсэй гэж л
хүсч байгаа. Одоо нийгэм, олон түмэн шударга ёсыг хүсч байна. Нийгэмд
шударга юм гэж алга. Баян хоосны ялгаа дэндүү их боллоо. Дээрээс нь
авлига хээл хахууль бүх шатанд ёс юм шиг тогтсон. Өөрөөр хэлбэл, төр нь
авлигажсан төр болоод хувирчихсан. Ард түмнийг зовоосон гэх үү, улс
орны эрх ашгийг хөндсөн гэх үү энэ асуудалд зөв бодлого чиглэл барьж,
ажлын арга барил, энэ намыг удирдаж байгаа удирдлагын сэтгэлгээ
өөрчлөгдөөсэй л гэж хүсч байгаа. Эдгээрийг жинхэнэ утгаар нь өөрчилж
чадвал иж бүрэн өөрчлөлт болно. Түүнээс намын нэр, далбаагаа өнгөцхөн
өөрчлөх хэлбэрээр доторхыг нь далдлаад өнгөрөх юм бол олон нийтийн эрх
ашигт нийцсэн шинэчлэл болж чадахгүй л гэж бодож байна даа.
-Эдгээр
өөрчлөлтүүд 2012 оны сонгууль ойртож байгаа үед хэр эрсдэл дагуулдаг
бол. Тухайлбал, намын нэрийг өөрчилснөөр гарах эрсдэл их гэж олон нийт
дүгнэж байна?
-Далдыг хардаг хүн биш энэ тухай хэлэхэд хэцүү.
Олон улсын туршлагыг харахад намын нэрийг өөрчлөх, нэг хоёр үсэг нэмж,
хасах нь байдаг үзэгдэл. Зарим улс орны намууд сонгуулийн тактик болгож,
нэрээ өөрчлөх тохиолдол байдаг л юм билээ. Илүү үр дүн гарна гэж үздэг.
Монгол Улс бол өөрийн онцлогтой. Монгол хүн бол өөрийн гэсэн зан чанар,
ёс заншилтай. 2012 оны сонгуулийн үр дүн ямар гарах нь тэр л эцсийн
дүгнэлт болох байх даа. Би бол хувьдаа сонгуулийн үр дүнг эргүүлэхүйц
хэмжээний тийм эрсдэлтэй нөлөө үзүүлэхгүй болов уу л гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Д.ГАНХУЯГ:
-Танай
сөрөг хүчин намынхаа нэрийг өөрчиллөө. Нэг бодлын МАН гэдэг нэрийг 80
гаруй жилийн туршид жоорлож байгаад одоо сонгуулийн тактик болгон
ашиглаад ч байгаа юм шиг. Та хувьдаа яаж харж байгаа вэ энэ үйл явдлыг?
-Монголын
ямар ч улстөрийн хүчин нэрээ өөрчилж, үзэл баримтлалаа шинэчилж болно.
Гэхдээ бид тодруулбал, 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталсан, 2006 онд
Улстөрийн намын тухай хуулийг шинэчлэн баталсан. Үүнээс хойш улстөрийн
нэг нам хоёр нэртэй байх нь байтугай, аж ахуйн нэгж ч хоёр нэртэй байхыг
хуулиар хориглосон. Тиймээс МАН нэрийг сэргээсэн гэдгийг ойлгохгүй
байгаа. Яагаад гэвэл Улстөрийн намын тухай хуульд намын нэрийг сэргээх
гэдэг үг байдаггүй. Мөн нөгөө талаасаа энэ нам хоёр нэртэй байсан юм уу
гэдэг асуудал гарч ирж байгаа. Нэгийг нь жоорлочихоод байсан гэдэг
асуудлыг дотроо бодож байж болно, амьдрал дээр ийм байж болохгүй. Бас
нэг эргэлзээтэй зүйл нь хэсэг хүмүүс өмнө нам байгуулаад МАН гэдэг
нэрийг авчихсан байсан. Тэгэхээр МАН гэдэг нэрийг сэргээнэ гэж ярих гэж
байгаа бол шинээр бүрдсэн эрх зүйн орчны хүрээнд эдгээр хэсэг хүмүүс
намынхаа нэрийг сэргээнэ гэж ярьж болно, түүнээс МАХН уугуул нэрээ
сэргээнэ гэж ярих нь хууль зүйн талаасаа учир дутагдалтай.
-Гэхдээ
МАН-ынхан “Намын нэр давхардсан зүйл байхгүй, МАН нэр бол МАХН-ын
үргэлжлэл юм гэсэн утгатай тайлбар тавиад байгаа шүү дээ?
-Одоо
энэ намынхан МАХН гэдэг нэрийг хэн нэг хүн, хэдэн жилийн хугацаанд
ашиглаж болохгүй гэж байгаа. Гэхдээ энэ нь боломжгүй. 2006 оны Улстөрийн
намын тухай хуульд зааснаар өмнөх нэрийг хэрэв улстөрийн намууд нийлсэн
тохиолдолд тухайн намдаа 24 жил өмчлөгдөнө гэсэн заалт байсан. Гэхдээ
тэр нь Үндсэн хуулийн цэц дээр очоод, унаад хүчингүй болчихсон. Тийм
учраас Улстөрийн намын тухай хуулиараа бол МАХН гэдэг нэр бол тодорхой
хугацаанд одооны шинэ нэртэй болсон МАН-ын эзэмшигч байх асуудал
ээдрээтэй л асуудал. Энэ бүхнийг хуулийн байгууллага шүүхийн байгууллага
биднээр хэлүүлтгүй, маргаан үүсэх юм бол хуулийнхаа хүрээнд шийдвэрлэх
байлгүй дээ.
Ер нь нам нэрээ өрчилж болно, үзэл баримтлалаа өөрчилж
болно, шинэчлэгдэж болно. Энэ процесс явагдах ёстой, тэр хүрээндээ л явж
байгаа гэж дүгнэж байгаа даа.
УИХ-ын гишүүн Д.ТЭРБИШДАГВА
-МАХН-ын 26-р их хурал өндөрлөж байна. Энэхүү хурлаас хүсэн хүлээж байсан үр дүн гарсан уу?
-Аливаа хурлыг хийх, зохион байгуулах нь амаргүй, их ажил шаарддаг. Гэхдээ хийсэн хурлынхаа үр дүн, ажлын гүйцэтгэлд анхаарах нь илүү их ажиллагаа шаардана. Иймд гаргасан шийдвэрүүдээ хэрэгжүүлэхэд анхаарах ёстой. Энд яригдсан зүйлс хэрэгжээсэй л гэж бодогдож байна.
-Өмнөх 25-р их хурлын дараагаар намын хэсэг гишүүд хурлаас гаргасан шийдвэрүүд хэрэгжихгүй байгаа талаар шүүмжлэн өргөх бичиг хүртэл гаргаж байсан. Энэ хурлын шийдвэр хэрэгжих, бодитой тодорхой асуудлыг хэр тусгасан бэ?
-Өмнөх хурлын үр дүн гарах ёстой. Өмнөх их хурлаар боловсон хүчний бодлого, намын өөрчлөлт шинэчлэлийн асуудал гээд олон зүйлийг ярьсан. Хэрэгжилт нь хангалттай биш байгаа талаар ч би энэ 26-р их хурал дээр хэлсэн. Одоо гэхдээ өнгөрсөн 25-р их хурлын тухай биш энэ 26-р их хурлын шийдвэрүүдийг бүтээлчээр хэрэгжүүлэх шаардлагатай.
-Намын нэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ирэх оны сонгуульд амжилтгүй оролцох эрсдлийг энэ хурлаас гаргасан гэдэгтэй санал нэгдэх үү?
-Цаг хугацаа үүний хариултыг хэлэх байх.
-Хэрэв амжилтгүйтэлд нөлөө үзүүлвэл хэн нэгэнд хариуцлага хүлээлгэх асуудал босч ирэх үү?
-Хариуцлага хүлээлгүй яахав. Намын удирдлага хариуцлага хүлээнэ.
Хурлын төлөөлөгч, Академич С.НАРАНГЭРЭЛ:
-Энэ нь зөвхөн нэр өөрчлөх асуудал биш л дээ. Энэ хурлаас бодлогын томоохон өөрчлөлт гарна. Яагаад гэвэл 1921 онд анх үүсгэн байгуулагдсан нам 1924 онд хувьсгалт гэх нэр томъёог өөртөө авснаас хойш коммунист чиглэлтэй ангич үзэлтэй, нэг үзэл суртлыг баримталсан нам болсон. Энэ байдлаараа 1990 оныг хүртэл явсан. Одоо энэ үзэл бодлоо бүр мөсөн сольж Монголын нийт ард түмний язгуур эрх ашгийг эрхэмлэсэн анхны байр суурин дээр эргэн очих шийдвэр гаргалаа хэмээн дүгнэж байна.
-Өмнөх их хурлаар мөн адил намын шинэчлэл, боловсон хүчний бодлогын өөрчлөлтийн талаар бичиг гаргаж байсан. Энэхүү хурлын шийдвэр хэрэгжих боломж хэр байгаа вэ. Магадгүй өмнөх хурлын нэгэн адил хэрэгжихгүй байгаа гэх шүүмжлэл дагуулахгүй байгаа?
-Өмнөх 25-р их хурал дээр ч мөн үзэл баримтлал, нэрийн тухай асуудал яригдаж байсан. Гэхдээ энэ 26-р их хурал шиг зарчмийн шинжтэй өөрчлөлтийг хийж чадаагүй. Ер нь 1990 оноос хойшхи хорин жилийн хугацаанд нэр үзэл баримтлалын асуудлаар маш олон янзын үзэл бодлууд яригдаж байсны эцэст ийнхүү их хурлаар шийдэгдэж байна.
-Нэр сольсонтой холбоотойгоор ирэх оны сонгуульд ялагдаж болзошгүй талаар хурлын үеэр ч мөн яригдаж байсан. Энэ хэр ч чухал зүйл вэ?
-Тийм ч чухал зүйл биш л дээ. Энэ бол шинэ нам биш, 1924 онд нэмсэн “хувьсгалт” гэх үгийг л сольж буй хэрэг. Эцсийн дүнд аливаа улс оронд олон хувьсгал хэрэггүй. Монголд 1921 оноос хойш маш олон хувьсгалууд хийгдсэн. Хувьсгалын хамгийн гол аюул нь өмнөхөө үгүйсгэн устгаж байдагт байгаа юм. Иймд монголчууд дахин ийм үгүйсгэсэн зүйлийг үзэхгүй явах замаа сонгож байна гэж ойлгож байгаа.
Хурлын төлөөлөгч. Н.ЖАНЦАННОРОВ:
-Намын 26-р хурлын талаар ямар бодолтой байга вэ. Хэлэлцэж буй асуудал, гаргасан шийдвэрийн талаар?
-Хэлэлцэх асуудал нь их том. Ийм өргөн хүрээний асуудлыг дөрөвхөн өдөрт хуралдаж шийдвэрлэх нь хэцүү. Хурлаар цаг үетэйгээ холбоотой асуудлыг хэлэлцлээ. Цаг үеийн гэдэг нь дэлхий нийтээр хөгжлийн асуудлыг ярилцаж байгааг хэлээд байгаа юм. Улс орнууд коммунист байх нь хаант засаглалтай байх нь чухал биш боллоо. Харин ямар ч улс орон хөгжлийн тухай ярьж байна. Дэлхий даяар хөгжлийн асуудлыг ярьж буй нөхцөлд нам хөгжлийн асуудлыг ярихаас ч өөр аргагүй юм. Бид ямар ч байсан нэгэн зүйлийн зааг дээр ирлээ. Гэхдээ үхэх сэхэхийн зааг бол энэ биш байх. Өөрөөр хэлбэл уламжлалт мал аж ахуйтайгаа, хойноос бензин цахилгаанаа зөөгөөд яваад байж болохгүй нь. Хөгжихийн тулд газарт буй баялаг, толгойд буй ухаанаа аль алийг нь ухах шаардлагатай боллоо.
Намын хурлаар яригдаж буй энэхүү хүний хөгжил гэх зүйлийг ямар аргаар хэрхэн хийх талаар бүрэн дүүрэн ярих боломж харамсалтай нь олдсонгүй.
Б.МАНДАХ, Г.Дарь