
Улаанбаатар хотод 15 мянган гэрлийн шон бий. Хэдийгээр бүгд асдаггүй ч жилдээ 3600 гаруй цаг асах ёстой гэж тооцоолсон. Өвөл, зуны улирлаас шалтгаалан асалтын хугацаа өөр аж. Гудамж талбайн гэрэлтүүлэг уг нь тодорхой стандарттай. Гэтэл энэхүү шаардлагыг биелүүлээд гэрэлтүүлэг чимэглэлээ албан ёсоор хүлээлгэн өгсөн гүйцэтгэгч байгууллага бараг үгүй. Хүлээлгэж өгөөгүй болохоор “Гэрэлтүүлэг чимэглэл” компанийнхан засвар хийх боломжгүй аж. Уг нь гэрэлтүүлгийг хийсэн болон захиалсан байгууллага засвар, үйлчилгээ, хяналтыг хариуцах ёстой. Дүүргүүдийн төсөвт ч энэ зардлыг тусгаж өгдөг аж. Өнөөдөр гэрэлтүүлгийн ажлыг хийж буй компаниуд мэргэжлийн бусаас гадна зарцуулах ёстой хөрөнгийг хэмнэх гээд урд зүгийн чанар муутай материал голдуу ашиглаж, нүдэнд үзэгдэх ил хэсгийн утас кабелийг стандартын дагуу хийж, нүднээс далд хэсгийг нь стандартын бус кабель ашиглан хийдэг байх юм. Өнөөдөр чухам нийслэл хотын маань гэрэлтүүлгийн ажил ямар ахицтай байгаа, юу хийсэн тухай нийслэлийн захирагчийн ажлын албаны хот нийтийн аж ахуйн дарга Ц.Тунгалагаас тодруулахад “Нийслэлийн ойгоор дүүргүүдийн бүх гэрэлтүүлгийг сольж, засч 95 хувьтай болгосон. Өмнө нь 60 хувьтай байсан. “Цахилгаан тээвэр”ХХК, “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК өдөр шөнөгүй ажилласны үр дүнд бүгд гэрэлтүүлэгтэй болсон”гэв.
Харин энэ талаар иргэдийн байр суурийг сонирхоход “Хотын яг төв хэсгийн зам дагуу гэрэлтүүлэг бол арай гайгүй. Гэхдээ манай хотын гэрэлтүүлэг өнөө үед үнэхээр хоцрогдож байна. Хүүхдүүд оройтож хичээлээсээ тараад харанхуй гудамжинд явж байгаад гэмт хэргийн золиос болж байгаа тохиолдол маш их гарч байна. Энэ бол гэрэлтүүлэгтэй л холбоотой шүү дээ” гэв. Сүүлийн үед гэмт хэргийн гаралт эрс нэмэгдэж байгаа аж. Гарч байгаа хэргийн ихэнхи хувийг шөнө оройн цагаар үйлдсэн нь бүртгэгдсэн байна.Тодруулбал дээрэм, хүчирхийлэл болон амь насаа алдах тохиолдол цөөнгүй байсаар байна гэдгийг цагдаагийхан анхаарууллаа. Үүнтэй холбоотой ганцхан жишээ дурдахад Япон улс гэмт хэргийн тоогоо бодитой бууруулахын тулд хэрэгжүүлсэн ажил нь гэрэлтүүлэг байсан аж. Хотынхоо бүх дүүргийн гудамж талбайг гэрэлтүүлэгтэй болгосон нь үр дүнгээ өгчээ. Улсынхаа нийслэлд амьдарч байж хэдий хүртэл түнэр харанхуйд бүдчин явах билээ. Мөн үндсэн хуулиараа олгогдсон аюулгүй орчинд амьдар эрхээ ч эдэлж чадахгүй байна. Онгирохоороо XXI зуунд амьдарч байгаагаа гайхуулдаг. Хэрэг дээрээ Нийслэлийн маань хөгжил урагшлах бус ухарч байгаа аж.
Г.Хулан