Дундговь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэд хэдэн агентлагийн дарга нарын сонгон шалгаруулалт болж байгааг урьд нь мэдээлсэн билээ. Аймгийн ХААЖДҮ-ийн газрын даргын сонгон шалгаруулалтанд уул газрын даргын үүрэг гүйцэтгэгч М. Мөнхжаргал, аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Ш.Батсүх нар өрсөлджээ. Чухам хэн нь энэ албанд томилогдох нь тодорхойгүй байна. Мөн Биеийн тамир,спортын хорооны дарга, Төв халхын дуулалт жүжгийн театрын даргын сонгон шалгаруулалт ойрын өдрүүдэд болох юм.
Түүнээс гадна “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд сум бүрд байгуулагдаж байгаа мал эмнэлэг-үржлийн албаны 33 орон тоо, Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн хоёр, Дэлгэрцогт сумын Засаг даргын тамгын газар, аймгийн Засаг даргын тамгын газар тус бүр нэг орон тоон дээр ажлын байр зарлагдаж төрийн албаны шалгалтын тов гараад байна. Аймгийн Засаг даргын тамгын газарт гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтны ажлын байранд англи, орос хэлтэй, сэтгүүлч мэргэжилтэй гэхчилэн шаардлага тавигджээ. Харин мал эмнэлэг, үржлийн албаны ажилтнууд нь малын эмч, мал зүйч, Хөдөө аж ахуйн менежер мэргэжилтэй байх шаардлагатай аж.
С.Пүрэвсүрэн