
Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны бүх цаг үеийн гурван онооны лидер Режи Миллер энэ өдрөөс эхлэн тус үзүүлэлтийг толгойлох эрхгүй боллоо. Учир нь түүний эзэмшиж байсан 18 жилийн дотор 2560 удаа холын зайн оновчтой шидэлт гүйцэтгэсэн амжилтыг “Бостон Селтикс”-ийн хамгаалагч Рей Аллен өнөөдөр мөнхийн өрсөлдөгч “Лос-Анжелес Лейкерс”-ийн эсрэг тоглолтын нэгдүгээр үед эвдэж чадлаа. Энэ үйл явдал ямартай ч ойрын хугацаанд тохиох нь ойлгомжтой байсан. Харин Алленд тийм олон жилийн хугацаа шаардагдсангүй. Тэрбээр 15 жилийн хугацаанд буюу одоогийн байдлаар хамгийн богино хугацаанд NBA-ын гурван онооны дээд рекордыг эзэмших болж байна. Хоёр мэргэн буучдын ялгаатай ганц зүйл нь Миллер анх элссэн багтаа энэхүү рекордыг өөрийн болгож байсан бол Аллен “Милваки Бакс”, “Сиэтл Суперсоникс”, “Бостон Селтикс” гэсэн гурван баг дамжин нийтдээ 1124 тоглолтод оролцож, 2561 удаа холын зайн шидэлтээ оновчтой болгожээ. Энэ тоо түүнийг пүүзээ ханандаа өлгөтөл өссөөр байх бөгөөд ямартай ч ойрын хугацаанд эвдэгдэхгүй бололтой. Зодог тайлах цаг нь ойртсоор байгаа “Даллас”-ын хамгаалагч Жейсон Кид гуравдугаар байрт 1752 удаа холын зайн шидэлтээ амжилттай болгосон үзүүлэлтээр дээрх хоёр мэргэн буучдын ард бичигддэг бол мөн л “Даллас”-т данстай Пежа Стоякович 1719 удаа гэсэн үзүүлэлтээр чанх ард нь явж байгаа юм. Тиймээс 10 удаагийн бүх одод Рэй Аллен энэхүү рекорд амжилтаа олон жилийн турш эзэмших нь тодорхой биз ээ.
Score Studio