Баянмөнх суманд шүлхий илэрлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Баянмөнх суманд шүлхий илэрлээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр хотоос урагш гарсан шүлхийн голомтын бүсэд нэмж мал өвчлөөгүй ба хотын баруун хойд хэсэгт хөдөлгөөнт пост нэмж байгуулан Улаанбаатарын зорчигч тээврийн шуудан, уурхайн жонш тээврийн автомашинд тусгай зөвшөөрөл олгон хяналт тавьж нэвтрүүлж байна.

Аймгийн онцгой комиссын хурлаар Дархан, Баянмөнх, Бор-Өндөрийн чиглэлийн орон нутгийн зорчигч тээврийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар хаах шийдвэр гаргалаа. Аймгийн хэмжээнд зургаан сумын тарилгын 26 хэсэгт 113 хүн ажиллаж байна. Баянхутаг сумын Бавлай гэдэг газар нутаглаж байгаа I багийн малчин С.Баасангунгаагийн таван тэмээ вакцин тарьснаас хойш 17 хоногийн дараа буюу энэ сарын 4-нд халуурч, нүдний салст нь улайх шинж тэмдэг илэрлээ гэсэн дуудлагын дагуу очиж тэмээнээс цусны дээж, шүлсний арчдас авч шинжилгээнд явуулаад байна.

Энэ сарын 5-нд Баянмөнх сумын Хөтөл усанд нутаглаж байгаа малчин Н.Эрдэнэболдын нэг, Дулаан ууланд намаржиж байгаа М.Баярхүүгийн нэг үхэрт шүлхий өвчний шинж илэрсэн тул цусны дээж, хэлний хучуур эдээс арчдас авч шинжилгээнд явуулахад энэ сарын 7-нд ирсэн шинжилгээний хариу нь “О” хэвшлээр үүссэн болох нь тогтоогдоод байна. Иймээс Баянмөнх сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, хяналт шалгалт, ариутгал халдваргүйтгэлийн долоон пост гаргаж, уг голомтын бүсэд байгаа 24 айлын малд үзлэг хийлээ.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Бор-Өндөрт ажиллаж байсан хээрийн штабыг Баянмөнх сум руу татаж, аймгаас малын хоёр эмч, цагдаа, онцгой байдлын 13 албан хаагчийг, машин техник хэрэгслүүд, ариутгалын бодис, хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй гарган ажиллуулж байна.

Өнөөдрийн байдлаар малчин Эрдэнэболдын тав, Баярхүүгийн хоёр, Баянмөнх сумын Баянбулагт нутаглаж байгаа Н.Бат-Эрдэний дөрөв, Хананд нутаглаж байгаа Д.Баяраагийн нэг, Л.Долгорын хоёр, Б.Алтансүхийн нэг  үхэрт мөн өвчний сэжиг нэмж илэрсэн тул тусгаарлан, уг 13 үхрийг устгах арга хэмжээ авч байна.    

И.Байгалмаа  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж