2011 оны нэгдсэн төсвийг буцаажээ

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

2011 оны нэгдсэн төсвийг буцаажээ

Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийг төсөл санаачлагчдад нь буцаах нь зүйтэй гэсэн шийдвэрийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаас гаргасан байна. Мөн өнгөрсөн долоо хоногт хуралдсан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс ч дээрх шийдвэрийг гаргажээ. Бүлгийн хуралдаанд оролцсон Сангийн сайд С.Баярцогт хэлэхдээ “Засгийн газар нэгдсэн төсвийг татан авснаар маргаан дагуулсан зарим зүйлийг хугацаа алдалгүй засаад оруулах ирэх бололцоотой гэж үзсэн аж. Харин нэгдсэн төсвийг Засгийн газар татан авснаар Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж, шийдвэрээ гаргах бололтой.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд нэгдсэн төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх ёстой гэж үзжээ. Тавантолгойн ордын гэрээ хэлэлцээр эцэслээгүй нөхцөлд тодорхой хэмжээний урьдчилгаа төлбөр орж ирнэ гэж тооцоолох нь учир дутагдалтай. Тиймээс орлогын эх үүсвэрүүдээ нягтлах, 2011 онд Засгийн газраас том том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Хөгжлийн банк байгуулахаар болсон. Хөгжлийн банкаар дамжуулж, энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тул ирэх оны нэгдсэн төсөвтэй хамт Хөгжлийн банкийг байгуулахтай холбогдож гарах хуулийн төслүүдийг мөн давхар оруулж ирэх ёстой гэж үзжээ. Харин Засгийн газрын хувьд өнгөрсөн намрын турш боловсруулсан хуулийн төслөө дахин засч, ирэх лхагва гариг гэхэд УИХ-д өргөн барьж амжих уу гэдэг эргэлзээтэй байна.  Засгийн газар руу буцаад байгаа энэхүү төсвийн төсөлд төсвийн нийт орлогыг 3 их наяд 56.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 39 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 3 их наяд 251.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн  41.5 хувь байхаар тооцсон юм. Ингэснээр нэгдсэн төсвийн нийт алдагдал 194.7 тэрбум төгрөг буюу  ДНБ-ий -2.5 хувьтай тэнцэнэ хэмээн ерөнхий төлөв гаргасан байсан билээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж