Б.Дамланпүрэв мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.08-нд нийтлэгдсэн

Б.Дамланпүрэв мөнгөн медаль хүртлээ

Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. Тэмцээний эхний өдрүүдэд болсон спорт самбын төрөлд манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 48 кг-д өрсөлдсөн М.Уранцэцэг, 52 кг-д хүч үзсэн Б.Солонго нар аваргын алт,  80 кг-ын жинд Б.Мөнхтуяа мөнгө, эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүч үзсэн О.Чинбат хүрэл медаль тус тус хүртээд байсан бол өчигдөр болсон байлдааны самбын тэмцээнд Б.Дамланпүрэв /62 кг/ мөнгөн медалийн эзэн болсон байна. Манай тамирчин Латви, Узбек, Армены бөхчүүдийг ялж, аваргын төлөө ОХУ-ын бөхөд ялагдсанаар мөнгөн медаль хүртжээ. Б.Дамланпүрэвийн хувьд өмнө нь самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2006 онд хүрэл медаль хүртэж байсан бол 2007, 2008 онд аваргын алтан медалийн эзэн болж байсан юм. Ийнхүү самбо бөхийн 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчид хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл, нийт таван медаль хүртсэн амжилт гаргаад байна. Баг тамирчид маргааш орой эх орондоо ирэх аж.

FIAS буюу Олон улсын самбо бөхийн холбооноос зохион байгуулсан энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 40 улсын 500 гаруй тамирчин өрсөлдсөн юм.

С.Цэлмэг.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж