Их хурлын гишүүдээр намын нэрийг солих асуудлаар санал хураалгахын өмнө нэр солих ажлын хэсгийн дарга Д.Лүндээжанцан “Сэргээх гэдэг үг хуульд байхгүй учраас Дээд шүүхэд бүртгүүлэх МАХН-ын Их хурлын тогтоолын төсөлд “МАХН-ын нэрийг МАН болгон өөрчилсүгэй” гэж оруулсан болохыг анхааруулсан. Өөрөөр хэлбэл намыг сэргээн байгуулах тухай Улс төрийн намуудын тухай хуульд байдаггүй юм байна. Тэгэхээр энэ тохиолдолд МАН-ыг сэргээн байгуулсан, МАХН уугуул нэрээ сэргээн авсан талаар биш, харин МАХН-ыг татан буулгаж, МАН-ыг шинэчлэн байгуулсан талаар ярих нь хуульд илүү нийцэх нь. Гэвч энэ учирлал тус намынханд даанч тус болохгүй л дээ. Яагаад гэвэл энэ нам эрх барьж байсан цагт хууль болоод ёс суртахуун гэдэг зүйл өөрсдөд нь төдийлөн үйлчилдэггүй юм.
Хамгийн наад захын жишээ нь шинээр байгуулсан МАН-ын туг билэгдлийн асуудал. МАХН-ын дарга нар ярихдаа “Соёмбо үсгийг чинь МАН-ыг байгуулсан Бодоо гэдэг агуу хүн ширээнийхээ хөлийг тайрч аваад тамган дээрээ анх сийлсэн байхгүй юу. Тийм учраас манайх авна” хэмээн гөрдөх юу ч биш. Уг нь бол соёмбо үсэг үүссэн түүх түүнээс шал өмнө, Өндөр гэгээн Занабазарын өөрөө зохиож, цагаан толгойн эхний үсэг болгон сийлсэн, Богд хаант засгийн үеэс төрийн билэгдэл болж явсан эд. Хожим Ардын нам, ардын засаг байгуулагдсаны дараа төрийн туг далбаа өөрчлөгдсөн ч соёмбо үсэг хэвээр үлдэж, өнөө үетэй золгосон билээ.
“Алх хадуурт Зөвлөлтийн далбаа
Алтан соёмбот Монголын далбаа…” гээд л тэр үеийн шүлэг, яруу найрагт хүртэл гардаг биз дээ. Харин төрийн сүлдний хувьд 1940 оноос хойш соёмбон дээр таван хошуу нэмж, 1960 оноос таван хошуу малын толгой бүхий БНМАУ гэсэн бичигтэй дугуй сүлдийг авч ашигласаар ерэн онтой золгосон шиг билээ.
Соёмбыг төрийн билэгдлээр бүрэн төгс ашигласан нь ерээд оноос хойш юм. 1990 онд шинэ Үндсэн хуулиа баталсны дараа БНМАУ гэдэг нэрийг Монгол Улс болгон өөрчилж, төрийн сүлдэндээ алтан соёмбоо буцаан залсан санагдана. Нөгөө муу хэлээд байдаг “модон морин” дээрээ соёмбо үсгээ мордуулаад…
Гэвч одоо тэр нь ч үгүй болж байх шиг байна. МАХН нэрээ солиод зогсохгүй төрийн билэгдэл болсон туг, сүлдийг маань хүртэл өөртөө хураан авав. Энэ өдрөөс эхлэн хуучин МАХН-ын улаан сарнайтай туган дээр алтан соёмбо залрах боллоо. Нэг үгээр хэлбэл МАХН шинэчлэл нэрийн дор өмнөх түүхийн өнгөтэй өөдтэй бүхнийг хамж аваад өөртөө нааж байна. Чингисийн цагаан туг, хувьсгалын улаан туг, мөнх хөх тэнгэрийг билэгдсэн төрийн далбааны хөх өнгө, Монголын төрийн өнгөтэй өөдтэй бүхнийг эзэндээ зохиогүй хямдхан гоёл шиг шавааралдуулан намынхаа туг билэгдэлд нааж орхив. Хуучин МАХН-аас үлдсэн ганц нь улаан сарнай. Түүнийг социртернийн гишүүнээс хөөгдөхгүйн тулд арга буюу авч үлдсэн гэнэ.
Ийм нэг хуучин юм уу гэхэд шинэ, шинэ юм уу гэхэд хуучин нам Монголын улс төрд мэндэлж, хулгайч юм уу гэтэл хаалгаар орж ирээд, хоймор гараад суучихлаа. Одоо яах вэ…
Б.СЭМҮҮН