Интернэт тооллогын онлайн лавлах ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.07-нд нийтлэгдсэн

Интернэт тооллогын онлайн лавлах ажиллаж байна

Хүн ам, орон сууцны тооллогоор гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудыг хамруулах ажлыг Статистикийн хороо зохион байгуулж буй. www.toollogo2010.mn сайтад гадаадад байгаа монголчуудыг тоолж байгаа ба тооллогын талаар тус газрын мэдээлэл боловсруулалт, технологийн газрын орлогч дарга Л.Мягмарсүрэнгээс тодрууллаа.

-Интернет тооллогын явц ямар байгаа бол. Иргэд хэр идэвхтэй оролцож байна вэ?
-Интернет тооллого өнгөрсөн сарын 10-наас эхэлсэн. Энэ сарын 17-нийг дуустал үргэлжлэх юм. Эхэн үед цоо шинээр хийж буй ажилд бага зэргийн саад бэрхшээл тулгарч техникийн асуудал үүссэн ч бид шийдвэрлэсэн байгаа. Сүүлийн үед гадаадад байгаа иргэд маань тооллогодоо хамрагдахдаа идэвхтэй болж байна.

-Одоогийн байдлаар хэдэн хүн интернет тооллогод бүртгүүлээд байна вэ?

-Энэ талаар одоогийн байдлаар хэлэх боломжгүй юм. Бид Гадаад Харилцааны Яамаар дамжуулан Монгол Улсын дипломат төлөөлөгч байгаа бүх улс оронд тооллогод хамрагдах тухай мэдээлэл, сурталчилгааг хүргэж буй.  Албан бус тоогоор 200 мянган орчим монголчууд гадаад улсад ажиллаж амьдарч байна гэсэн тоо бий. Бүх иргэдээ энэ тооллогод хамруулахыг зорьж байна.

-Интернет тооллогын онлайн лавлах ажиллуулж байгаа, голдуу гадаадад байгаа хүмүүс хандаж байгаа болов уу?

-Тийм ээ, toollogo_2010@yahoo.com онлайн лавлах, 121 лавлах утас Улаанбаатарын цагаар 09-02 цагийн хооронд ажиллаж байгаа. Онлайн лавлахад интернет тооллогод хамрагдах гэхээр ямар нэгэн асуудал үүсч байгаа иргэд их холбогддог. Бид тэдэнд тооллогод хэрхэн хамрагдах тухай зааж зөвлөж байна. Өдөрт 300 орчим хүн онлайн лавлахаар үйлчлүүлдэг.

-Тэдгээр иргэдэд голдуу ямар асуудал тулгарч байна вэ?

-Ерөнхийдөө регистрийн дугаартай холбоотой асуудал гарч байна. Гадаад паспортоо аваад явчихсан болохоор регистрийнхээ өмнө нь байдаг хоёр крилл үсгийг ямар үсэг вэ гэдгийг мэдэхгүй байх ч юм уу. Ийм тохиолдолд хоёр хувилбар байгаа бол хоёр удаа оруулж үз гэсэн зөвлөгөө өгч байгаа. Мөн ар гэрийнхнээсээ энэ талаар лавлаж болно шүү дээ.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж