Арваннэгдүгээр сарын 7

Хуучирсан мэдээ: 2010.11.07-нд нийтлэгдсэн

Арваннэгдүгээр сарын 7

Арваннэгдүгээр сарын 7-ны баяр

Бангладешийн Хувьсгал ба эв санааны нэгдлийн өдөр

Бангладешийн энэ баярыг 1975 оны үйл явдалд зориулжээ. Зүүн өмнөд Азийн хүн ам шигүү улс Ганг ба Брахмапутра мөрний Бенгалын булангийн цутгаланд оршдог.

Коста-Рикийн Үндсэн хуулийн өдөр (1949)

Тунисийн өдөр

Октябрийн хувьсгалын өдөр

Хуучин Зөвлөлтийн гол баяр, социалист орнуудад тэмдэглэж байсан 1917 оны Октябрийн хувьсгалын энэ өдрийг одоо зөвхөн Белорусьт албан ёсоор тэмдэглэдэг.

Өдрийн ишлэл

“Өөрсдийн гол зовлондоо өөрөөсөө бусдыг, бурхныг, хувь заяагаа гээд буруутгах зүйл хүмүүст мундахгүй их”

(Флоренцийн Платоны Академийн хувилбараар эртний Грекийн суут гүн ухаантан Платон МЭӨ 428 оны арваннэгдүгээр сарын 7-нд төржээ. (энэ он сарыг  Марсилио Фичино, Marsilio Ficino тогтоожээ.))

Платон. Боржин цээж баримлын Итали хуулбар. Нэр нь үл мэдэгдэх барималч, Капитолийн музей

Залуудаа шүлэг бичдэг байсан тэрээх нэг удаа эмгэнэлт жүжиг бичээд театр хүргэхээр явах замдаа Сократтай уулзаж ярилцжээ. Үүнийхээ дараа бичсэн жүжгээ шатааж хаяад гүн ухааныг судлах болсон гэнэ.

Бусад ишлэлээс: “Тэнэг хүнийг доорх шинжээр тогтоож болно. Тэрээр өөртөө хэрэггүй зүйлийг асуудаг ба бусдад хэрэггүй зүйлийг ярьдаг”

“Сэтгэл нь бие махбодийнхаа буруугаар хуурдаг”

“Нийтийн болон хувийн амьдралдаа хүн бүр өөрөө өөртэйгөө дайтаж байдаг”

“Захирагчийн үүрэг бол захирагдагч нараа сайн хүмүүс болгох явдал”

Үйл явдал

Л.Д.Троцкий төржээ

1879 он: Украины Херсон губернийн Елизаветградын Яновка тосгонд Оросын хувьсгалт хөдөлгөөний удирдагч нарын нэг ба Октябрийн хувьсгалын зэвсэгт бослогыг зохион байгуулагч Л.Д.Троцкий төржээ. Зөвлөлт засгийн ялалтын дараа Гадаад хэргийн ардын комиссар ба Улсын хувьсгалт цэргийн зөвлөлийн дарга, Цэргийн хэргийн ардын комиссар байв. Тэрээр Улаан армийг байгуулагчдын нэг юм. Лениний үхлийн дараа тэрээр Сталины эсрэг сөрөг хүчин байгаад намаасаа хөөгдөж, гадаадад цөлөгдсөн байлаа. 1940 онд Сталины тушаалаар Мексикт алагджээ.

Токиод Зорге дүүжлүүлэв

1944 он: Хүн төрөлхтний түүхэн дэх агуу тагнуулч гэж олон хүний үздэг 49 настай Рихард Зоргег Токио хотноо дүүжилжээ. Хагас герман, хагас орос цустай Зорге дэлхийн  I дайнд Германы талд байлдаж байв. Гэвч 1924 онд тэрээр коммунист үзэлд автан Москвад иржээ. Таван жилийн дараа тэрээр тагнуулын сургууль төгсөөд Германд эргэн очиж Нацианаль социалист намд нь элссэн байна. 1933 онд Зоргег Германы сэтгүүлч гэж Токиод илгээсэн байлаа. Тэнд тэрээр амжилтай тагнуул хийж “Барбаросс” төлөвлөгөөний тухай болон Герман Зөвлөлтөд довтлох өдрийг яг мэдээлсэн гэдэг. 1941 оны сүүлчээр Япон Зөвлөлтөд довтлохгүй гэсэн мэдээллийнх нь дагуу Сибирийн дивизүүдийг Москвад татан  хамгаалах боломжийг Зөвлөлтийн командлал ашиглажээ. Японы сөрөг тагнуулын алба  түүнийг Германы абверийн туршуул гэж үзэж байсан бөгөөд түүнийг барьсныхаа дараа Зөвлөлтийн тагнуул гэж мэдээд “шок”-онд орсон гэдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж