Н.Алтанхуяг, Д.Батбаяр нар тойрогтоо ажиллав

Хуучирсан мэдээ: 2010.11.07-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг, Д.Батбаяр нар тойрогтоо ажиллав

УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Кекүшюзан Д.Батбаяр нар өнгөрсөн амралтын өдрүүдээр тойрогтоо ажиллав. Тэд СХД-ийн нэгдүгээр хорооллын 8, 9 дүгээр байрны дунд орчин үеийн биеийн тамир спортын талбай, 19, 20 дугаар байрны дунд спортын талбай, 42 дугаар сургуулийн гадна биеийн тамир спортын талбай хүлээлгэж өгсөн нь тойрогтоо хүлээлгэн өгч байгаа 15 дахь биеийн тамирын талбай гэнэ. 42 дугаар сургуулийн хувьд өөрсдийн гэсэн биеийн тамирын талбай байхгүйгээс хичээл хийхэд хүндрэлтэй, ойролцоох сургуулиудын биеийн тамирын заалыг гуйж хичээл явуулдаг байжээ. Тиймээс тойргоосоо сонгогдсон хоёр гишүүнд хандсанаар өнөөдөр сурагчид биеийн тамирын талбайтай болж, тэдний хувьд бас нэгэн баярын өдөр болсон юм. 15 дахь сагсан бөмбөгийнхөө талбайг хүлээлэж өгсөн гишүүд тус сургууль дээр иргэдтэй уулзсан нь тэдний тойрогтоо хийсэн 13 дахь уулзалт болжээ.  
СХД-ээс сонгогдсон хоёр гишүүн гурван долоо хоногийн турш амралтын өдрүүдээрээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, сонгогчидтойгоо уулзаж санал бодлыг нь сонсохын зэрэгцээ төр засгийн түвшинд хийсэн ажлаа тайлбарлан таниулж явсан юм. Дүүргийн иргэд ч хоёр гишүүний хийсэн ажилд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэн цаашид улам их зүйл хийхийг хүсэн сэтгэлийн бэлэг гардуулж, зарим нэг нь төр засгийн түвшинд хийх ажилд нь ч санаа оноогоо хэлсэн байна. Ахмадууд өөрийн хороонд гишүүдээр хийлгэх ажлынхаа зураг төсвийг гаргаснаа өгч, тэднийг илүү харж үзэх тал дээр анхаараач ээ гэдэг хүсэлтийг ч тавьсан юм. СХД-ийн нэгдүгээр хороо хүн амынхаа тоогоор бусад дүүргүүдийнхээс хэд дахин илүү, шилжин ирж суурьшигчид ихтэй учир жилд 1-2 хороогоор нэмэгдэж байдаг аж. Өнөөдрийн байдлаар 250 гаруй мянган хүн амтай. Тиймээс унаа, гэрэл цахилгаан, зам тээврийн асуудал нэлээд хүндрэлтэй асуудлын нэг байдаг тухай иргэд гомдоллож  байлаа. Тус дүүргийн зарим хороодыг цахилгаан эрчим хүчинд холбох, хүчдлийг нь нэмэхэд тойргоос сонгогдсон гишүүд нь хамтарч дөрвөн тэрбум төгрөгийг шийдүүлсэн ч захын хорооллын айлууд мөн л гэрэл цахилгааны бэрхшээлтэй учирсаар байгаа гэнэ. Ардчилсан намаас сонгогдсон хоёр гишүүний хувьд тойргийнхоо оршин суугчдын ая тухтай амар тайван байдал, хүүхдүүдийн эрүүл өсөх орчин, бие бялдрын хөгжилд илүү анхаарч ажиллаж байгаагаа энэ үеэр хэлж байлаа.
Дашрамд дурдахад Н.Алтанхуяг, Кекшүзан Д.Батбаяр нарын хувьд тойрогтоо хийсэн хөрөнгө оруулалтаараа УИХ-д сонгогдсон 76 гишүүнээ тэргүүлж яваа бөгөөд эрхэм гишүүд тойрогт хуваарилсан өөрсдийн тэрбум төгрөгөөс гадна хамтран ажилладаг гадны байгууллагуудын  хөрөнгө оруулалтаар хийсэн ажил ч нэлээд бий аж. Тэд өнгөрсөн жил СХД-т 30 ажил хийсэн бол энэ жил 40-өөд ажил хийж тэр дундаа захын хорооллын гэрэлтүүлэг, зам,  жалган дээгүүр тавьсан гүүрэн гарц, зарим захын хорооллын сургуульд хийсэн дотор 00, гэр хороолол дундах хүүхэд залуучуудын биеийн тамир спортын талбай зэргийг хийсэн нь сонгогчдын талархлыг хүлээж буй аж. Харин Н.Алтанхуяг гишүүний хувьд Ардчилсан намын даргын хувиар, Тэргүүн шадар сайд болон УИХ-ын гишүүний хувиар хүмүүсийг хүлээж авч уулзсан нь түүнийг хамгийн олон хүн хүлээж авч уулзсан, санал хүсэлтийг нь сонсож шийдвэрлэсэн гишүүний тоонд оруулжээ.

И.Цэвэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж