”Дөрвөн сар цэргийн алба хаасан”

Хуучирсан мэдээ: 2010.11.06-нд нийтлэгдсэн

”Дөрвөн сар цэргийн алба хаасан”

МҮОНТ-ээр гарч үзэгчдийг байлдан дагуулж байгаа “Тусгай салаа” олон ангит киноны Сүлдийн дүрд тоглосон жүжигчин А.Алтанхуягтай уулзлаа.

-Таныг Сүлдийн дүрээр хүмүүс андахгүй болсон. Харин өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг А.Алтанхуяг гэдэг. 2008 онд СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн. Төгсөөд МҮОНТ-д хөтлөгч, найруулагчаар ажиллаж байгаад “Тусгай салаа” киноноос өмнө гараад чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна.

-“Тусгай салаа” киноны зураг авалт эхэлж байсан үеийг эргэн дурсаач

-Цэрэг татлагаар киноны зураг авалт эхлэх ёстой байсан болохоор шинэ цэргүүд очихоос  тав хоногийн өмнө бид очиж байрлаад цэргийн амьдралтай танилцаж судалсан.  Цэрэг татлага эхлэхэд ангидаа бэлэн байж байгаад шууд зурганд орсон. Ингээд таван сарын эхээр цэрэг татлагатай зэрэг мотор эхлэн кинондоо орсон. Зураг авалт эхэлсэн ч  хотод ээж аавтайгаа авахуулах кадрууд байсан. Үүнийгээ дуусгаад хоёр хоногийн дараа үсээ хусуулаад л цэргийн амьдрал эхэлсэн дээ.

-Үсээ хусуулаад цэргийн амьдралд ороход ямар санагдаж байсан бэ?

-Бид өөрсдөө үүнийг тэр бүр төсөөлөхгүй байсан. Цэргийн дүрд тоглох гэж байгаа хэдэн жүжигчин гэж өөрсдийгөө ойлгож байсан. Цэргийн хувцас өмсөөд мөрдөс зүүгээд, бакал, малгайг нь өмссөн л бол тэндхийн цэрэг байх ёстой. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг шиг. Тэнд бид нар жүжигчид гээд талбайгаар нь хамаагүй сэлгүүцэж алхах  хориотой, офицер, ахлагч нарт нь загнуулах ч үе байсан. Тэндээс л бид нар үүнийг дагаж мөрдөх ёстой юм байна гээд жинхэнэ цэрэгжилтэд орж эхэлсэн дээ. Хооллох үедээ цэргийн хоолонд хамт , жагсаж дуу хоршуулж дуулах гээд л жинхэнэ цэрэгжилтэд орж, ерөнхийдөө дөрвөн сар цэргийн амьдралаар амьдарч энэ кинондоо тоглосон.

-Эр хүн бүр 18 нас хүрээд цэргийн зарлан дуудах хуудас авдаг. Анх зарлан авч байсан үеэ эргэн дурсвал?

-Би арван жилээ 16-тай төгссөн. Намайг хоёрдугаар курст 18 хүрч байхад анх цэргийн зарлан ирээд оюутан байсан болохоор яваагүй. Сургуулиа төгссөний дараа цэргийн зарлан ирсэн ч тухайн үед МҮОНТ-д ажиллаж байгаад Монгол улсын баатар Лувсанцэрэнгийн Аюушийн тухай баримтат киноны гол дүрд тоглож байсан. Тэгээд цэргийн штабын дарга нар нь “чи чинь Үндэсний телевизэд ажилладаг манай баатрын дүрд тоглосон байна лээ, баярлалаа. За телевиздээ ажилла даа” гээд намайг цэргээс чөлөөлж байсан. Анх цэргийн зарлан авч очоод эрүүл мэндийн үзлэгт орж байсан ч хараагаараа тэнцээгүй. Би чинь цэргийн амьдралыг олонх залуучуудын адил зодууртай, хүнд хатуу гэж буруугаар боддог байсан бол энэ кинонд тоглоод ямар хатуужилтай болох вэ? Цэргийн алба хаагаад амьдрал дээр яаж хүмүүжил олж, хүний үг дааж, ажлыг яаж  хийн ард нь гарч сурах вэ гээд өөрт маш их хэрэгтэй зүйлсийг сурч, жинхэнэ хатуужаад эр хүн болж гарч ирдэг. Мөн цаагуураа баян байгальтай монгол орноо нэгхэн жил ч гэсэн хамгаалаад ирэх нь нэр төртэй алба юм аа гэдгийг ойлголоо. Одоо бол миний бодол огт өөр болсон.

-Та нэг ярилцлагадаа “аав ээжүүдэд хандаад хэлэхэд хүүхдүүдээ цэргийн алба хаалгаарай гэж хэлмээр байна” гэсэн байсан. Тэгвэл та өнөөдөр цэргийн алба хаахад бэлэн үү?

-Би бэлэн. Яагаад гэвэл би 013-р ангидаа очиж цэргийн алба хаана. Тэнд манай онжавууд ч байгаа. “Тусгай салаа” кинонд тоглосны дараа бид нарыг Зэвсэгт хүчний жанжин штабаас “Эх орны төлөө гурав” гээд маш том одонгоор шагнасан. Тэр шагнал бол ерөнхийдөө Батлан хамгаалах яамнаас Монголын хүүхэд залуучуудад эх оронч сэтгэлгээг бий болгосон, тус кинонд бие сэтгэлээ оролцуулсан гээд хувь нэмрийг маань үнэлээд энэхүү одонгоор шагнасан. Бид цэргийн алба хаагаагүй ч уран бүтээлээрээ, хийсэн ажлаараа цэргийн албыг хаачхаж байгаа юм болов уу? Бид нарын чадах зүйл бол ард түмэнд урлагаар дамжуулж зөв сэтгэлгээ бий болгох. Энэ бол миний хувьд амжилт гэж бодож байгаа. Цэрэг татлагын хувьд залуучууд маань кино гарснаас хойш арван хүнээс нэг нь явдаг байсан бол одоо гурван хүнээс нэг нь явдаг болсон гээд том үзүүлэлт гарсан байгаа. Эх оронд тулгамдсан асуудал гарах юм бол хэзээд нэг номерт гараад зүтгэнэ.

-Сүлдийн дүрийг хэрхэн бүтээсэн бэ?

-Сүлдийн дүрийн үзсэн зарим хүн, жишээ нь, цэргийн албыг урьд нь гурван жил хаасан хүмүүс энэ ямар даварчихсан бацаан бэ, арай эрх юм аа, болдог бол цохиод авчих юмсан гэх мэтчилэн янз янзаар хүлээж авсан байна билээ. Сүлдийн дүр бол амьдрал ч үзээгүй, баян айлын эрх хүүхэд. Амьдралд ямар ч хүнд бүх зүйл нь бэлэн байхаар утгагүй, зорилгогүй болж эхэлдэг юм болов уу. Энэ бүхнийг би өөрийнхөө бодлоор дүр дээрээ судлан ажилласан. Сүлд ийм юм байна, ээж нь ингэж ханддаг юм байна. Тэгэхээр ийм зантай байх нь аргагүй гээд судалсны үндсэн дээр иймэрхүү зан ааштай байх болов уу гэж тоглосон. Сүлдийн дүрийн хувьд миний амьдралаас тэс өөр. Сүлдэд амьдрал дээр бүх юм нь бэлэн байдаг бол миний хувьд ямар ч бэлэн зүйл байгаагүй. Би өөрийнхөө хүчээр одоохондоо өөрийгөө болгож яваа залуу хүн.

-Сүлдийн дүр киноныхоо анги бүр дээр сайн тал руу гаа эргээд, цэргийн алба түүнийг өөрчилдөг шүү дээ.

-Энэ бол Сүлдийг албан хүчээр өөрчлөөд байгаа юм ерөөсөө биш. Олон эрчүүд дунд орсон хүн ямар гоё төлөвшдөгийг тэнд би өөрөө мэдэрсэн. Анх цэрэгт ирж байгаа хүмүүс янз бүрийн ааш араншин, үзэл бодолтой байдаг. Сүлд шиг биш хирнээ аймшигтай их зантай эсвэл өмнө нь найз нөхдөө дээрэлхдэг атаман ч юм уу, бүүр эсрэгээрээ сул дорой ч юм уу тийм янз бүрийн давхаргаас цэргүүд очдог. Цэрэгт очоод бүгд нэг голдрилд орж эхэлдэг. Бүгд нэг хоолонд хамтдаа орж, зэрэг захны даавуугаа угааж, индүүдэн, хаддаг. Бүх зовлон  жаргал яг нэг болдог. Арван жилийн хүүхдүүд бол бие биеэсээ ялгараад найзлаад явчихдаг шүү дээ. Нэг цэрэг тушаал зөрчих ч юм уу хариуцлага алдахад ганцаараа шийтгүүлдэггүй салаагаараа хамтдаа үүрдэг болохоор бүх цэргийн зүрх нэг зүгт цохилон цэргийн амьдрал өрнөдөг. Тиймдээ ч Сүлдийн дүр яваандаа жинхэнэ эр хүн болдог.

-Зураг авалтын явцад шантрах үе байсан уу? Аль хэсгийн зураг авалт хамгийн хэцүү байсан бэ? Газын баг өмсөөд хөлөртлөө гүйх амаргүй байсан байх даа.

-Газын баг өмсөөд гүйдэг хэсэг дээр ухаан алдаж уначих гээд л байсан шүү. Тэр хэсгийн зураг авалт амаргүй байсан л даа. Нэгэнт л зураг эхлээд гүйж байхад би амьсгалж болохгүй байна гээд авч болохгүй бусад нөхдөө ч гэсэн бодоод хорлохгүйн тулд их хичээсэн. Төгсгөлийн ангиуд дээр гардаг марш тактикийн зургууд хамгийн хэцүү мөртлөө хамгийн их сэтгэл огшоосон, бахархууштай, цэргийн гоё сайхан тэндээ л оршдог юм шиг санагдсан. Цэргийн иж бүрэн хуяг дуулгыг өмсөхөд нийтдээ 30 гаруй килограмм жинтэй зүйлсийг биеэндээ үүрдэг. Буу л гэхэд дангаараа дөрвөн килограмм, бууны хоёр ширхэг магазин, майхан цув гээд хээр гаран хаа ч очиход байлдааны цэг дээр очиход өөрийгөө долоо хоног аваад явах бүх хэрэгсэлтэйгээ уралддаг юм байна лээ. Марш тактикийн тэмцээн бол зүгээр нэг уралдаан биш. “Бага зовлонт”, “их зовлонт” гээд хоёр уулаар гарч байх замдаа олон саад тотгорыг давна. Тэр ч бүү хэл хоёр уулын хооронд татсан тороосоор дамжиж хүртэл гарч байсан. Эр хүн л давна гэсэн даваануудтай байсан. Гүйлтийн зураг авахад холын замд дахин дахин гүйгээд л. Тухайн үед янз бүрээр авахад хэцүү их ядарч байсан ч бас хамгийн гоё байсан.

-Энэ кино бусад олон ангит киноноос юугаараа онцлог байв аа?

-Цэргийн кино гэдэг утгаараа киноны онцлог нь “Хэцүү анги” ч юм уу өөр олон ангит уран бүтээлүүдийг ажиглаад байхад байшин дотор бие биетэйгээ харьцдаг зураг авалтууд байсан бол манайх бол байнга массаараа олуулаа алхаж, гүйсэн зураг ихтэй. Хэдийгээр зураг авалт ч тушаал өгөх хүн байхгүй бол хоёр гурван цагаар номхон зогсоод л зургаа хүлээдэг байсан.

-Кинонд танай салаанд тус ангийн шилэгдмэл цэргүүд тоглосон уу?

-Анх бид нар салаандаа цэргүүд пробонд авъя гэж ярьж байсан ч тухайн үед зураг авалт эхлээд амжаагүй. Мөн тэр бүр үсээ хусуулах залуу ховор байсан. Тэр үед пробонд авсан гурван цэрэг оруулсан. Бусад нь нэгдүгээр ротын нэгдүгээр салааны цэргүүд л байсан. Энгийн цэргүүд анхандаа зураг авалт ойлгохгүй их сандарч байсан. Сүүлдээ кино дуусах үед бараг л мэргэжлийн жүжигчид болчихсон одоо ийм хэсэг шүү гээд хэлэхэд л цаана нь жүжиглээд л эхэлдэг байлаа. Тэр цэргүүд болон тэдний ар гэрийхэнд мэнд хүргэн бас баярлалаа гэж хэлье.

-Гол дүрийн дөрвөн бүсгүйгээс хэний дүр чамд таалагдсан бэ?

-/инээв/Номингийн дүрийн хувьд ярьсан болгонд итгээд юманд ул суурьтай хандаж чаддаггүй гэнэн талдаа. Туяа болохоор хэтэрхий галзуу ч юм уу. Гол дүрийн дөрвөн бүсгүйгээс миний хувьд таалагдана даа гэсэн тийм зан ааштай дүр байгаагүй ээ.

-Чамд ямар эмэгтэй таалагддаг вэ?

-Надад хар буруу санаагүй, ярьж хэлж байгаа нь цаанаа л нэг өхөөрдөм, гэнэндүү мөртлөө, ухаангүй биш. /инээв/ Би нэг тийм охинд дурлаж байсан л даа. Гэхдээ тэрнээсээ  салчихсан. Эмэгтэйлэг, хүнийг сэтгэлээр нь гоё дүгнэж харьцдаг даруухан биш мөртлөө ухаалаг яриатай охидууд таалагддаг.

-Кинонд тоглохын өмнөх Алтанхуяг, өнөөдрийн Алтанхуяг хоёрын хооронд ямар ялгаа гарсан бэ?

-Жүжигчин хүнийхээ хувьд туршлага хуримтлуулж авсан. Олон ангит уран бүтээлийн зовлог жаргалаас хуваалцаж, дүр дээр ажиллах тал дээр өөртөө хуримтлал, мэдлэг бий болголоо. Хувь хүнийхээ хувьд эр хүн ямар зүйлүүдийг үзэж туулах хэрэгтэй вэ, хүний үг даах, ажлын ард гарах гэдэг зүйлийг арай илүү ойлгож авсан болов уу гэж бодож байна.
-Магтаал, шүүмжлэл хэр их ирэв?
-Хүмүүс магтахын хажуугаар зөвлөгөө их өгч байсан л даа. За чи битгий биеэ тоогоорой гээд л. Хүн чинь урмаар амьдардаг шүү дээ. Урмын үг хэлж байсан хүмүүстээ маш их баярлалаа. Шүүмжлэлтэй хандсан хүмүүс ч байсан. Хүн л юм чинь алдалгүй яахав. Уран бүтээл наанатай цаанатай байдаг. Чадлынхаа хэрээр хийсэн юмаа.

-Найз охингүй гэсэн шүү дээ. Охидуудын хайрын мэссэжинд хир их дарагдаж байна?

-Миний утсыг хүмүүс тэр бүр мэддэггүй ээ. Тэр тал дээр хүнээр олуулах биш өөрөө олбол их сонирхолтой санагддаг. Хэрвээ би өөрөө хайж яваад таалагдсан хүнээ олбол илүү сонирхолтой юм уу. Гоё, таалагдах эмэгтэй байх юм бол хурдан суугаад хүүхэдтэй болох юмсан гэж бодож байгаа. /инээв/

-Энэ кинонд том багтай хамтран ажилласан шүү дээ.

-Хамтран ажилласан баг хамт олноороо маш их бахархаж байгаа. Манай арын албанд МҮОНТ-ийн үнэхээр гоё баг цугларч чадсан. Бүгд нийлээд яг нэг багш болж чадсан. Арын албаныхан өдөр шөнө, нойр хоолгүй ажилладаг хүмүүс байдаг. Өнөөдөр би зургаа авахуулчихаад амарч байхад тэд ажиллаж л байдаг. Тийм болохоор тэр хүмүүс ядаргаанд ортлоо хөлсөө дуслуулж хийсэн дээ. Киноны зураг авалтын үеэр халуун наранд олон цаг зогсон жагсаад зурганд орж байхдаа би “Ёстой хөлсөө дуслуулж хийж байна даа” гэж маазарч ярьж байсан. Ёстой  хөлсөө дуслуулж хийсэн дээ. Арын албаныхан болон кинонд хамтран ажилласан багтаа маш их баярлалаа. Бас зохиолч Амарсайхан ахдаа “Та минь амьдралд ойрхон маш сайхан зохиол бичжээ. Танд их баярлалаа. Зохиол сайхан байсан учраас Сүлд гэж дүр ингэж гоё гарсан шүү” гэж хэлмээр байна.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Киноны уран бүтээл маань ерөнхийдөө дуусч байна. Олон газраас ажлын санал ирж байгаа. Одоо удахгүй шинэ жил болно. Хэрвээ шинэ жилээ яаж хийх вэ, ямар хүмүүсээр зохион байгуулж хийлгэх вэ гээд шийдэж амжаагүй албан байгууллага  байгаа бол Дэндэв буюу жүжигчин Эрдэнэбаяр бид хоёр шинэ жилийг хөтөлж, бүх зүйлийг нь гардан хийх болно оо. Энэ жил анх удаа хийж байгаа биш. Өнгөрсөн жилүүдэд шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулсан туршлагатай. Бидэнтэй холбоо барьж болно.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж