Монголын тагнуулын дарга хоригджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.06-нд нийтлэгдсэн

Монголын тагнуулын дарга хоригджээ

Их Британид албан
ёсны айлчлал хийж байсан тагнуулын байгууллагын дээгүүр албан тушаалтан хүн
хулгайлсан хэргээр баривчлагджээ гэж Их Британийн “The Independent” сонинд Cahal Milmo бичжээ.

Монголын тагнуулын
байгууллагын дээгүүр албан тушаалтан Аэрофлотын онгоцноос буун Хитроу нисох
онгоцны буудалд хэдэн долоо хоногийн өмнө хөл тавихдаа гадаадын нэр хүндтэй
хүний хувиар айлчилж, Британийн засгийн газартай тагнуулын шинэ эринд хамтран
ажиллах талаар дээгүүр хэмжээний уулзалт хийх бодолтой байсан. Тэгээд ч түүний
айлчлалд түүнийг Даунинг Гудамжин дахь Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөхтэй
уулзах урилга багтаж байсан юм.

Гэвч Хитроугийн ВИП лаунжаар түүнийг угтаж Whitehall-руу хүргэхийн оронд Монголын Үндэсний Аюулгүй Байдлын
Зөвлөлийн гүйцэтгэх дарга, түүнчлэн тус улсын тусгай албыг нэгэн цагт тэргүүлж
байсан түүнийг Скотланд Яардын зэвсэглэсэн мөрдөн байцаагчид угтсан бөгөөд
түүнийг баривчлах олон улсын варрант (warrant буюу баривчлах зөвшөөрөл) үзүүлэн баривчилжээ.

Батын Хурц Монголын тагнуулын байгууллагын хамгийн дээд
албан тушаалтан бөгөөд одоо Лондон хотын Вандсвортын шоронд түүнийг гадаадруу шилжүүлэн
өгөх (экстрадит) асуудлыг хүлээн шаналж сууна. Энэ бол одоогоос долоон
жилийн өмнө Францын боомт хотод МакДоналдсын машины зогсоол дээрээс хүн
хулгайлан, хил давуулсан явдлын ер бусын өрнөл бөгөөд тэр явдлаас хойш дипломат
үйл ойлголцол, маргаан дэгдээд байсан юм.

Хурцыг дүрвэгчийг мансууруулж, хууль бусаар хил давуулан
авч явсан бөгөөд сүүлд нь түүнийг Монголын шоронд тамласан хэрэгт буруутган
баривчилсан байна. “The Independent” сонины олж авсан бичиг баримтаас үзвэл ноён Хурцын
өмгөөлөгч нар Их Британийн Гадаад Хэргийн Яамыг (Foreign Office) “дипломат эрх ямбыг үл ойшоон” гурван
хүүхдийн эцэг Монгол албан хаагчийг баривчилллаа гэж буруутгаж байгаа ажээ.

Шүүхийн бичиг баримтаас үзвэл Их Британийн Гадаад Яам
Хурцыг ирэхээс өмнө Их Британийн Онц Ноцтой, Зохион Байгуулалттай Гэмт Хэрэгтэй
Тэмцэх Агентлагтай (Serious and Organised Crime Agency буюу Soca) холбоо
барин ноён Хурцын ирэх өдөр, хугацааг мэдээлсэн байсан бөгөөд ингэснээр түүнийг
Европын баривчлах варрантын дагуу баривчлахад тусалсан байна.

Мэдээж Монголын тагнуулын албаны даргыг угтан авсан
байдал нь өнгөрсөн оны 11 сард түүнийг томилж байх үед түүнийг Британийн Гадаад
Яам хоёр улсын тусгай албадын хооронд “харилцаа холбоо үүсгэж” чадах хамгийн зөв
хүн үзэж байснаас өөр байсан. Монгол улсыг гео-политикын шаварт шигдсэн улс гэж
үзэх явдал уламжлал юм шиг байсан ч Лондон болон Вашингтон түүнийг улам бүр
илүү чухал түнш болж байна үзэх болсон бөгөөд үүнд дан ганц тус улс Орос,
Хятадын хооронд байрладаг нь нөлөөлөөгүй. Монголын тусгай албатай илүү ойр
дотно харилцаа холбоо тогтоох боломжийг Британийн дипломатууд болон тагнуулын
албаныхан шүүрч авсан.

Энэ долоо хоногт Дээд Шүүхэд танилцуулан Хурцыг батлан
даалтанд гаргах гээд бүтэлгүйтсэн бичиг баримтуудаас үзвэл Их Британийн Гадаад
Хэргийн Яамны (FCO) дээгүүр албан тушаалтан Монголын
Элчин Сайдтай наймдугаар сарын 31-нд Лондонд уулзах үедээ ноён Хурцыг Их
Британийн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөх Сэр Петер Рикеттстей уулзуулж болох
юм гэж санал болгосон байна. Энэ нь Монголын тагнуулын дээгүүр албаны дарга Их
Британид ирэхээс гурван долоо хоногийн өмнө болсон уулзалт юм. Эдгээр бичиг
баримтуудад мөн Улаанбаатар хотод байгаа Британийн Элчин Сайд Уиллиам Диксон
ноён Хурцыг Whitehall-д
хийх уулзалтанд туслалцаа үзүүлэх санал тавьж байсан гэж өгүүлжээ.

 

Эдгээр баримт бичгүүдэд ноён Диксон 9 сарын 6-нд
Улаанбаатарт Хурцын айлчлалын талаар уулзсаны дараа, маргааш нь Их Британийн
Гадаад Хэргийн Яам Soca-гийн агентуудтай холбоо
барин ноён Хурцыг Их Британируу айлчлан ирэх гэж байгаа талаар мэдэгдсэн бөгөөд
түүний Монголоос Их Британид айлчлах аялалын дэлгэрэнгүй мэдээллүүдийг
дамжуулсан байна.

“The Independent” сонины үзэж байгаагаар
Британийн Гадаад Хэргийн Яамны Лондон дахь албан тушаалтнууд Хурцын айлчлалын
талаарх анхан шатны тохиролцоог хийсний дараа л түүнийг баривчлах варрант
байгаа талаар мэдсэн бололтой. 

Гэвч энэ хэрэг 1998 онд Чилийн диктатор Аугусто Пиночетыг
1998 онд баривчилсантай төстэй юм. Тагнуулын өмгөөлөгчид түүнийг дипломат
пасспортоор аялж байсан, тиймээс тэр аливаа мөрдөн байцаалт, баривчлагаанд
өртөхгүй байх дархан эрхтэй бөгөөд түүнийг Британийн Засгийн Газрын хоёрдмол
байр суурийн золиос боллоо гэж үзэж байгаа аж.

Дээд Шүүхэд ноён Хурцын өмнөөс гаргасан мэдэгдэлд Хурц “Их
Британыг төлөөлөн Монголд сууж буй албан тушаалтнууд болон Лондон шүүхийн
процессыг хууль бусаар ашиглаж байгаа бөгөөд найрсаг харилцаатай улсын төрийн
төлөөлөгчийн дипломат харилцааны итгэлцлыг буруугаар ашиглан баривчиллаа” гэж
өгүүлжээ.

Монголын нэрт архитекторын хүү ноён Хурцын ийм хүндрэлтэй
нөхцөл байдалд орох шалтгаан нь 2003 оны 5 сарын 14-ний өдрийн 2 цаг 30
минутанд Улаанбаатараас ирсэн дүрвэгч Дамираны Энхбатыг Нормандын Le
Havre боомт дахь МакДоналдсын салбарын гадаа ирж
автомашины зогсоол дээр ирснээс хойш өрнөсөн явдалтай холбоотой.

43 настай байсан Энхбатыг 1998 онд Монголын засгийн
газрын сайд байсан хэрэгтэй холбогдуулан Монголд баривчлахаар эрэн сурвалжилж
байсан бөгөөд тэрээр Францын Caen-д
хуурамч нэрээр, дүрвэгчийн статустайгаар амьдарч байжээ. Тэрээр МакДоналдсын
гадаа ирэхдээ Монголын тэрс үзэлтэн эмэгтэйтэй уулзах гэж байна гэсэн бодолтой
байсан байна.

Гэвч, түүнийг ресторанд ирэх үед, гэрчүүдийн мэдүүлж
байгаагаар, түүнийг цахилгаан бороохойтой дөрвөн Монгол эрэгтэй угтан авч,
түүницг зодож, үснээс нь чирж явсан байна. Түүнийг машинд оруулж ухаангүй
болгон хүлэхээсээ өмнө түүнд ухаан алдуулагч шингэн уулгасан гэж Германы
цагдаагийн байгууллага үзэж байгаа ажээ.

Түүнээс дөрвөн өдрийн дараа хулгайлагдсан хохирогчийг
Францын нутгаар автомашинаар авч яван Брюсселсд байдаг Монголын Консулын газар
аваачсан бөгөөд дараа нь тэндээс Германд хүргэсэн. Тэндээс Берлинээс
Улаанбаатарлуу нисдэг Монголын “Mongolian Airlines” нислэгийн компанийн онгоцоор Улаанбаатарт аваачжээ. Энэ
үйл ажиллагааны үед ноён Хурц автомашиныг жолоодож явж байсан бөгөөд хулгайлах
багийн чухал гишүүн байжээ. Берлины прокурорууд ноён Хурцыг баривчлах Европын
варрантыг 2006 онд гаргасан бөгөөд Хурцыг Хитроу нисэх онгоцны буудал дээр ирэх
үед энэ варрантыг хүчин төгөлдөр болон идэвхжүүлсэн байжээ.

Энхбат өөрийн өмгөөлөгчдөө өөрийг нь Монголын Тагнуулын
Ерөнхий Газрын байцаагч нар тамлаж, толгойд нь тулган, хажууд нь дахин дахин
буу буудаж, сайд алсан гэдгээ хүлээ гэж шахаж, тулгаж байсан байна. (үүнийг тэр үхэн үхтлээ үгүйсгэж байжээ) 2006
онд Энхбатыг шоронгоос сулласан ч тэрээр шоронгоос гараад тав хоногийн
дараа нас баржээ. Түүний гэр бүлийн гишүүний ярьж байгаагаар түүнийг
тамлах явцад олсон шарх сорви, бэртлүүд түүнийг үхэлд хүргэжээ.

Хурцын
өмгөөлөгч нар түүний Монголын тусгай албатай холбоотой байдал нь
түүнийг оргон зайлахад нөлөөлөхгүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд тэд
Монголын дэд ерөнхий сайдын ирүүлсэн захидалд түүнийг оргон
зайлуулахгүй, хэрвээ түүнийг батлан даалтанд гаргавал түүнд цахим зүүлт
өмсгөж, Кенсингтон дахь Монголын Элчин сайдын яамны байранд байрлуулах
болно гэж өгүүлснийг дурдаж байгаа юм.

 

Гэвч мягмар гаригт Дээд Шүүх дээр болсон хурлын үеийн
ноён шүүгч МакКомбе түүнийг тус улсаас оргон зайлах эрсдэлтэй гэж үзсэнтэй
холбоотойгоор одоогийн байдлаар мастер тагнуулч, дипломат төлөөлөгч, хүн
хулгайлагчийг Вандсвортын шоронд хорьж байна.

Их Британийн Гадаад Хэргийн Яамнаас гаргасан мэдэгдэлд “Ноён
Хурцыг Германы шүүхийн байгууллага, албан тушаалтнуудаас гаргасан Европын
баривчлах варрантын дагуу баривчилсан. Түүнийг өөр улсад дамжуулан өгөх
асуудлыг одоогоор шүүхээр хэлэлцэж байгаа тул энэ асуудлаар үүнээс илүү зүйл
хэрэх нь одоогоор зохимжгүй” гэж өгүүлсэн байна. Монголын Элчин Сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч энэ
талаар “хэтэрхий эмзэг асуудал” хэмээгээд тайлбар хэлэхээсээ татгалзсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж