“Үнэн” түүхэнд бичигдлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

“Үнэн” түүхэнд бичигдлээ

“Бостон Селтикс” багийн ахлагч Пол Пирс NBA-ын түүхэнд нэрээ мөнхөлж байна. Тэрбээр өчигдрийн “Милваки Бакс” багийн эсрэг хийсэн тоглолтонд 20 мянган онооны босгыг давжээ. Ингэснээр лигийн түүхэн дэх 36 дахь тоглогч болж байгаа аж.

Нэмэлт цаг сунгасан тоглолтонд “Үнэн” хочит довтлогч 28 онооныхоо 12-г нь нэмэлт цагт авчээ. Тэрбээр тоглолтын баатраар тодорсон бөгөөд цаг дуусахаас 27 секундын өмнө эсрэг багийн бөмбөгийг тасалж, багаа ялагдлаас аварсан.

Пирс Бостоны түүхэн дэх 20 мянган онооны босго давсан гурав дахь тоглогч болсон байна. Түүний өмнө Алдрын танхимын гишүүд болох домогт Жон Хавличек, Ларри Бөрд нар л энэхүү өндөр онооны босгыг давсан.

Өөрийн амжилтын талаар “Үнэхээр гайхалтай мөч. Энэ онооны босгыг давахад үнэхээр хэцүү байсан. Таван жилийн өмнө өөрийгөө 20 мянган онооны босго давна гэж зүүдэлж ч явсангүй” гэжээ.

NBA-ын хамгийн агуу түүхтэй хоёр багийн нэг, лигийн хамгийн олон удаагийн аварга багийн ахлагч Пирс 1998 оны драфтын нэгдүгээр тойргийн 10 дахь сонголтоор “Селтикс”-т ирснээр өдийг хүртэл энэ багтаа хүчин зүтгэж байна. NBA-д тоглох 12 жилийн карьертаа NBA-ын аварга, аваргын цувралын үнэ цэнэтэй тоглогч, найман удаагийн бүх одод, гурван онооны шидэлтийн аварга болж байсан юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж