Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Оберто зодог тайллаа

“Портланд Трэйл Блэйзэрс” багийн төвийн тоглогч Пабрисио Оберто пүрэв гаригт сагсан бөмбөгийн ертөнцийг орхиж байгаагаа мэдэгджээ.

Гэхдээ тэрбээр өөрийн хүслээр биш биеийн байдлаас шалтгаалж, энэхүү шийдвэрт хүрчээ.

Түүний зүрх цаашид ачааллаа дийлэхгүй болсон учраас зургаа дахь жилдээ NBA-д хүчин зүтгэж байгаа Оберто зодог тайлж байгаа юм.. Өвдөгний бэртэлтэй байгаа Жоел Прзубилла, Грег Одэн нарыг орлох үүднээс “Блэйзэрс” ахмад тоглогчийг улирал эхлэхээс яг нэг хоногийн өмнө багтаа элсүүлж байсан билээ.
“Би энэхүү шийдвэрийг өөрийн эрүүл мэнд болоод гэр бүлийнхнийхээ төлөө гаргалаа” гэж тэрбээр хэлсэн байна. “Хэдийгээр энэ маш хүнд шийдвэр байсан ч зөв шийдвэр байсан гэж бодож байна” хэмээжээ.

Оберто 2004 онд Аргентиний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, олимпийн наадмаас алтан медаль хүртэж байсан бөгөөд энэ улиралд “Блэйзэрс”-т таван тоглолтод оролцож, 1,4 оноо, 1,4 самбараас бөмбөг авалтыг дунджилсан. Багийн дасгалжуулагч Макмиллан түүний шийдвэрийг ойлгож, хүндэлж буйгаа илэрхийлсэн байна.

Оберто “Сан Антонио Спөрс” багт дөрвөн жил хүчин зүтгэж, гарааны төвийн тоглогчоор 2007 онд аварга цол хүртэж байсан бол өнгөрсөн жил “Вашингтон Визардс” багийн өмсгөлтэй тоглосон юм.

“Портланд” хэсэг хугацаанд ердөө ганцхан төвийн тоглогчтойгоор тоглоно. Хэдийгээр Жоел Прзубилла бэртлээсээ эргэн ирэх дөхсөн ч дасгалжуулагч Нэйт яаравчлуулахгүй гэсэн байна. Харин Грег Одэны эргэн ирэлт хэзээ вэ гэдэг нь одоог хүртэл тодорхойгүй хэвээр.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж