NBA албан ёсоор Монголд

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

NBA албан ёсоор Монголд

“Боловсрол суваг” телевиз Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар Монголд анх удаагаа NBA-ын үйл ажиллагаанууд албан ёсоор зохиогдохоор болсон.

Үүний хамгийн тод жишээ нь, “Боловсрол суваг” телевиз Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн тоглолтыг анх удаагаа албан ёсоор маргаашнаас шууд дамжуулан үзүүлэх гэж байна. Ингэснээр Монголын сагсан бөмбөг сонирхогчид хүн бүхэн амралтын өдрүүдэд мэргэжлийн өндөр төвшинд бэлтгэсэн шууд нэвтрүүлгийг зөвхөн “Боловсрол суваг” телевизээр үзэх боломжтой болж байна.

Арваннэгдүгээр сарын 6-ны бямба гаригийн өглөө анхны тоглолтоо дамжуулах гэж байна.

Шинэ үеийн “их гурвал” хэмээн нэрийдсэн Леброн Жэймс, Двэйн Уэйд, Крис Бош тэргүүтэй “Майами Хит”-ийг энэ жил аварга цолонд хүрнэ хэмээн олон хүн итгэн найдаж, хүлээж байгаа бол эсрэг бодолтой хэсэг ч цөөнгүй байгаа. Харин энэ асуултын хариултыг бямба гаригийн өглөө 08.00 цагаас эхлэх “Майами Хит” болон “Нью Орлеан Хорнетс” багуудын тоглолтоос олж болох юм.

“Хорнетс” энэ улиралд шинэ дасгалжуулагчтай болж, улмаар гараагаа хожлын цувралаар эхлүүлж байгаа юм. Харин маргааш тэдний хувьд жинхэнэ сорил нь “Майами Хит” болох бөгөөд хүндхэн тоглолт болох нь гарцаагүй. Крис Пол, Дэвид Уэст, Трэвор Ариза гээд олон сайн тоглогчдыг гарааны бүрэлдэхүүндээ багтаасан “Хорнетс” үнэхээр хүчирхэг байна уу эсвэл…

Харин “их гурвал” “Бостон Селтикс”-тэй тун тааруу тоглолт хийснээс хойш дараалсан хожлуудыг байгуулаад байгаа. Тэдний дунд “Орландо Мэжик” гэх сайн баг ч байсан. Харин одоо тэд Өрнөд бүсийн хүчирхэг багтай нүүр тулж, өөрсдийнхөө бас нэг шалгалтыг үзэгчдэд өгөх болно.

Ням гаригт Крис Бошийн хуучин баг “Торонто Рэпторс” Андре Барагнанигаар тэргүүлүүлэн “Портланд Трейл Блейзерс” багийн талбайд зочлох болно. Уг тоглолтыг 10.00 цагаас Монголын үзэгчдэдээ хүргэхээр бэлдэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж