
Улсын драмын театрын хамт олон Валентин Красногорын “Хунгийн дуу” жүжгийг тавьж байна. Насаараа тайзны од байсан жүжигчин эмэгтэйн түүхийг өгүүлсэн уг жүжгийн гол дүрд АЖ Н.Сувд, АЖ Мягмарнаран, Цэрэндагва нартай хамтран тоглосон байна. Цэл залуугаараа театрын од болон гялалзаж, амьд домог болон үлдсэн Анна хэмээх жүжигчин бүсгүй нас ахисан хойноо санамсаргүй тохиолдлоор учирсан өөрийн бас нэгэн шүтэн бишрэгч, математикч эрд сэтгэл алдсанаар амьдрал нь дахин гэрэлтэж, хоромхон зуурын аз жаргал амтлаад бөхөж байгаа тухай уянгын мелодрам. Жүжигт түүний портнёроор тоглож, театрын найруулагчийн дүрийг бүтээсэн АЖ Цэрэндагва бүхий л насаараа Аннаг хайрлаж, хамгийн сайхан дүрүүдийг түүнд зориулж, цөхөрсөндөө өөр хүнтэй гэрлэж, түүнийгээ буцааж ирсэн ч эцэст нь Анна жирийн нэг математикч эрд сэтгэл алдсаныг хүлээн зөвшөөрөхөд хэцүү болно. Бүхэлдээ театр, уран бүтээлчдийн амьдралыг өгүүлсэн энэ жүжгийн төгсгөлд Анна “Хүн хэзээ ч өтөлдөггүй, ухааждаггүй, магадгүй үхдэг ч үгүй байх” гэсэн Ахматовагийн үгнээс иш татсан нь жүжгийн гол санаа болов уу. Цезарын гэргийн дүр бүтээхдээ өмсөн Клеопатрын хувцастай АЖ Н.Сувд яг л жаахан охин шиг гэрэлтэж байсан. Харин найруулагчийн шинээр тавих гэж байгаа жүжигт дүр авахаар шалгуулж байгаа тосгоны охидын дүрийг бүтээсэн УГЖ Урнаа, СТА, жүжигчин Эрдэнэцэцэг нар үзэгчдэд хоромхон зуурын инээд бэлэглээд амжина лээ. Уртаашаа тавхан жижигчин тоглосон энэ “цомхон” жүжиг үзэгчдийг амьдралын сайн сайхан, гэрэл гэгээ рүү дуудсан сайхан уран бүтээл болсныг хэлэх хэрэгтэй болов уу.
Б.ЗАЯА