Д.Дэмбэрэл: 700 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Д.Дэмбэрэл: 700 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ

Монгол Улсын Их Хурлын 2010 оны намрын чуулганыг хааж, Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үгийг нийтэлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдаа,
Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурал нэгэн бүрэн эрхийн хугацаандаа  ээлжит чуулганыг  найман удаа хийдэг билээ. Та бид өнөөдөр 5 дахь удаагийн чуулганаа өндөрлөх гэж байна.

Өнгөрсөн хугацаанд бид уул уурхайн томоохон ордуудыг ашиглалтад оруулах, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, хүнсний хангамжийг сайжруулах, малчдын эдийн засаг, нийгмийн баталгааг хангаж, ард иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд Улсын Их Хурлын бодлогыг чиглүүлж ажиллалаа. Үйлдвэржилтийг дэмжих, төмөр зам, авто зам, цахилгаан эрчим хүч зэрэг дэд бүтцийн, түүнчлэн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, банк, санхүү, төсвийг баталгаатай, тогтвортой байлгах, төсвийн орлогын баазыг өргөтгөхтэй холбогдсон хууль тогтоомж, бодлогын томоохон баримт бичгүүдийг батлан гаргасан. Бүрэн эрхийн үлдэж буй арван долоон сар нь Та бидний дөрвөн жилийн ажлын хувь заяаг шийдвэрлэх хугацаа юм. Мөн Улсын Их Хурал гаргасан шийдвэрүүдийнхээ хэрэгжилтийг хангуулж, үр дүнг тооцох ч хугацаа. Хэлэлцүүлэх дарааллаа хүлээсэн олон хууль, бодлогын баримт бичгүүдийг эцэслэн шийдвэрлэх ёстой хугацаа юм.

Иймээс бид ажлаа сар бүрээр төлөвлөж, шаргуу ажиллах хэрэгтэй болж байна. Энэ шаардлага Засгийн газарт ч нэгэн адил хамаарна. 2011 он бол хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны дөрвөн жилийн хөтөлбөрийн хэрэгжилтийг шийдвэрлэх жил ээ. Эдгээр нөхцөл байдал,  цаг хугацааны хүчин зүйлийг харгалзан 2011 онд шахуу зорилт тавьж, төсвөө баталсан. Төсвийн орлого 3.3,  зарлага 4,1 их наядад хүрсэн нь хоёр жилийн өмнөхөөс тус бүр нэг их наяд төгрөгөөр нэмэгджээ. Амласнаа хэрэгжүүлэхийн тулд иргэд сонгогчиддоо 702 тэрбум төгрөгийн хишиг, хувь хүртээх болно. Оюутнуудын сургалтын төлбөрт 82 тэрбум, иргэдийн эрүүл мэндийн даатгалд 20 тэрбум төгрөг зарцуулна. Хийсэн бүтээсний үр шим, өгөөж буяныг манай ард иргэд хүртэх учиртай.

Иргэдээ ажлын байртай болгохын тулд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас 28 тэрбум, хөдөлмөр эрхлэлтийн сангаас 21 тэрбум төгрөг олгоно. Үүний зэрэгцээ сумын хөгжлийн санг байгуулж, түүнд 24 тэрбум төгрөг хуваарилсан.  Япон улсын Засгийн газраас олгох 70 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх зээлийг ажлын байрыг нэмэгдүүлэхэд зориулахаар тохиролцсон. Ийнхүү ажлын байр гаргахад нийтдээ 143 тэрбум төгрөг төлөвлөсөн. Үүгээр 100 мянгаас доошгүй хүний ажлын байр гаргах нөхцөлийг Засгийн газарт бүрдүүлж өгсөн юм аа. Хэн хөдөлмөрлөж бүтээхийг чармайнав, хэн сайн амьдрахыг хүснэв түүнд энэ боломж хүртээлтэй юм. Энэ бүхнээс үзэхэд 2011 оны төсвийг хүний хөгжил, иргэнийхээ төлөө зориулагдсан гэж хэлж болно.
 
Энэ онд 700 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Энэ нь урьд хожид байгаагүй бүтээн байгуулалтын ажил өрнүүлнэ гэсэн үг. Хөгжлийн шинэ шат, ирээдүйн сайнаар төлөвших эдийн засгийн үндэс ингэж нөхцөлдлөө. Төсвийн хөрөнгө оруулалт нь хувийн хэвшлийнхэнд төрөөс өгч буй захиалга, бас сайхан боломж юм. Гагцхүү зөв, үр дүнтэй зарцуулахад Засгийн газар, түүний байгууллагууд онцгой анхаарах хэрэгтэй байна. Нөгөө талаар, төсвийн хяналтыг чангатгаж, инфляци, үнийн хөөрөгдөл гаргахгүйгээр ажиллах шаардлагатай. Мөн ард, иргэд хуримтлалаа нэмэгдүүлэх, ажлын байр буй болгох тодорхой зорилтын дор санаачилгатай ажиллах хэрэгтэй байна. Төсвийн зорилт нь  мөнгөний бодлоготойгоо харилцан нягт уялдаатай нөхцөлд л үр дүнд хүрнэ. Энд Засгийн газар, Монголбанкны хамтын ажиллагаа нэн чухал болохыг тэмдэглэе.

Дэвшүүлсэн зорилтыг ханган  биелүүлэх нь огт бэрхшээлгүй зүйл биш ээ. Өнгөрсөн онд үнэ ханшийг 36 хувьд хүрч өснө гэж зарим хүмүүс ярьж, бичиж байсан. Гэвч бодит байдал дээр 10 орчим хувьтай гарсан. Одоо ч гэсэн үнэ, ханш өснө гэж төрийн бодлогыг гуйвуулсан, ард иргэдэд эргэлзээ төрүүлж, хүлээлт бий болгосон мэдээллийг зарим байгууллагын зүгээс гадаадын байгууллагатай хамтран хийж байгаад харамсаж байна. Үүнд нь төрийн захиргааны зарим албан хаагчид оролцож, бодлого шийдвэрийг хэрэгжүүлхийн оронд элдэв тайлбар хийж  “эвэр хошуулж” байх нь нэн зохисгүй, ёс зүйгүй үйлдэл юм. Манай улс дэлхийн санхүү, эдийн засгийн хямралыг харин ч өөртөө ашигтайгаар гэтлэн давж байна. Нэгд, бид санхүүгийн чадавхи, бэл бэлчингээ нэмэгдүүлж чадлаа. Гадаад валютын нөөц 2,1 тэрбум долларт хүрлээ. Төгрөгт итгэх олны итгэл ч сэргэсэн байна. Иргэд, байгууллагын мөнгөн хадгаламж 2010 онд нэг их наяд шахам төгрөгөөр өсчээ. Арилжааны банкнуудын зээл олгох чадавхи нэмэгдлээ. Үүнээс үүдэн Улсын Их Хурал төсвийн алдагдлыг дотоодын эх үүсвэрээс нөхөхөөр Засгийн газарт чиглэл гарган өгсөн. Хоёрт, эдийн засгийн цаашдын өсөлтийг хангаж, хурдцыг нэмэгдүүлэх боломжтой боллоо. Ийм болохоор энэ онд эдийн засгийн өсөлтийг 8 хувиас доошгүй байхаар төлөвлөлөө. Энэ зорилт инфляцийг 10 хувиас хэтрүүлэхгүй байх нөхцөлд хэрэгжих ёстой юм. Гуравт, бид нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэх нөхцлийг ханган бүрдүүллээ. Үүнийг миний дээр хэлсэн баримтууд бэлхнээ харуулж байна. Эдүгээ та бидний өмнө бодлогын түвшинд нухацтай авч үзэхүйц, сэтгэл зовоосон, болгоомжлол төрүүлэхүйц хоёр үндсэн асуудал байна гэж үзэж байна:

Юуны өмнө, хүнсний хомсдол гарахаас урьдчилан сэргийлэх, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хүн ардаа хангах асуудал. Чухам ийм болохоор хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлогын үүднээс бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүн, үр тариа, гурил, төмс, хүнсний ногоо, жимс зэргийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх шийдвэрийг Улсын Их хурал гаргалаа. Өөр нэг асуудал нь, биднийг хүрээлэн буй байгаль орчныг доройтуулж, бохирдуулахгүй байх, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас хамгаалах явдал юм. Энэ талаар Засгийн газрын санаачилгаар Уур амьсгалын өөрчлөлт, дулаарлаас урьдчилан сэргийлэх хөтөлбөр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг шинээр батлан гаргав. Ан агнуурын хууль тогтоомж зөрчигчдөд ногдуулах хариуцлагыг чангатгаж, байгалийн ургамлын тухай хуульд зохих өөрчлөлтийг оруулан, дархлан хамгаалсан газар нутгийн хэмжээг 150 шахам мянган  га-гаар өргөтгөлөө.  Эдгээр нь зөвхөн эхний ээлжийн арга хэмжээ бөгөөд хүнсний хангамжийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах талаар бидэнд хийх ажил цаашдаа ч их байна. Төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрх мэдлийг өргөтгөхөд Улсын Их Хурал ихээхэн анхаарч байна. Энэ онд л гэхэд улсын төсөвт татан төвлөрүүлэх 79 тэрбум төгрөгийг нийслэлд үлдээхээр болсон. Аймгийн Засаг дарга нарын мэдэж зарцуулах төсвийн хэмжээ нэмэгдсэн. Үүний цаана эрх мэдлийг хариуцлагатай нь хамт орон нутагт шилжүүлж байгаа нь анзаарагдаж байгаа байх аа.

Орон нутгийн эрх мэдлийг өргөтгөх үйл ажиллагаа, төсөв, төрийн албаны хийгээд, ашигт малтмалын холбогдолтой хуулиудын өөрчлөлтөөр дамжин цаашидаа ч үргэлжилэх болно. Энэ нөхцөлд Засгийн газар, түүний бүтцийн байгууллагуудаас аймаг, нийслэлийн мэдэлд үлдээсэн хөрөнгийг оновчтой зарцуулахад тавих хяналтыг сулруулахгүй байх нь чухал. Иргэд сонгогчдын нэлээд хэсгийн хүсч, шаарддаг уул уурхайн үр ашиг өндөртэй төсөлд монголын талын оролцоог нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрэн бүрдүүлж чадаагүй байна. Гэхдээ энэ удаа Улсын Их Хурал үүнээс дутахгүй ач холбогдолтой өөрчлөлтийг ашигт малтмалын тухай хуульд орууллаа.

Эрдэс баялгийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамааруулан ашигт малтмалын өсгөн нэмэгдүүлсэн нөөцийн төлбөрийг бий болгов. Эрдэс баялгийн өгөөжөө эх орондоо үлдээж хэрэглэх, уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогыг хэрэгжүүлэхэд энэ татвар ач холбогдлоо өгнө гэж үзэж байна. Оюутолгойн ордыг ашиглах болон бусад гэрээнүүдэд Засгийн газар зохих өөрчлөлтийг энэ хуулийн дагуу нэн яаралтай хийх шаардлагатай байна.

Их Хурлаас Их Хурал дамжсан Жендэрийн тэгш байдлын тухай хуулийг бид саяхан батлан гаргав. Хуульд улс төрийн намын өөрийн төлөөллийн байгууллагын бүрэлдэхүүнд, сонгуулийн үр дүнгээр сонгогдож, томилогддог улс төрийн албан тушаал, түүнчлэн  захиргааны албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл доод тал нь 15, дээд тал нь  40-өөс доошгүй хувь байхаар хуульчиллаа. Нийгмийн бүхий л салбар, салаа мөчир бүрт хүйсийн тэгш байдлыг хадгалах эрх зүйн баталгаа ийнхүү хангагдаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуультай боллоо. Үүгээр Үндсэн хуулийн дархлааг улам бэхжүүлж, түүний суурь зарчмыг хадгалах, өөрчлөх заалт хэсгийг зөвхөн хуулийн хүрээнд ил тодоор, өргөн олны оролцоотойгоор хэлэлцэн шийдвэрлэж байх юм. Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн төсөл үндсэндээ бэлэн боллоо. Гэхдээ сонгуулийг мөнгөний эрхшээлд явуулдаг байдлыг арилгах, сонгуулийн бүх шатанд гишүүнтэй холбогдсон авилгалын аливаа хэлбэр илэрвэл түүнийг эгүүлэн татдаг хариуцлагын тогтолцоог бий болгох, сонгуулийн тогтолцооны зохистой хувилбарыг сонгох, бусад хуультай нийцүүлэх зэрэг нарийвчлан авч үзэх асуудлууд байна. Санал тоолоход цахим техникийг ашиглахтай холбоотой хуулийг сонгуулийн хуультай хамт гаргах шаардлага ч гарч байна. Эдгээр нь сонгуулийн хуулийг батлахыг хойшлуулахад хүргэлээ. Ийнхүү Улсын Их Хурлын 2010 оны намрын чуулган ажлын 91 хоног чуулж,  150 гаруй хууль, тогтоол батлан гаргасан дүнтэйгээр өндөрлөж байна. Намрын чуулганаар хэлэлцэж эхлэсэн боловч, бэлтгэл нь гүйцэт хангагдаагүй Хөдөлмөр эрхлэлтийн, Эрүүл мэндийн болон Эрүүл мэндийн даатгалын, Нийгмийн халамжийн тухай зэрэг хуулиудыг ирэх хаврын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэх болно.

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Энэ удаагийн чуулганы явцад зарим түүхэн үйл явдал тохиосон юм. Монгол улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэж, хүндэтгэлийн хуралдаан хийж, өнгөрсөн хугацааны ололт амжилт, алдаа оноогоо цэгнэн ярилцлаа. Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулганы ээлжит уулзалт  манай эх орны нийслэлд анх удаа боллоо. Дэлхийн 19 орны 250 гаруй төлөөлөгч оролцсон томоохон арга хэмжээг бид амжилттай зохион байгуулсан нь бүс нутгийн хэмжээнд Монгол Улс, Монгол Улсын Их Хурлын нэр хүндийг  өргөсөн, гишүүн орнуудын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан чухал үйл явдал болсон юм. Уулзалтаас гаргасан шийдвэрүүдийг ажил хэрэг болгоход Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурал дахь найрамдлын бүлгүүд чармайлт гарган ажиллах нь олон улсын энэ чуулга уулзалтын ач холбогдлыг улам ч өргөх болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын 2010 оны намрын чуулганы ажиллагаа өндөрлөснийг мэдэгдье.

2011.02.10                                 Улаанбаатархот

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж