Хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн ингэний айраг

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн ингэний айраг

Завхан аймгийн Ургамал сумын урлаг соёлын өдрүүд Улиастайд хоёр өдрийн турш болж өнгөрлөө. Энэ өдрүүдэд Ургамал сумын байгалийн баялаг болсон олон бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гарсан юм. Үзэсгэлэн их монголын элсэнд ургадаг суль, сулхир, цагаан улаан гоёо, ингэний айраг, голын улааны рашаан гээд эмчилгээний олон төрлийн ургамал, цагаан идээ тавигдсанаас гадна уран гартай Ургамал нутгийн бүсгүйчүүдийн эсгийгээр хийсэн төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд ноосоор нэхсэн гар хивс тохом, нэхий, хурганы арьс гээд төрөл бүрийн бүтээгдэхүүнүүдээс Улиастайн иргэд ихээр худалдаж авч байсан. Үзэсгэлэнгийн эрэлттэй бүтээгдэхүүнээр ингэний айраг шалгарч нэлээд үнэд хүрлээ. Учир нь ингэний айраг нь бөөр зүрхний хавантай хүмүүст эмчилгээний журмаар уудаг бөгөөд цөсний ялгаралт сайжирч элэг хоргүйжин сийвэн дэхь силбурины хэмжээ буурдаг байна. Мөн үзэсгэлэнд тавигдсан улаан гоёо нь бөөрний хий, ходоодны шар, эр бэлгэс сулрах хатах үед, хоолны шингэцийг сайжруулах увидастай юм байна. Мөн нэг кг нь 13400 төгрөгөөр зарагдаж байсан сулхирын гурил нь их ховор ургадаг хэдэн жилээр ч өнжиж ургадаг ургамал бөгөөд шар нунтаг өнгөтэй гурил бөгөөд үүнийг эмчилгээний журмаар зуурч иддэг байна. Энэ гурил нь бөөр давсагны өвчинд сайн бөгөөд эмэгтэйчүүдийн өвчинд мөн тустай юм байна. Уг гурилтай адил элсэнд ургадаг нэг төрлийн ургамал болох суль нь мөн гэдэс гүйлгэх үед хэрэглэхэд тустай бөгөөд шим тэжээл арвин гурил юм. Мөн үеэр Ургамлын алдарт голын улааны рашаан эрэлт ихтэй байлаа. Энэхүү рашаан нь хоолойны олон төрлийн өвчинд тустай бөгөөд нийслэл Улаанбаатар гээд зэргэлдээ аймаг сумаас олон иргэд урин дулаан цагийг хүлээн зорин очиж хүртдэг рашаануудын нэг юм.


Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж