
Аль нэг сонгууль болоход хэсэг дээр нэрсийн жагсаалт барьж санал өгсөн, эсэхийг тэмдэглэх хүнийг хэнээр тавихын төлөө намууд тэмцэлддэг. Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ, орон нутаг, бүр нөхөн сонгуульд ч гэсэн хэсэг дээрээ 200 санал намынхаа өмнөөс нэмж хийж чадаагүй хүнийг дахин Сонгуулийн хэсэгт оруулахгүй гэсэн бичигдээгүй хууль зарим намд байдаг юм билээ. Нэрсийн жагсаалтаа гаргахдаа ирэх боломжгүй хүмүүсийг хэргээр оруулдаг, тэр нэрэн дээр ажиллах хүнийг аль эрт томилчихсон байдаг аж. Тэгээд тэр итгэмжит нөхөр ирээгүй 200 хүний нэрийг санал өгснөөр дугуйлж, өөр нэг нь урьдчилан дугуйлсан хуудсыг сиймхийгээр хайрцагт хийх үүрэг хүлээдэг гэнэ. Энэ нь хөдөөний хэсэгт хамгийн түвэггүй ажил ч Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн хэсэг дээр өнгөрөгч зун болсон нөхөн сонгуулиар хэсгийн хорооны гишүүүн н.Баяр гэгч үйлдэл дээрээ баригдаж шившгээ тарьсан төдийгүй тэнд сонгууль дахих шийдвэр гарчээ. Уг этгээд баригдахаараа “Ардчилсан намын нэр дэвшигчийг дугуйлсан” гэж мэдэгдсэн ч чухам хэнийг дугуйлсныг тогтоох аргагүй юм. Говь-Угтаал сумын ИТХ-ын нэг суудлын төлөө нөхөн сонгуулиа хийж чадахгүй, хэрүүл зарга болж байгаа нь ч нэг намын, бас өөрсдийнхөө сандал суудлын төлөө улайрсан удирдлагын увайгүй үйлдэлтэй холбоотойг мэдээлсээр байна. Санал өгөгчдийн нэрс дугуйлах ажил дээр нам бүрийн хүн сууж бие биенээ хянах шаардлага гарах нь ээ. Хэзээ сонгуулиа зөв, шударга хийж сурна даа, манайхан.
С.Пүрэвсүрэн