Дундговь аймагт гадаад харилцааг хөгжүүлэх, төрийн албан хаагчид, бизнесийн төлөөллийг хөгжингүй орнуудын хөгжил дэвшилтэй танилцуулах талаар нэлээд анхаарч байна. Сүүлийн арваад хоногт гэхэд хэд хэдэн гадаад арга хэмжээнд оролцжээ. Дундговь аймгийн Засаг даргын орлогч С.Буджав, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Энхсайхан нар Өмнөд Солонгост болсон Зүүн хойт Азийн орнуудын “Ногоон өсөлт” форумд оролцоод ирлээ. Манай улсаас Засгийн газрын “Ногоон хэрэм” хөтөлбөрийн хэрэгжилт, түүний ач холбогдолын тухай илтгэл энд тавигджээ. Энэ форумд Монгол улсаас нэлээд өргөн бүрэлдүүн оролцсон байна.
Мөн Сайнцагаан сумын “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн захирал боловсролын салбарт хэрэгжиж байгаа олон улсын төслийн хүрээнд Япон улсад аялав. Одоо аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Л.Цэвээнравдан тэргүүтэй бизнесийн төлөөлөгчид Сингапур, Малайз улсыг зорилоо.
Аймгийн ЗДТГ-ын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Зоригтоор ахлуулсан төрийн албан хаагчид Хятадын Шинань мужид аялаад ирсэн байна.
С.Пүрэвсүрэн