Ж.Сүхбаатар: УИХ өөрөө иргэний танхим юм шүү дээ

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Ж.Сүхбаатар: УИХ өөрөө иргэний танхим юм шүү дээ

– Монголд хууль боловсруулах хэмжээний мэргэжилтэн 50 хүрэхгүй байдаг юм-

УИХ-ын гишүүд хуулийн төсөл боловсруулахдаа мэргэжлийн зөвлөх ажиллуулж, хэрэв хуулиа парламентаар батлуулбал 20 сая төгрөг төсвөөс гаргуулдаг шинэ журамтай болж байна. УИХ-ын Тамгын газраас эрхэм гишүүдэд хууль, бусад шийдвэрийн төсөл боловсруулахад зарцуулах хөрөнгийн төсвөө ойрын үед гаргаж өгөхийг даалгажээ. Энэ хэр оновчтой шийдэл болох талаар УИХ дахь хуульчдын нэг эрхэм гишүүн Ж.Сүхбаатартай ярилцлаа.

-УИХ-ын гишүүд хуулийн төсөл боловсруулж батлуулахдаа 20 сая төгрөг төсвөөс авдаг болох гэж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж парламентад суугаад, унаа, утасныхаа зардлыг төлүүлээд дээрээс нь хийсэн ажлынхаа төлөө нэмж төсвөөс хөрөнгө гаргуулах нь зохисгүй гэж үүнийг шүүмжлэх хэсэг ч байгаа юм. Энэ талаар таны байр суурийг сонсъё?

-Мэргэжлийн хуульчийн хувьд би 20 сая төгрөг гаргахыг дэмжиж байгаа. Төсвөөс илүү зардал гаргах гэж байна гэдгийн хувьд үүнийг хууль зүйн онол номын талаас тайлбарлах шаардлага гарна л даа. УИХ-ын гишүүний зардлыг гишүүн өөрөө мэдээд зардаг ч юм биш. Төсөв ерөнхийлөн захирагч нь УИХ-ын дарга, шууд захирагч ерөнхий менежер нь УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга байдаг. УИХ-ын гишүүн хэрэгцээтэй зардлаа заавал холбогдох газраар нь хянуулж зарцуулдаг. Зүгээр л татвар төлөгчдийн мөнгийг цацаад байна гэж ойлгож болохгүй.

Тэр 20 сая төгрөг гэдэг дээр шүүмжлэл үүсч байгаа. Энд хоёр зүйлийг ялгаж ойлгомоор байгаа юм. Ер нь УИХ-ын гишүүн хууль боловсруулах ажилтай холбоотойгоор ийм зардалтай
байж болох уу, үгүй юү гэсэн нэг асуулт байна. Нөгөө нь хэрэв ийм зардалтай байж болох юм бол түүнийг яаж хэрэглэх вэ, яаж хянах вэ, яаж үр ашигтай зарцуулах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Дээр нь хууль батлах чинь УИХ-ын гишүүний үндсэн ажил биз дээ гэсэн асуулт гарна биз?

-Тэгнэ. Яг үүн дээр л 20 саяыг шүүмжилсэн хандлага гарч ирээд байгаа?

-Мэдээж УИХ-ын гишүүний үндсэн ажил бол хууль тогтоох, харин хууль батлах биш. Хууль тогтоох, батлах бол ялгаатай асуудал. Хууль тогтооно гэдэг нь нэлээд өргөн хүрээтэй үйл
ажиллагаа байдаг. Энэ дотор хууль боловсруулах ажил багтана. Хууль боловсруулахын тулд түүнийг судална. Дараа нь төсөл санаачилна. Санаачилсан төслийг парламентаар хэлэлцүүлнэ. Хэлэлцсэний эцэст хуулийг батална. Баталснаа хэвлэлд нийтэлж олон түмэнд мэдэгдэнэ. Хууль батлах гэдэг бол ердөө л хууль тогтоох гэдгийн тодорхой нэг шат. УИХ-ын гишүүн бол хууль тогтоогч. Нөгөө талаасаа олон түмний төлөөлөгч. Тэгэхээр УИХ-ын гишүүн нь төлөөлөл, хууль тогтоогч гэсэн хоёр үндсэн ажилтай. Олон түмний сонирхол, саналыг төрийн бодлого, шийдвэрт тусгана. Төрийн бодлого нь хуулиар, УИХ-ын бодлого, шийдвэрээр хэлбэржиж гардаг.

-Энэ олон шатны ажлаас хууль боловсруулахыг онцолж хөрөнгө гаргахаар болсны шалтгаан юу вэ?

-Монгол Улсад хууль санаачлах эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар эдэлдэг. Нийгэмд хэрэгтэй гэсэн хуулийн төслийг тэд УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлдэг. Нөгөө хууль боловсруулах гэдэг нь үүний өмнөх их өргөн хүрээтэй шат. Үүнд зайлшгүй мэргэжлийн хүмүүс оролцуулах шаардлагатай. Энэ бол төрийн бодлого боловсруулах ажил гэдгийг дээр хэлсэн. Аль ч хууль тогтсон үг хэллэг, томъёололтой, боловсруулах нарийн дэгтэй, судалгаа хийх шаттай, шинжлэх ухааны тодорхой арга зүйтэй байдаг. Хуулийн төсөл боловсруулна гэдэг асар нарийн, нүсэр ажил. Түүнд хуульчдын нарийн мэргэжлийн оролцоо заавал хэрэгтэй болдог. Тэр ажлыг хуульчид зүгээр хийж өгөхгүй. Зардал санхүүжилт заавал шаардагдана. Энэ шатанд тэр 20 сая төгрөгийг зарцуулах ёстой юм. Тэрнээс биш УИХ-ын гишүүн хуралдаанд оролцож хуулийн төсөл хэлэлцсэн, санал хэлсэн, хууль баталсныхаа төлөө 20 сая төгрөг авах гэж байгаа хэрэг биш. Ерөнхийлөгч хууль санаачилдаг гээд өөрөө хуулиа боловсруулаад суудаггүй. Чадах ч үгүй. Гишүүд ч түүнтэй ижил.

-Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болсны 20 жилийн ой ирэх намар тохионо. Энэ олон жил хууль боловсруулах ажлыг санхүүжүүлдэггүй байсан. Гэтэл яагаад энэ жил, санхүүгийн хямрал дундуур төсвөөс мөнгө гаргахаар болов?

-Сонгогчидтой уулзаад явахад тэд хэлдэг л дээ. УИХ мэргэжлийн хууль тогтоох байгууллага биш боллоо, тийм байж чадахгүй байна гэсэн шүүмжлэл их ирдэг. Гаргасан хууль амьдралд нийцэхгүй, хийдэл ихтэй байгааг хэлдэг. Чуулганаар батлуулах гэж оруулж ирсэн төслөөс санаачлагчид нь буцаасан нь зөндөө байдаг шүү дээ. Бусад оронд бол ингэж төсөл буцна гэж байдаггүй. Энэ нь явж явж хууль санаачлагчидтай холбоотой асуудал. Хуулийн төслийн боловсруулалт муу байгаагаас л цаашдаа тааруу хууль гарах үндэс болдог. Мэргэжлийн хуульчдыг оролцуулаагүй, олон нийтийн саналыг тусгаагүйгээс муу хууль гардаг. Гэтэл мэргэжилтнийг татан оролцуулна, хууль боловсруулахад тэдний мэргэжлийг ашиглана гэдэг дандаа мөнгө шүү дээ.

-Ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхим иргэдээс хуулийн төслөөр санал авдаг болоод байгаа. УИХ тийм зарчмаар олон нийтийн саналыг хууль боловсруулахад авч болохгүй юү?

-Тэр чинь мөнгөгүй хийж байгаа ажил биш шүү дээ. Хуулийн төслийг боловсруулах ажлыг сайжруулахын тулд Ерөнхийлөгч үүнийг санаачилсан. Тэгэхдээ улсын төсөв батлах үед мөнгө хүсч, төсөвт тусгуулсан.

УИХ-д орж ирж байгаа хуулийн төслийн 70-аас доошгүй хувь нь Засгийн газраас орж ирдэг. Аль ч оронд хуулийн төслийн 70-80 хувийг Засгийн газар санаачилж оруулж ирдэг. Үлдсэн хувийг УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч санаачилна. Гэхдээ олон нийт өөрсдөө сонгож гаргасан болохоор УИХ-ын гишүүдэд хандах нь илүү. Хуулиа баталж чадахгүй байж УИХ-ын гишүүн болсон юм уу гэж хүмүүс асуудаг. Баталж чадна. Хэлэлцэж чадна. Харин хууль боловсруулах нь УИХ-ын гишүүн бүрийн чаддаг ажил биш. УИХ-ын гишүүн гэдэг хэн билээ. Сонгогдохоосоо өмнө та нарын л ижил жирийн иргэн байсан шүү дээ. Олонхи нь хуулийн мэргэжилгүй. Тэд шууд хууль боловсруулах ажил хийгээд эхэлнэ гэж төсөөлөгдөхгүй байгаа
биз дээ. Зүгээр л иргэн Дорж хууль боловсруулж чаддаг бил үү. Тэгээд яагаад УИХ-д сонгогдсон юм гэж асууж магадгүй л дээ. Бид бол зүгээр л иргэдийн төлөөлөл шүү дээ. УИХ-д ирсэн хойноо хууль тогтоох үүрэгтэй болдог. УИХ бол өөрөө иргэний танхим юм шүү дээ. Иргэд олноороо цуглаж сууж чаддагүй болохоор төлөөлөгчөө төрд илгээсэн төлөөлөгчийн танхим юм.

-Тэгвэл өмнө нь яаж энэ ажлыг мөнгөгүй хийдэг байсан хэрэг вэ?

-1990-ээд оны үед гадаадын байгууллагуудаас бадар барьдаг байсан юм. Нийгмийн тогтолцоо дөнгөж солигдоод байсан цаг. Монголынхоо хууль эрх зүйн орчныг шинэчилж сайжруулахад надад ийм мөнгө хэрэгтэй байна гээд. Одоо тэгж болохгүй л дээ.

Бэл бэнчинтэй цөөн нь өөрөөсөө мөнгө гаргаж хуульч хөлслөөд хуулийн төсөл гаргуулж байсан. Нөгөө хэсэг нь өөрөө хийж чадахгүй болохоор гуйвар түүврийн, сайн дурын хэлбэрээр хүн цуглуулж хууль боловсруулдаг нь нууц биш. Тийм төсөл сайн болдоггүй. Өндөр мэргэжлийн төвшинд хууль хийлгэхэд заавал мэргэжлийн хүн, мөнгө хэрэгтэй. Хэн ч ажлынхаа үнэт цагийг алдаж хуулийн төсөл нухаж суухгүй шүү дээ. Жишээ нь, хөдөлмөрийн баатар Б.Чимид багшийг хуулийн төсөл мөнгөгүйгээр боловсруулаад өгөөч гэж хэлье л дээ. Тэр хүн амьдрах хэрэгтэй, мөнгө авна аа даа. Яахав, социализмын үед л улсаас цалин аваад хуулийн төсөл боловсруулдаг хэдэн хүн байсан юм. Ардын Их Хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хуулийн хэлтэс гээд. Одоо тэр цаг биш. Хуулийг мэргэжлийн төвшинд гаргахын тулд мөнгө зайлшгүй хэрэгтэй.

-Гишүүд туслах, бие төлөөлөгч дээрээ зөвлөхтэй болох шийдвэрийг бас саяхан гаргасан. Зөвлөх нь хуульч мэргэжилтэй, тэгээд тэр ажлыг нь хийж болохгүй юү?

 -Зөвлөхүүд хэрэгтэй болоод байгаагийн учир ч энэ. Зөвлөх авах нь буруу биш. Харин тэр орон тоон дээр муу хүн аваад байгаа нь буруу. Аль ч орны парламентын гишүүн зөвлөхтэй байдаг. Хуулиа сайн гаргах гэж тэр. Батлагдаж гарч байгаа хууль бол жишээ нь, Сүхбаатар миний хууль биш шүү дээ. Сүхбаатар өөрийнхөө хуулийг хийх гэж байгаа бол сонгуульд орохдоо л "Та нар намайг сонговол би ийм хууль гаргана. Тэгэхдээ энэ хуулийг би хувиасаа ийм мөнгө гаргаж батлуулна" гэж амлах ёстой байхгүй юү.

Тэгэх юм бол хэдэн зуун жилийн өмнөх үе рүү орно. Хүн төрөлхтний түүхэнд энэ байсан зүйл. Мөнгөтэй, татвараа төлдөг хүн л парламентад байна гэсэн зарчим парламентат ёсны өнөөгийн төрх төлөвштөл нэлээд хэдэн зууныг дамжиж үйлчилсэн юм шүү. Боломжтой хүмүүс хувиасаа хөрөнгө гаргаж парламентад суудаг байсан. Тэр бол хөрөнгөтний, язгууртнуудын ардчиллын үе. Олон түмний төлөөлөл болсон өнөөгийн ардчилсан тогтолцооны үед бол илүү дундаж хүмүүс, дундаж сонирхлыг илэрхийлэгчид давуу гарч ирэх ёстой. Тэд парламентад орж ирээд татвар төлөгчдийн мөнгөөр татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлдэг. Тэр үйлчилгээгээ сайн үзүүлж сайн хууль боловсруулахын тулд улсынхаа хамгийн сайн мэргэжилтнүүдийг татаж авч ажиллуулах ёстой. Ингэсэн тохиолдолд хуулийн төсөл чамбай болно. Дэмжигдэнэ. Амьдралд нийцнэ.

Тэгэхээр хууль боловсруулахад мөнгө зарцуулах нь зөв, харин үүнд тавих хяналт маш сайн байх хэрэгтэй. Бүр нэг хуульд 20 саяас илүү мөнгө хэрэг болж ч мэднэ.

-76 гишүүн толгой дараалан хууль санаачилна гээд төсвийн авдрыг хуурайлчихгүй байгаа?

-Арай тэгэхгүй л дээ. Гишүүн бүр толгой дараалан хууль санаачлах албагүй. Монголд хууль боловсруулах хэмжээний мэргэжилтэн 50 хүрэхгүй байдаг юм. Хууль тогтоомжуудын хэлхээ холбоог сайжруулахын тулд тэдний хүчийг нэгтгэж мөнгө хаях хэрэгтэй байгаа юм. УИХ-ын гишүүдийн хариуцлага ч сайжирна. Мөнгө авчихаад хэрэгтэй хэрэггүй хууль санаачлаад байж таарахгүй биз дээ. Энэ мөнгийг болиуллаа гэхэд нэг их хотойхгүй бэл бэнчинтэй гишүүд бий л дээ. Гэхдээ хувиасаа санхүүжүүлээд хууль боловсруулаад явж чадахгүй гишүүд бас олон бий шүү дээ.

УИХ-ын гишүүн гэж 76 дарга биш, 76 хууль тогтоогч, иргэний төлөөлөл байх, парламентыг төлөвшүүлэхэд харин ч энэ 20 сая төгрөг хэрэгтэй. Аль ч аавын хүү сонгогдож орж ирээд ажиллах нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Олон түмний мөнгийг өөрт нь зориулж сайн хууль гаргахад зарцуулж байгаа хэрэг. Хяналтаа л эхнээсээ зөв тавих хэрэгтэй.

Д.ОЮУНЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж