Бид зургаан тэрбум хүний хаана нь явна вэ

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Бид зургаан тэрбум хүний хаана нь явна вэ

МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын МАХН-ын XXVI Их хуралд тавьсан “Шинэчлэл, Манлайлал, Хөгжил” сэдэвт улс төрийн илтгэлийг бүрэн эхээр нь нийтэлж байна.

МАХН-ын XXVI Их хурлын хүндэт төлөөлөгчид өө,

Журмын нөхөд өө,

Эрхэм зочид, хатагтай, ноёд оо,

Та бүхнийхээ амар амгаланг айлтгаж, намын хамт олныхоо итгэл сэтгэлийг тээж, эх орныхоо өнцөг булан бүрээс хуран цугларсан төлөөлөгчиддөө чин сэтгэлийн баяр хүргэж, зочиддоо гүн талархал илэрхийлье.

Өнөөдөр МАХН-ын удирдах байгууллага болох XXVI Их хурал үйл ажиллагаагаа эхэлж байна. Манай намын үе үеийн Их хурал Монголын нийгмийн анхаарлын төвд байсаар ирсэн. Учир нь их хурал бүрээс намын амьдралын төдийгүй Монгол Улсын хөгжилд нөлөөлөхүйц жинтэй шийдвэрүүд гардаг. Энэ удаа ч мөн адил манай намын их хурал руу олон нийтийн анхаарал хандаж байна. Арвин ургацынхаа ард гарч амсхийж буй тариаланчид, айсуй өвлийг их ажлаар угтаж буй малчид, амьдралынхаа ирээдүйг эргэцүүлж яваа залуус, алдаа оноог минь дэнслэх ахмадууд, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, банкны зээлээ хэрхэн төлөх вэ, яаж ажилтай орлоготой болох вэ гэж санаашран буй хүмүүс, тэтгэвэр, тэтгэмж, халамж, даатгалын үр өгөөжийг тооцож суугаа иргэд, шинэ бүтээн байгуулалт, ажлын байр бий болгох талаар сэтгэж зүтгэж яваа  бизнес эрхлэгч бүгд та бидний шийдвэрийг хүлээж байгаа. Та бидний гаргах шийдвэрүүд нь улс орны хөгжил цэцэглэлт, түмэн олны ажил амьдралтай  шууд холбоотой учраас тэр билээ.

Хамгийн их догдлон харж буй хүмүүс бол манай намын мянга, мянган гишүүд, дэмжигчид юм. Тэдэндээ их хурлын төлөөлөгч та бүгдийн өмнөөс  халуун дотно мэндчилгээг дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Их хурлын эрхэм төлөөлөгчид өө,
Улс орондоо шинэ эдийн засаг, зах зээлийн харилцаа, улс төрийн ардчиллыг тогтоон төлөвшүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулахаар 20 жилийн тэртээгээс бидний сонгосон зорилт амжилттай хэрэгжсээр байна. Энэ бодит хөрс суурин дээрээ тулгуурлаж “шилжилтийн” гэсэн сэтгэлгээг цэглэж, их бүтээн байгуулалт өрнүүлэх, хөгжилтэй улс орон, бүтээгч ард түмэн болох түүхэн цаг үе тулж ирлээ гэж манай нам үзэж байна.

Их бүтээн байгуулалтын агуулга зорилт нь монгол хүнийг бүх талаар хөгжүүлж, иргэн бүр тав тухтай, хангалуун амьдрах  нөхцлийг бүрдүүлэхэд оршино.
Улс орныхоо цаашдын хөгжлийн асуудлаар том зорилго, зорилт дэвшүүлэх, түүнийгээ биелүүлэх, үүнд учрах сорилт бэрхшээлийг даван туулах чадвартай улс төрийн хүчин бол МАХН юм гэж ард иргэдийн маань дийлэнх олонхи нь үзэж байгаа. Үүнийг удаа дараагийн сонгуулийн дүн ч харуулсан. Сүүлийн үеийн судалгааны дүн ч бас ийм байна. Энэ бүхэн манай намд урам зориг хайрлаж, эрч хүч, итгэл найдварыг бадрааж, улс орноо үсрэнгүй хөгжүүлэхэд бусдаас илүү хариуцлага хүлээх, түүхэн үүргийг бидэнд дахин оноож байна.

Сэтгэлгээгээ, үйл ажиллагаагаа шинэчилж, өнгөрснөө зөв дүгнэж, ажил үйлс, зохион байгуулалтаа цаг үеийн шаардлагад нийцүүлэн өөрчлөн сайжруулж, бодлого зорилгоо улам тодорхой болгож, бодитоор хийж бүтээж байж л манай нам ард түмнийхээ итгэл, найдварыг биелүүлэх болно.

Дэлхий дахинаа өрнөж буй даяарчлалтай холбогдон Монгол Улсын гадаад байдал ч өөрчлөгдөж  байна. Даяаршиж буй дэлхий ертөнц, өөрчлөгдөн буй өрсөлдөөнт нийгэмд оршин тогтнож, улмаар хөгжил дэвшлийн манлайлагч улс төрийн хүчин байхын тулд цаг ямагт шинэчлэгдэж байх учиртай. МАХН өөрийгөө өөрчилж шинэчилсээр ирсэн. Сүүлийн 20 жилийн түүх үүнийг гэрчилнэ. Цаашид ч тийм байх болно. Тиймээс манай намын шинэчлэл нь өөнтөгч нэгний хэлж байгаа шиг “өнгөлөн далдлалт” биш үүрэг хариуцлагаа ухамсарласан үйл ажиллагааны шинэчлэл юм. Өргөн олон түмнийхээ тусад, улс орноо хөгжүүлэхийн тулд шинэчлэгдэх ёстойгоо ухамсарлаж байна. Өнөө маргаашийн эсвэл сонгуулийн хугацаагаар хэмжигдэх “богино зайн” биш угтан ирэх 20 жилийг тоссон урт хугацааны стратеги бүхий шинэчлэлийн тухай ярьж байна. Үүний тулд та бид туулж ирсэн 20 жилийнхээ туршлага, сургамжийг эргэн санах учиртай.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
Ардчилсан өөрчлөлтийн 20 жил: түүхэн сургамж, өнөөгийн байдал
1990 оны эхнээс идэвхжиж эрчимжсэн нийгмийг өөрчлөн байгуулах, ардчилах үйл явцын эхний оргил үр дүн бол мөн оны 7 дугаар сард болсон тэр үеийн БНМАУ-ын АИХ-ыг сонгож байгуулах анхны ардчилсан, чөлөөт сонгууль байлаа. Үр дүнд нь олон намын төлөөлөлтэй төрийн  эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага- АИХ, байнгын ажиллагаатай хууль тогтоох дээд байгууллага Улсын Бага Хурал гэсэн 2 танхимтай парламентын шинэ хэв маяг хэлбэршин тогтсон нь чухал ололт байлаа. Үр дүнд нь хүний эрх, эрх чөлөөг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээний стандартад хүргэж хууль эрх зүйн хувьд баталгаажсан гэж хэлж болно.

Энэ цаг үеэс эхлэлтэй удаа дараагийн парламентаас гаргасан бодлогын шийдвэр, түүнийг хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгуулагдсан Засгийн газруудын үйл ажиллагаа нь ардчилсан өөрчлөлтийн гэх тодотголтой өнгөрсөн 20 жилийн өнгө аясыг тодорхойлж ирлээ.

Өнгөрсөн 20 жилд эдийн засгийн уналт өсөлт, иргэдийн амьжиргааны эрсдэл, улс төрийн ялалт, ялагдал, түүнийг дагасан Монгол хүний бахархал омогшил, бухимдал, цөхрөл цөм багтана. Энэ хэрээр алдаа онооны арвин сургамж үлдээжээ. Иймд өнгөрсөн түүхээ  эргэцүүлж нухацтай дүгнээд улс орныхоо ирэх 20 жилийг ухаалгаар харж, бодлого зорилтоо тодорхойлох нь улс төрийн туршлагатай, тулхтай намын өөртөө хүлээх журамт үүрэг мөн.

Ардчиллын 20 жилийн ойн хүрээнд ололт амжилтаа бид бишгүй ярьж байгаа. Үнэхээр ч ололт амжилт бий. Тухайлбал улс төрийн салбарт шинэ Үндсэн хуулиа баталж, үндсэн хуульт төрийн байгууллагын тогтолцоо, парламентат ёс, олон нам, иргэний нийгэм, өрсөлдөөнт чөлөөт сонгууль хэлбэршин тогтнож, улс төрийн эрх, эрх чөлөө хүртээмжтэй болсон.

Эдийн засгийн салбарт, өмчийн болон аж ахуйн олон хэлбэр, хэвшил бий болж, хувийн өмч хуулиар хамгаалагдаж, өдгөө ДНБ-ний 70 орчим хувийг хувийн хэвшил бүтээж байна. Улсын үйлдвэрийн газрууд, мал сүрэг, орон сууцны хувьчлал, газар өмчлөлийн шийдвэрүүдийг гаргаж, эдийн засгийн харилцааг зах зээлийн зарчимд нийцүүллээ. Үүний үр дүн ч гарч байна. Тухайлбал эрдэнэт мал сүргийн тоо хорин жилд 10 гаруй саяар өслөө. “Атрын III аян”-ыг эхлүүлснээр газар тариалангийн үйлдвэрлэл сэргэж, үр тариа, төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг бүрэн хангах үндсийг бүрдүүллээ.    

Гадаад худалдаа, валютын ханш, үнэ, дотоод, гадаад хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгож, эдийн засаг бүхэлдээ нээлттэй боллоо. Дэд бүтцийн салбар хөгжиж өнгөрсөн хорин жилд хатуу хучилттай авто зам 2824 км болж 2.4 дахин нэмэгдсэн бол үүрэн холбоо хэрэглэгчид давхардсан тоогоор 2.3 саяд хүрлээ.  
Нийгэм, оюун санааны амьдралд үг хэлэх, хэвлэн нийтлэх, шүтэн бишрэх, бүтээн туурвих эрх, эрх чөлөө бүрэн нээлттэй болж, олон ургальч үзэл, чөлөөт хэвлэл, эвлэл, холбоод, сүм хийд, шашны нэгдэл, бүлгүүд нийгэмд байр сууриа бодитой эзлэх боллоо. Боловсрол, соёл, эрүүл мэнд, халамж, даатгал, нийгмийн үйлчилгээний бусад бүх салбарт улсын болон хувийн хэвшил зэрэгцэн оршиж, өрсөлдөн уралдах болсон. Соёл, урлаг, шинжлэх ухааны салбарт шинэ санаа, нээлт бүхий үнэ цэнэтэй оюуны бүтээл туурвигдах нөхцөл бүрдлээ.
Монгол хүний бие бялдар, билиг оюуны авъяас чадвар, мэдлэг ухааны үнэлэмж дэлхийн тавцанд гарлаа. Спорт, урлагийн салбарт олимп, тив, дэлхийн олон аваргууд төрлөө.

Монгол хүн оюун ухаан, мэдлэг чадвараараа дэлхийд өрсөлдөж, нэр хүндтэй үйлдвэр, компани, урлаг, соёл, шинжлэх ухааны байгууллагад уригдан ажиллаж, олон улсын хөгжилд хувь нэмэр оруулдаг боллоо. Монголын компаниуд дэлхийн зах зээлд гарч, монголын гэсэн  олон брэндүүд бий болж эхэллээ.
Монгол Улсын гадаад харилцаа бүрэн нээлттэй болсноор манай улс олон улсын Валютын сан, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон улсын нэр хүндтэй олон байгууллага, нийгэмлэг, эвсэл, холбооны бүрэн эрхт гишүүн болсон. Ингэснээр бүс нутаг, тив, дэлхийд бүрэн гарцтай болж, тэр түвшний бодлого, үйл ажиллагаанд оролцож, улмаар улсын дотоод хөгжилд таатай гадаад орчныг бүрдүүлж чадлаа.

Ийнхүү улс төр, эдийн засаг, нийгэм, оюун санаа, гадаад орчны хүрээнд гарсан эерэг, дэвшилттэй зүйл, ололт амжилтыг МАХН онцлон тэмдэглэж байна. Энэ амжилт ололтоор МАХН бахархах бүрэн эрхтэй. Манай намын мянга мянган гишүүдийн зүтгэл, оролцоо энд бий. Сайн үйлийг бүтээлцсэн МАХН-ын бүх гишүүддээ, улсынхаа нэрийг дэлхийд гаргаж, нэр төртэй амьдарч байгаа Монгол хүн бүртээ намынхаа Их хурлын өмнөөс халуун баяр хүргэж, амжилт хүсье.
20 жилийн ололт амжилтыг хамтран бүтээлцсэн бусад улс төрийн нам, хүчнүүдэд ч мөн талархлаа илэрхийлье.

Төлөөлөгч, нөхөд өө,
Өнгөрсөн 20 жилд энэ мэт гэрэл гэгээтэй, бахархах зүйл байгаа ч алдаа, эндэгдэл  багагүй гарсан. Гэхдээ энд өнгөрсөн үеийн бүх зовлонг тоочихгүй ээ. Тэгэх ч боломжгүй, тийм ч зорилготой Та бид цуглаагүй. Гагцхүү бидний бодлого, үйл ажиллагааны дутагдал, алдаа юу вэ? Түүнээс үүдэлтэй нийгмийн сөрөг үзэгдлийн үр дагавар, уршиг юу вэ? Түүнийг яаж засаж залруулах вэ? гэсэн сургамж, дүгнэлт, цаашдын бодлогоо ярих учиртай.

Энэ учир шалтгааны үүднээс 20 жилийнхээ өндөрлөгөөс эргэн харахад бид ямар хүндрэлтэй нүүр тулгараад байгааг багцалж үзвэл:
Нэг:  Ядуурал, ажилгүйдэл буурахгүй байна,
Хоёр: Байгаль орчны доройтол, хямрал газар авч байна,
Гурав: Нийгэм эдийн засгийн шударга ёсны хүсэмжлэлд бид бүрэн хариу өгч чадахгүй байна.
Дөрөв: Хүмүүжил, ёс суртахууны доройтолыг зохих ёсоор засаж залруулж чадахгүй байна.
Тав: Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын дархлааг сайжруулах шаардлагатай байна.

Энэ таван багц  асуудал нь үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн, нэн тулгамдсан асуудал болоод байна. Эндээс 20 жилийн ололт амжилт ямар үнэ цэнээр ямар хохирол амсаж ирсэн нь харагдана.

Монгол хүнийхээ амьдралыг сайжруулах тал дээр сүүлийн 20 жилд дорвитой ахиц гаргаж чадахгүй байна гэсэн гашуун ч гэсэн үнэн дүгнэлтийг хийхээс өөр арга алга. Ядуурал, ажилгүйдэл манай нийгмийн хамгийн том “өвчин” болоод байна. Өнөөдрийн байдлаар аваад үзэх юм бол хүн амын 2-3 хувь нь чинээлэг, 60 орчин хувь нь дундаж орлоготой, 38 хувь нь ядуу байна. 20 жил өөрчлөлт шинэчлэлт ярьж, том бодлого хөтөлбөр дэвшүүлж, уйгагүй их ажилласан ч гэсэн бид хүссэн амжилтандаа хүрсэнгүй. Ард түмний минь амьдрал сайжирсангүй. Дэлхий Банкны судалгаагаар 1998 онд хамгийн өндөр буюу 43 хувьтай байсан ядуурал аажмаар буурч байгаа хэдий ч Статистикийн газрын мэдээгээр 2009 оны байдлаар иргэдийн маань 38.7 хувь ядуу амьдарч байна. Харьцуулалтын аргын ялгаа байгаа ч энэ тоо нь нэг л зүйлийг илэрхийлж байна. Ядуурал дорвитой буурсангүй. Шилжилтийн эхэн үед эдийн засгийн суурь бүтэц эвдрэн хүн амын зарим хэсгийн амьжиргааны түвшинг буурч туйлдах сөрөг үр дагаварт хүргэсэн билээ. Үүнээс болж ард иргэдийн дунд урьд өмнө байгаагүй баян, хоосны ялгарал үүсэж цаашид улам нэмэгдэх аюул гараад байна. Манай намын зорилт бол баян хоосны туйлд хуваагдсан нийгмийг биш харьцангүй чинээлэг дундаж давхарга зонхилсон, нийт нийгмээрээ эвтэй, сэтгэл хангалуун амьдардаг тийм нийгмийг цогцлоон хөгжүүлэх зорилготой юм.

Шилжилтийн үед манай эдийн засаг ихээхэн уналтанд орлоо. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 1990 оноос хойш буурсан. Эдийн засаг сэргэсэн 2005 онд л 1989 оныхоо түвшинд хүрсэн байна.

Хувьчлалыг оновчтой хийж чадаагүйгээс болж олон үйлдвэр, аж ахуйн газрын үйл ажиллагаа зогсож, олон зуун барилга байгууламж хоосон балгас болж, зарим нь бүр устаж арилсан юм. Хөдөө аж ахуйн нэгдлүүд татан буугдаж, худаг ус, хашаа хороо  тоногдон сүйрч эргээд нөхөхөд хүндрэлтэй томоохон гарз хохирол боллоо. Манай намын санаачилгаар тухайн үедээ хийгдэж байсан их бүтээн байгуулалтын үр дүнд бий болсон олон үйлдвэр аж ахуйн газар устаж үгүй болж ажилгүйдэл ядуурал ихээр нүүрлэсэн.

Аж үйлдвэрийн салбар зогсонги байдалд орсныг өөрчлөх  гэж олон жил чармайсан ч боловсруулах салбар гэхэд  2004-2008 оны дунджаар ДНБ-ний дөнгөж 6 орчим хувийг эзлэх хэмжээнд хүрч байна. Энэ нь бага орлоготой улс орнуудынхаас 3-4 дахин доогуур үзүүлэлт юм. Тиймээс боловсруулах салбарынхаа үйлдвэрлэлийг өсгөх нь бидний бас нэгэн зорилт, сорилт болж байна.

Аж үйлдвэр, банк хоёр харилцан бие биенээ дэмжиж хөгжих бололцоог тэр болгон бүрдүүлж чадсангүй. Банк санхүүгийн олон байгууллагууд  дампуурч олон мянган энгийн иргэд хохирсон. Буруутай этгээдүүдэд үйлдсэн хэрэгт нь тохирсон хариуцлага тооцсонгүй гэж олон иргэд бухамдаж байна. Бид бүх бурууг үүрдэг төртэй биш буруутай этгээдэд нь хариуцлага хүлээлгэж чаддаг шударга төртэй байхын төлөө зүтгэнэ.

Хөрсөн доорхи баялагийг нээж, ашиглахдаа алдаа, дутагдал гарснаас болж байгаль сүйрч, гол мөрөн бохирдож, эх ундрага нь татарч, хүмүүсийн аж амьдралд хүндрэл учруулж байна. Тиймээс төрөөс тавих хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах, иргэний нийгэм, ард иргэдийн сайн үйлсийн оролцоог дэмжиж тэтгэх, түгээн дэлгэрүүлэх, байгалийн баялагийг зөв ашиглах шинэ бодлогыг бид л хэрэгжүүлэх үүрэгтэй.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний салбарт амжилт байгаа хэдий ч өмнө хүрсэн түвшингээсээ доошилж, ялангуяа хүртээмж нь багасч, тэгш адил чанартай үйлчилгээг нийтээрээ хүртдэг суурь зарчмаас ухарлаа. Одоо эдгээр салбаруудад суурь шинэчлэлт хийж Монгол хүн бүрийг боловсролтой, эрүүл болгохын төлөө өөрчлөлтийн бодлогоо эхлүүлж байна.

Хөдөө, хотод сургууль завсардсан, нийслэлд гудамжны хүүхэд бий болж, нийгмийн оюун санааны амьдрал хямралд орж, гэмт хэргийн нөхцөл байдал хүндрэх болсон нь өнгөрсөн 20 жилийн бас нэг том алдаа юм.
Нийгмийн шударга ёс алдагдаж, хууль ёс завхарч байгаа мэт ойлголт олон нийтийн дунд тархаж байгаа  нь өнгөрсөн он жилүүдээс үлдсэн сөрөг үзэгдэл төдийгүй өнөөгийн том эмгэнэл юм. Хүн бүр хуулийн өмнө адил эрх эдэлж, тэгш үүрэг хүлээх учиртай байтал хууль ялгавартай үйлчилдэг гэсэн дүгнэлтийг олон нийт хийж байна. Яагаад ийм дүгнэлт газар авч байна вэ? гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй. Хууль хүн бүрт тэгш шударга үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх нь та бидний эрхэм зорилго мөн.

Нийгэм улс орныг гутааж байгаа нэн аюултай үзэгдэл бол авилгал хээл хахууль юм. Энэ үзэгдлийг бид таслан зогсооно.
Сүүлийн хорин жилээ эргэж харах юм бол нухацтай дүгнэлт хийх зүйл олон байна. Бид шилжилтийн гэх тодотголтой 20 жилийн бартаа, саадтай замыг даван туулж төгсгөлд нь ирлээ гэж бодож байна. Өнгөрсөн 20 жилд нэг намын тогтолцооноос олон намын тогтолцоотой парламент ёс руу, үзэл сурталчилсан нийгмээс чөлөөт ардчилсан нийгэм рүү, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн засаг руу харилцааны зарчмын хувьд шилжилт хийж чаджээ. Гэхдээ энэ шилжилтийг хийхэд асар их үнэ төлжээ. Одоо бид чанарын хувьд ахиц дэвшил гаргаж ажилгүйдэл ядуурлын асуудлыг шийдэхэд дорвитой алхам хийх шаардлагатай байна.

Ийнхүү улс орныхоо ардчилсан өөрчлөлтийн түүхийг ололт амжилт, алдаа дутагдлын аль алинаар бичиж үлдээлээ. Одоо биднийг их бүтээн байгуулалтын урт зам, агуу их үйл хэрэг бүтээх цаг үе тосон хүлээж байна. 20 жилийн өмнө боломжгүй байсан олон зүйл өнөөдөр боломжтой боллоо.

Монгол мөрөөдлийг биелүүлэхийн төлөө итгэл үнэмшил, тэмүүлэл зорилготой байх цаг ирлээ. “Бидний улс эв саналыг нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй, чадахгүй гэх явдал огт үгүй” гэж манай намыг үндэслэгч Дамдины Сүхбаатарын хэлж сургаж байсан хуучиршгүй үгийг санацгаая. Ийм ариун зорилго, эв нэгдэлтэй байгуулагдсан манай намынхан одоо ч нийт нэгэн үзүүрт сэтгэлээр их бүтээн байгуулалтыг эхлүүлэх итгэл төгс  хэвээр байна. Тиймээс одоо ирэх 20 жилээ угтан төлөвлөж, бодлого зорилтоо ярьцгаая.  

ХОЁРДУГААР НҮҮР

МАХН-аас ойрын 20 жилд Их бүтээн байгуулалтын талаар баримтлах бодлого, зорилт

Эрхэм нөхөд өө,  

Манай нам улс орныхоо ойрын 20 жилийг их бүтээн байгуулалтын үе гэж төсөөлж байна. Энэ бүтээн байгуулалтын эцсийн зорилго, үр дүн нь монгол хүний хөгжил, сайн сайхны төлөө байх ёстой. Учир нь нам бүхий л бодлогоо хүнээс ургуулан гаргаж, шүтэлцүүлж, гол цөмд нь Монгол хүнийг тавьж байна. Энэ бол манай намын бодлогын үндэс юм.

Хүний амь амьдрал, эрх, эрх чөлөө, нэр төр, өмч хөрөнгө бол халдашгүй нандин зүйл мөн гэсэн үзэл санааг нам тууштай баримталж ажиллах болно. Улс орны хөгжлийн эцсийн хэмжүүр нь хүний хөгжил, иргэдийн амьжиргааны түвшин, чанар байх учиртай.

Бид хөгжлийг тодорхойлохдоо улс орны өрсөлдөх чадварын индекс, хүний хөгжлийн индекс, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ зэргийг дэлхийн стандартын нэгдмэл хэмжүүрээр хэмжиж байх нь зүйтэй. Ингэж байж 2.7 сая Монголчууд бид энэ дэлхийн 6 тэрбум хүний хаана нь явна вэ гэдгээ тов тодорхой харах болно. Өөрөөр хэлбэл Монголчууд бид хүн төрлөхтний хөгжлийн, дэлхий ертөнцийн хүмүүсийн яг аль хавьд нь явна вэ гэдгээ багцаалж байх хэрэгтэй. Ийм стандарт хэмжүүрээр харвал өнөөдөр Монгол Улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийн улс орнуудын дотор 114 дүгээр байранд байна. Энэ үзүүлэлтээр 2015 онд 65-р байранд, 2021 он гэхэд эхний 50-р байранд орохоор зүтгэх тодорхой зорилт саналыг дэвшүүлж байна.

Ийм учраас манай намын ойрын үеийн зорилт бол :
Монгол хүнийг ажилтай, орлоготой болгох,
Монгол хүнийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд эрүүл байлгах нөхцлийг бүрдүүлэх,
Монгол хүнийг дэлхийн түвшний боловсролтой болгох,
Монгол хүн гэмт хэрэггүй, амар тайван орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх,
Монгол Улсыг энэ бүхнийг дааж чадах эдийн засгийн чадавхитай орон болгоход оршино.  

Монгол хүний төлөө гэсэн нэгэн багц зорилгод багтах эдгээр зорилтод хэрхэн, яаж хүрэх вэ гэдэг талаар одоо ярилцъя.
Монгол хүн бүр ажил, орлоготой байх нь хөгжин дэвшихийн үндэс мөн
Ажил хөдөлмөр бол амьдралын үндэс билээ. Монголчууд үүнийг “ажил хийвэл ам тосдоно” гэсэн маш энгийн гаргалгаагаар илэрхийлдэг. Бидний цаашдын 20 жилд хийх хамгийн том ажлын нэг бол ажилгүйдэл ядуурлыг бууруулах явдал. Цөөн хүнтэй Монгол орон баялагийн асар их нөөцтэй атлаа ядуурал ихтэй байгаа нь эмгэнэл юм. 

Өнгөрсөн хугацаанд ядуурлыг бууруулах чиглэлээр төрөөс, олон улсын ба гадаад, дотоодын төрийн бус байгууллагаас олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, асар их хөрөнгө мөнгө зарсан. Хүмүүнлэгийн байгууллагууд ч хандив өглөг их тараалаа. Байдал өөрчлөгдсөнгүй. Харин ч ядуурлын эргүүлэг улам гүнзгийрэх шинжтэй боллоо. Ийм байдлыг эцэс болгож, “ажилгүйдэл-ядуурал, ядуурал- ажилгүйдэл” гэсэн мухар эргүүлэгээс гарах гарцыг МАХН олж харах ёстой. Энэ бол их бүтээн байгуулалт. Их бүтээн байгуулалт бол асар том хөдөлмөрийн талбар, ажлын байрны багтаамж ихтэй зах зээл юм. Тэнд ажил ундарч, хүн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, хөгжин дэвжинэ. Ажилгүйдлийг бууруулж, ядуурлаас гарах бодитой гарц, хөгжил дэвшилд хүрэх баттай зам энэ юм. Манай нам бүтээн байгуулалтыг удирдах арвин туршлагатай учир энэ ажлыг манлайлж чадна. Их бүтээн байгуулалтанд гар бие оролцож, хийж бүтээснээрээ бахархах хүсэл эрмэлзэлд хөтлөгдсөн мянга, мянган гишүүд, Монголын нийт ард түмэндээ итгэж байна.

Манай намд бүтээн байгуулалтын маш тодорхой бодлого, хөтөлбөр байна. Эдийн засгийн бодлого бүхэлдээ үүнд чиглэгдэх болно. Монгол хүн бүр үндэснийхээ баялагаас оролцооныхоо хэрээр шударга хүртэх, иргэн бүр ажил хөдөлмөр эрхлэн байнгын орлоготой болох боломжтой байхаар хүний амьдралын чанарыг дээшлүүлэх нөхцөл бололцоог хангах нь намын эдийн засгийн бодлогын үндсэн зорилт байсаар байх бөгөөд эхний ээлжинд хүний хөгжлийг хангахад чиглэсэн эдийн засгийн бодлого баримтлах нь зүйтэй.

Энэ бодлогыг хэрэгжүүлэхдээ орчин цагийн дэвшилтэт зүүн төвийн социал-демократ намын хувьд зах зээлийн эдийн засаг дахь харилцааг тууштай эрчимжүүлэх, төрийн зохицуулалтыг оновчтой болгох, эдийн засгийн нийгмийн баримжааг гүнзгийрүүлэх зарчмыг баримтална.

Ойрын хугацаанд уул уурхайн салбар нь эдийн засгийн хөдөлгүүр, орлогын үндсэн эх үүсвэр байх болно. Иймд стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулахдаа үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах нь төр засгийн үүрэг тул гадны хөрөнгө оруулалтын хяналтын тогтолцоог бий болгож, дотоодын, ялангуяа орон нутгийн бараа үйлчилгээг худалдаж авах зарчмыг хуульчилж, уул уурхайн салбараас орох эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна. 

Бид эрдэс, түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж үйлдвэрийн газруудыг цогцолбор хэлбэрээр түлхүү хөгжүүлэх шаардлагатай. Манай намын хэтийн зорилго нь мэдлэгт суурилсан, байгаль орчинд ээлтэй, өрсөлдөх чадвартай, хүнд болон боловсруулах аж үйлдвэр хослон хөгжсөн эдийн засагтай болоход оршино.

Үүний зэрэгцээ газрын тосны бүтээгдэхүүнийг дотооддоо бага хэмжээгээр ч хамаагүй үйлдвэрлэж, эрчим хүчний хангамж, шинэ эх үүсвэрүүдийг барьж байгуулан дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, эрчим хүч экспортлох шаардлагатай байна. Шинээр ашигт малтмалын орд газруудыг ашиглах, уул уурхайн олборлолт, үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг дэмжин бүс нутгуудыг холбосон, далайд гарах боломжийг бүрдүүлж, Монгол улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал үүргийг гүйцэтгэх төмөр замыг сүлжээг өргөтгөнө. Өөрөөр хэлбэл, аж үйлдвэрийн нэмүү өртөг үйлдвэрлэх салбаруудыг дэмжиж, түүнийг дагалдах дэд бүтцийг бий болгоход онцгой анхаарна.

Их бүтээн байгуулалтын буухиа галт тэрэг нэгэнт хөдөлсөн. “Шинэ бүтээн байгуулалт”, “Шинэ төмөр зам” зэрэг улс орны хэмжээний том төслүүдийг санаачилж, төрийн бодлого болгон батлуулж эхний алхмаа хийгээд байна. Цаашид улам хурдлуулж, эрчийг нь авахуулах болно. Үүний тулд аймаг бүрт нэг томоохон төсөл хэрэгжүүлэхийг бид зорьж байна. Жишээлбэл, Баян-Өлгий аймагт Асгатын мөнгөний ордыг, Дорнодод ураны орд газруудыг, Дорноговьд “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборыг, Өмнөговьд Оюутолгой, Тавантолгойн орд гэх мэт төслүүдийг эхлүүлж үр дүнд хүргэнэ. Эдгээрийг дагаад олон арван мянган ажлын байр бий болгоно. 

Үүний зэрэгцээ ажлын байр олноор бий болох барилга, зам гүүр, аялал жуулчлал, харилцаа холбоо, худалдаа, банк, санхүүгийн болон үйлчилгээний бүх төрлийн салбарыг тодорхой бодлоготойгоор үе шаттай хөгжүүлнэ.
Орчин үеийн мэдээллийн болон нано, био зэрэг өндөр технологийг дэмжин инновацийг хөгжүүлэх замаар эдийн засгийнхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарна.  
 
Эдийн засаг, худалдааны чөлөөт бүс байгуулах, хөрөнгө оруулалтаар дэмжих, банк санхүү, даатгалын тогтолцоог зах зээлийн горимд бүрэн оруулах, хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчин, менежментийг сайжруулах зэрэг олон асуудал манай эдийн засгийн бодлогод багтаж байна.

Ядуурлыг бууруулах, харьцангүй чинээлэг нийгмийн дундаж давхаргыг бий болгоход төрөөс жижиг дунд бизнесийг дэмжих нь чухал гэдэгтэй бүгд санал нийлнэ. Өнөөдөр энэ чиглэлээр тодорхой ахиц байна. Анх удаа төсөвт тэрбум, тэрбумаар хөрөнгө суулгаж, орон нутагтаа төсөл шалгаруулж жижиг дунд бизнест санхүүгийн дэмжлэг үзүүллээ. Татварын таатай орчинг бүрдүүлж өгснөөр бизнесийн нааштай орчин бүрдэж эхэллээ. Гэхдээ олон чиглэлээр хийгдэж байгаа ажлыг нэгтгэж, илүү үр ашигтай болгож, хувийн хэвшлийн удирдлага, менежментийн зарчмыг нэвтрүүлэхэд онцгой анхаарах цаг нь болжээ. Олон улсын шугамаар орж ирсэн төслийг нэг газар удирдаад, төсвөөс өгсөн ажлыг өөр газар удирдаад, хөдөлмөр эрхлэлтийн шугамаар гуравдах газар ажиллаад байгаа нь бодит үр дүн гаргахад хүндрэл учруулж байна. Үүнийгээ ч засаж залруулах хэрэгтэй.

Өрхийн амьжиргааг дэмжих микро-бизнесийн талаар зориуд цохож хэлье. Энэ асуудлыг бүр мөсөн орхигдуулсан байна гэхэд хилсдэхгүй. Гол төлөв гэр бүлийнхээ хүрээнд ажилладаг, томоохон барьцаа тавьж зээл авах чадваргүй мөртлөө хэдэн зуун мянга, цөөн хэдэн сая төгрөгөөр эргэлдэж байгаа микро-бизнесүүд олон арван мянган гэр бүлийг ажил амьдралтай болгож, ядуурлын ирмэгээс холдуулж байна. Иймд төрөөс өрхийн амьжиргааг дэмжих микро-бизнесийн орчин, тогтолцоо, санхүүжилтийн асуудлыг шийдэх зорилт дэвшүүлж ажиллана.           

Хөдөө аж ахуй бол манай улсын хамгийн чухал эдийн засгийн том салбар билээ. Түүнийг эрсдэлээс үл хамаарах, үр ашигтай, эрчимжсэн, өөрийгөө бүрэн тэтгэх чадвартай, үйлдвэрлэл болгон хөгжүүлэх зорилгоор Хөдөөг цогцлуулах 21-р зууны бодлого, үйл ажиллагааг бид эхлүүлнэ.

Хөдөөгийн хөгжлийн цогц бодлогын хүрээнд мал аж ахуйн салбарт “Малчин-хоршоолол-үйлдвэрлэл” гэсэн шинэ эргэлтийг бий болгон, малчдын “өөрөө-өөртөө туслах”, “өөрөө-өөрийгөө удирдах” иргэний нийгмийн бүтцийг үүсгэн хөгжүүлэхийг дэмжих, малчдын боловсрол, мэдлэг чадварыг дээшлүүлэх, тусгай мэргэжил эзэмшүүлэх, малчдад үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах замаар амьдралын дадал, заншилд өөрчлөлт оруулах чиглэлийг баримталж байна.

Тариаланчдын ургуулсан улаан буудайд урамшуулал  өгч байгаатай адил эрүүл, өндөр ашиг шимтэй малтай малчдад болон үндэсний үйлдвэрт тушаасан түүхий эд, бүтээгдэхүүнд урамшуулал олгодог тогтолцоог бий болгоно.

Монгол улсынхаа үндэсний соёл, ёс заншил, өв уламжлалын үнэт баялгийг эрхэмлэн шүтэж, их ачааг нуруундаа үүрч яваа малчин түмнээ дээдэлж, мал сүргээ хамгаалах  манай намын уламжлалт бодлого хэвээр байх болно.  

“Атрын III аян”-ны хүрээнд өрнөсөн шинэчлэлийг эрчимжүүлж газар тариалангийн үйлдвэрлэлийг стратегийн салбар болгож, Монгол Улс экспортлогч орон болохыг зорино. Тиймээс байгаль дэлхийнхээ ашиг шимийг хүртэж, эх орныхоо хөгжлийг тэтгэж байгаа тариаланчдаа дэмжсэн бодлогоо улам өргөжүүлнэ.

Ажлын байрны тоог нэмэгдүүлэхэд Төв банкны бодлого, үүрэг чиглэл чухал юм. Дэлхийд олон оронд байдаг жишгийн дагуу Төв банк нь үнийн тогтвортой байдлыг хангах үндсэн чиг үүргээс гадна, үүний зэрэгцээ санхүүгийн тогтвортой байдал болон хөдөлмөр эрхлэлтийг бодлогоор дэмжих гэсэн хоёрдогч чиг үүргийг хүлээдэг болгох нь зүйтэй. Иймээс цаашид Төв банкныхаа чиг үүргийг өргөжүүлж, үнийн тогтвортой байдал ба хөдөлмөр эрхлэлт гэсэн тэнцвэртэй хоёр асуудлыг бодлогынх нь үндсэн чиг үүрэг болгох талаар судлан үзэх нь зүйтэй гэж үзэж байна.

Ийнхүү их бүтээн байгуулалтыг өрнүүлж, эдийн засгийг тэлэх замаар Монгол хүн бүр ажлын байртай болсноор манай улс байгалийн баялагт дулдуйдсан хэрэглэгч “баян улс” байхаасаа илүү хөдөлмөрөөрөө баялаг бүтээдэг бүтээгч ард түмэнтэй жинхэнэ хөгжилтэй улс орон болно. Тэр цагт бүтээн байгуулалтын эдийн засаг бүгдэд үр шимээ өгч хүн бүр үндэснийхээ баялагаас оролцооныхоо хэрээр шударгаар хүртэх тогтолцоо бүрдэнэ.

Ойрын 20 жилийн хэтийн төлөвөө манай нам ингэж тодорхой харж байна. Иймд их бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхийн тулд бид бүх боломж нөөцөө дайчлах нь ойлгомжтой. Саад бэрхшээлд шантрахгүйгээр “Хэцүү ч гэсэн хийж бүтээхийг зорьё” гэсэн уриагаар бүтээн байгуулалтаа өрнүүлж чадвал хүссэн зүтгэсэндээ заавал хүрэх болно. Та бид үүнийг хийж чадна. Энэ их үйл хэргийг манлайлан зүтгэхийг Их хурлын төлөөлөгч та бүхэндээ, намын нийт гишүүддээ хандан уриалж байна.

Эдийн засгийн өсөлт нь хүний хөгжлийн үндэс болох ёстой
Бид сая хөгжлийн төлөө гэсэн Монгол хүнийг хэрхэн бэлтгэх тухай ярилаа. Тэгвэл одоо хүний төлөөх хөгжлийн тухай цөөн хэдэн зүйл хэлье.
Хүний хөгжлийн материаллаг үндэс нь эдийн засаг түүний өсөлт юм. Иймээс манай намын эдийн засгийн бодлого энэ зүг чиглэх ёстой.

Манай эдийн засгийн өсөлтийн эмзэг, бүтцийн өрөөсгөл байдлыг өөрчилж, тогтвортой өсөлтийн баттай суурийг бүрдүүлэх нь манай намын эдийн засгийн бодлогын үндсэн чиглэл байх болно. Эдийн засгийн тогтвортой, баттай өсөлтийг хангаж чадсанаар нийгмийн асуудал, хүний хөгжлийн зорилтуудыг амжилттай шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.   

Иймд манай нам эдийн засгийн болон нийгмийн бодлогын уялдаа холбоог хангахад онцгой анхаарна. Учир нь сүүлийн 5 жилд нэг хүнд ногдох орлого 38.5 хувиар өссөн байхад ядуурлын түвшин буурахгүй байгаад дүгнэлт хийх ёстой. Өөрөөр хэлбэл эдийн засаг өсөөд байдаг, ажилгүйдэл ядуурал буурахгүй харин ч нэмэгдээд байдаг. Ийм урвуу хамаарал, гаж үзэгдэл нь манай эдийн засгийн тогтолцоо, нийгмийн баялагийн хувиарлалтын төрийн механизм эрүүл бус байгааг, эдийн засаг нь нийгэмдээ, хүндээ, өгөөж муутай байгааг илтгэж байна. Тиймээс бид энэ асуудлыг ирээдүйн бодлогодоо зайлшгүй харгалзаж үзэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох учиртай.

Өнөөдрийн нийгэмд тэгш биш байдлын тухай асуудал ихээхэн хөндөгдөж байна. Тиймээс орлого хувиарлалт, санхүүжилт, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн даатгал төдийгүй амьдралын гарааны тэгш байдал, ижил хүртээмжийг дэмжсэн бодлогыг зүүн төвийн намын хувьд илүү хүчтэй тавих зайлшгүй шаардлага байна. 

1999 оноос хувь хүний шимтгэлийн хуримтлалаас хамааран тэтгэвэр тогтоох нэрийн дансны шинэ тогтолцоонд шилжсэн билээ. Гэвч тэтгэврийн хэмжээ  тэтгэвэр авагчийн амьдралд хүрэлцэж байгаа эсэхийг хянан дүгнэж үзэх хэрэгтэй байна. Цаашид манай нам ахмад настны амьжиргаанд бодитой дэмжлэг үзүүлэхүйц байхаар тэтгэврийн шинэчлэл хийнэ.

Нийгмийн халамжийн үйлчилгээний 2008 оны гүйцэтгэлийг 1996 оныхтой харьцуулбал хамрагдсан хүний тоо 5 дахин, зарцуулсан хөрөнгийн хэмжээ 10 дахин нэмэгджээ. Нийгмийн халамжийн нийт зардлын 30 орчим хувь нь л тэтгэмж авбал зохих хэсэгт очиж, үлдсэн 70 хувь нь улс төрийн намуудын  сонгуулийн амлалтаас үүдэлтэйг судалгаагаар тогтоожээ. Тиймээс халамжийг очих ёстой эзэнд нь, эмзэг хэсэгт нь онож олгох төрийн бодлогыг хэрэгжүүлнэ. Бас хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулна. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулах асуудлыг ч шуурхайлан шийдэж энэ салбарт шинэчлэлийг зоригтой эхлүүлнэ. Мөн нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгож бүх хүн тэтгэврийн харилцаанд хамрагдах баталгааг хангах болно.  Эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнтэй, хувийн хэвшлийн бүтээгч чанарыг хөгжүүлсэн, их бүтээн байгуулалт, их үйл хэргийн талаар ярилцдаг, дундаж давхарга нь олонхийг бүрдүүлдэг тийм нийгмийг байгуулах нь бидний ирэх 20 жилийн том зорилт мөн.

Бүтээн байгуулагч хүн эрүүл байх ёстой

“Эрүүл биед саруул ухаан оршино” гэж эцэг өвгөд маань сургаж ирсэн. Бас “Эрүүл мэнд хамгийн үнэт баялаг” гэсэн эртний үг бий. Эрүүл биетэй, саруул ухаантай, эх оронч сэтгэлтэй, эзэн Монгол хүн бол манай улсын эрхэм дээд баялаг билээ. Устах аюулын эрмэгт тулсан ядуу буурай, өвчин зовлонд баригдсан XX зууны эхэн үеийн хагас сая Монголчуудыг эмчлэн эдгэрүүлж 2.7 сая хүргэсэн нь XX зууны түүхэн ололт, МАХН-ын нэг гавъяа мөн. Уг нь энэ салбарт болж бүтэж байгаа юм багагүй бий. Энгийн нэг жишээ дурдахад л Мянганы хөгжлийн зорилтуудад дурдсан эх, нялхасын эндэгдлийг 2015 он гэхэд хоёр дахин бууруулах зорилтыг бид бүрэн биелүүлэх боломж бүрдээд байгаа. Гэхдээ нэгээс бусад бүх эрхтэн эрүүл байгаад ч ганц л эрхтэн эмгэгтэй бол хүнийг бид цоо эрүүл гэж үздэггүй шиг эрүүл мэндийн салбарт ч дутагдалтай, доройтолтой байгаа зүйлс нь түүнийг бүхэлд нь доголдолтой болгон харагдуулж байгаа нь нууц биш. Цаашид хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёс хэвшүүлэх, эрүүл орчин бүрдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ хөгжих таатай нөхцөл бий болгох нь төрийн эн тэргүүний үүрэг байх ёстой гэж үзнэ.

    Эрүүл хүнс хэрэглэх нь эрүүл аж төрөх ёсны анхдагч нөхцөл юм. Тиймээс хүнсний аюулгүй байдлын хяналтын тогтолцооны асуудлыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх хэрэгтэй байгааг онцлоё.

    Нийт иргэдийг биеийн тамираар тогтмол хичээллэх нөхцөл боломж бий болгож, биеийн тамираар хичээллэсэн хүн бүрийг бүх талаар дэмжих орчин, нийгмийн уур амьсгал бүрдүүлэх нь нэг их хөрөнгө шаардахгүй хийх ажил. Энэ бүхэнд манай гишүүдийн манлайлал чухал.

    Гэхдээ хамгийн гол асуудал нь яагаад манайд эмчилгээгүй эмгэгтэй хэмээн оношилсон хүн гадаадад очоод эрүүл хэмээн оношлогддог юм бэ? Яагаад эрүүл хэмээн явуулсаар байсан зарим нь гадаадад очоод архаг эмгэгтэй гэсэн хатуу онош сонсдог юм бэ? Онош яагаад ийм хол зөрдөг юм бэ? Нэгэнт оношилсон эмгэгийг яагаад гадаадад илүү эмчлээд, энд эмчилж болдоггүй юм бэ гэх зэрэг олон “яагаад” гэсэн зүй ёсны асуултууд шил шилээ даран гарах боллоо.

Төрөөс иргэдэд үзүүлэх суурь үйлчилгээний нэг болох эмнэлгийн тусламж үйлчилгээ хөгжих таатай нөхцөлийг бүрдлүүлэх талаар дараах зүйлийг ойрын хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тухайлбал:
Нэг: Европ болон өндөр хөгжилтэй орнуудын эрүүл мэндийн салбарын стандарт, арга зүй, “ноу-хау”, технологийг Монголд нэвтрүүлэхийг зорино.
Хоёр: Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн хувиарлалтыг оновчтой, зарцуулалтыг үр ашигтай болгох шаардлагатай байна. Эрүүл мэндийн салбарын орлогын тэгшитгэлийг халж, сайн ажилладаг, ур чадвар, боловсрол өндөртэй нь илүү хөлс авдаг байх шударга тогтолцоог нэвтрүүлэх болно. 

Гурав: Эрүүл мэндийн даатгалын системд өрсөлдөөнт хоёр тогтолцоог нэвтрүүлэхийг зорино. Өрсөлдөөнт гэдэг нь даатгалын байгууллагууд нь даатгуулагчаа нэмэгдүүлэх гэж хоорондоо өрсөлддөг, эмнэлгийн байгууллагууд нь даатгалын байгууллагыг өөртөө татах гэж шударга ханддаг орчинг бүрдүүлэх тухай юм. Өөрөөр хэлбэл, даатгалын байгууллага – эмнэлэг – даатгуулагч гэсэн олон улсын стандартад нийцсэн тогтолцоог нутагшуулах гэсэн санаа юм.  

Дөрөв: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох шаардлагатай байна. Манай улс эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 3 шатлалын зохион байгуулалтай хэдий ч бодит амьдрал дээр дүүргийн эмнэлэгүүд нь эрүүл мэндийн хоёр дахь шатны  үйлчилгээгээ үзүүлэхгүй, харин гурав дахь шатны эмнэлэгүүд нь тэднийн үүргийг гүйцэтгэж, улмаар сонгодог утгаар нь нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хөгжүүлж чадахгүй байна. Иймд цаашид манай орны өнөөгийн нөхцөл байдалд нийцсэн бүтэц, зохион байгуулалтын оновчтой  хувилбарыг тодорхойлж, хэрэгжүүлэх арга хэмжээг дэс дараатай төлөвлөж,  ажил хэрэг болгох хэрэгтэй байна.
Тав: Эрүүл мэндийн салбарт төр ба хувийн хэвшлийн үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг болно.

Монгол хүн эрүүл байхын нэг үндсэн нөхцөл бол экологийн аюулгүй орчинд амьдрах явдал билээ. Гэтэл хүний энэ үндсэн эрх хотод ч, хөдөөд ч зөрчигдөж байна. Монголын байгаль орчны бохирдол доройтол нь манай өнөөгийн хамгийн ноцтой, хамгийн эмзэг нэн тулгамдсан бүх нийтээр анхаарлаа хандуулбал зохих асуудлын нэг боллоо. Байгаль экологийг сэргээх нь зарим талаар хүний өвчнийг анагаахаас хэцүү. Гэхдээ арга зам, гарц олон бий.

Байгаль орчныг хамгаалах бодлого манай намын үзэл баримтлалд онцгой байр суурь эзэлдэг. Эдийн засаг, эрх зүй, сурталчилгааны чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон хөтөлбөр, төслүүд манай намд бий. Энэ бүхнийгээ бид цаг алдалгүй хийж хэрэгжүүлж бодит үр дүнд хүрэх ёстой.    
Боловсролтой хүн бүхнийг бүтээнэ

Их бүтээн байгуулалтыг хийх хүн заавал боловсрол, мэргэжилтэй, дэлхийд өрсөлдөх хэмжээний чадвартай байхыг цаг үе биднээс шаардаж байна. Энэ нь нэгдүгээрт, манай бүтээн байгуулалт өөрөө том цар хүрээтэй, орчин үеийн техник, технологийн өндөр түвшнийг шаардаж байгаагаас, хоёрдугаарт, орчин үеийн бүтээлч сэтгэлгээтэй бүтээлч иргэн гэдэг бол дэлхийн хүний стандартад нийцсэн шаардлагаар нөхцөлдөж байгаа юм.

МАХН XX зууны Монгол оронд жинхэнэ боловсролын хувьсгал хийж, бүх нийтийг бичиг үсэгтэй, бага, дунд, тусгай мэргэжлийн боловсролтой болгож, дээд боловсрол, үндэсний шинжлэх ухааны тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөрийн бүх салбарт манлайлагч үндэсний сэхээтнүүдийг төрүүлсэн бахархам түүхтэй.

Өнгөрсөн 20 жилд манай нийгэмд тохиосон нэг эмгэнэл бол хот, хөдөөгийн олон хүүхэд сургууль завсардаж, нийслэлд гудамжны гэх хүүхдийн нэгэн давхраа үүссэн төдийгүй, нийгэмд оюун санааны хомсдол бий болсон явдал билээ. Энэ нь хүний мөс чанар, зан суртахуун, ёс зүйн эвдрэлд хүрснээр гэмт хэрэг, нийгмийн элдэв сөрөг үзэгдлүүдийг төрүүлсэн. Энэ бүхнийг засаж залруулах асуудал нийгэмд нэн хурцаар тулгараад байна.

Эдгээр бэрхшээлтэй асуудлыг даван гарах, улмаар дэлхийд өрсөлдөх боловсролын чадавхитай Монгол хүнийг сургаж бэлтгэх түүхэн үүргийг манай нам биелүүлнэ. Үүний тулд  боловсролын салбартаа олон өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлсэн. Энэхүү өөрчлөлт шинэчлэлтээ эрчимтэйгээр улам гүнзгийрүүлэх шаардлага байна. Учир нь манай боловсролын тогтолцоо олон улсын жишигт хэлбэрийн хувьд нийцэж байгаа ч агуулга чанарын хувьд тун доогуур байна. Бид боловсролын хүртээмжтэй тэгш байдлыг хангаж хот, хөдөөгийн боловсролын ялгааг арилгана. Бүх түвшний боловсролд олон улсын буюу хөгжилтэй орнуудын жишиг стандартыг нэвтрүүлэх ажлыг эрчимтэй хийнэ. Энэ бодлогынхоо хүрээнд чанарт биш тоонд анхаарсан, сургалтын төлбөрт тушигдсан санхүүжилттэй дээд боловсролын өнөөгийн тогтолцоог “мухар эргүүлэгээс” нь гаргаж зөв голдьролд оруулан, их сургуулиудыг бие даалгаж хотхон хэлбэрээр нь хөгжүүлнэ.

Монголчууд бид “Шавийн эрдэм багшаас” гэдэг. Тиймээс багш нарынхаа мэргэжлийн нэр хүндийг өргөхгүйгээр, тэдний ур чадвар, нийгмийн асуудлыг шийдэхгүйгээр энэ салбар хөгжихгүй гэдэг нь харагдлаа. Энэ нөхцөл байдалд дүгнэлт хийж боловсролын салбарт урамшууллын тогтолцоог зоригтойгоор нэвтрүүлэх болно. Тухайлбал, ерөнхий шалгалтын дүнгээр 600 онооноос дээш үнэлгээ авсан сурагчдын тоогоор багш нарыг нь урамшуулдаг болгоё. Харин сургуулийн өмнөх болон бага боловсролд бусдыг хүндэтгэх, эх орон, тусгаар тогтнол, байгаль дэлхийгээ хайрлах, үндэсний ёс заншлаа эрхэмлэн дээдлэх агуулгыг түлхүү оруулж, энэ талын үр дүнгээр нь урамшуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломжтой.       

Сүүлийн 20 жилд ШУ-ны салбарт ажиллагсдын тоо 3 дахин буурлаа. Иймд оюуны үйлдвэрлэл эрхлэгчдийн тоог өсгөж хамгийн гол нь шинжлэх ухааныг эдийн засагжуулах мөн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй боллоо. Мэдлэгийн үйлдвэрлэлийг их бүтээн байгуулалтад нэвтрүүлж “монгол толгой” Монголоо хөгжүүлж улмаар дэлхийн оюуны зах зээлд хүчээ сорих шинэ цагийг бид хамтдаа авчирна. 

Хөдөлмөрийн зах зээлтэй уялдаагүй, тоонд шүтсэн дээд боловсролын тогтолцоо өрх гэрт санхүүгийн дарамт үзүүлж, дипломтой ажилгүйчүүдийг бий болголоо. Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн тайлангаас үзвэл, өнөөгийн дээд сургууль төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин 35.5 хувь байгаа бөгөөд хүн амын эмзэг хэсгийн 25.5 хувийг дээд боловсролтой иргэд эзлэх болсон байна. Ийм гажиг байдал үүсэхэд нөлөөлж буй дээд сургуулиудад ард түмэн итгэх нь цөөрлөө. Дээд боловсролын зэрэгцээгээр хөдөлмөрийн зах зээлд тэнцэх боломжтой мэргэжилтэн бэлтгэх мэргэжлийн сургалт, үйлдвэрлэл, боловсролын төвүүдийг өргөжүүлэх тэдний сургалтын үйл явцыг ажлын байр, үйлдвэрлэлийн технологитой холбох бодлогыг улам эрчимжүүлэх арга хэмжээ авах болно. 

Гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлнэ

Ажил амьдралтай, боловсролтой соёлтой, эрүүл саруул хүнд ая тухтай гэр бүл, амар тайван нийгмийн орчин хэрэгтэй. Манай нам гэр бүлийн институцийг бэхжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллах ёстой. Тиймээс гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх, баталгаажуулахад чиглэсэн цогц бодлогыг явуулах нь бидний бодлогын нэг хэсэг байх болно.

Учир нь ажилгүйдэл, ядуурлаас улбаалсан архидалт зэрэг нийгмийн сөрөг үзэгдлийн улмаас гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллийн төлөөсийг өнгөрсөн хугацаанд төр нь ч, иргэн нь ч бишгүй амслаа.  Мөнгө орлого хөөж гэр орноо орхиж, үр хүүхдээ хараа хяналтгүй үлдээх зэрэг үзэгдэл гарах болсноос манай нийгмийн үндэс болсон өрх гэрийн аз жаргалыг эвдэж байна. Зөв хүн, зөв иргэнийг төлөвшүүлэх эх үндэс нь элэг бүтэн, энх амгалан гэр бүл гэдгийг төр мартах учиргүй. Тиймээс гэр бүл, залуучууд, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудлуудыг хүн амын өсөлтийн бодлоготой уялдуулан шинэ түвшинд гаргаж, энэ чиглэлийн асуудлыг хариуцдаг төрийн бүтцийг шинээр бий болгож, үйл ажиллагаанд нь оруулахыг бид зорино. Мөн хар тамхи, хүний наймаа, мөнгө угаах, авилга хээл хахууль гэх мэт хэргүүдтэй хатуу тэмцэх болно. Энэ төрлийн гэмт хэргүүдэд оноох ялыг улам чангатгах хэрэгтэй гэж үзэж байна. 

Өөрчлөх ёстой зүйлийн тэргүүнд хариуцлагагүй байдал орно
 

Нийгмийн бүхий л салбарт хариуцлагагүй байдал хавтгайрсанд олон нийт бухимдан дургүйцэж байна. Өөрөө хүлээх хариуцлагаа хэн нэгэн рүү шилжүүлдэг, бусад руу түлхдэг хандлага сүүлийн үед ихэссэн. Төр бүгдийг даах, хариуцах ёстой гэсэн зохисгүй хандлага ажиглагдах боллоо. Тиймээс төрийн үүрэг, хариуцлагын зэрэгцээ иргэний үүрэг, хариуцлагыг ч хамт ярих ёстой. Энэ нь нэг зоосны хоёр тал, төр, иргэн хоёр хариуцлагаа харилцан хүлээж байж бие биедээ тус хүргэнэ.

Хариуцлага бол эрх, үүргийн нэгдэл байдаг. Харамсалтай нь, зарим нэгэн эдлэх эрхээ сайн мэддэг, харин үүргээ санаатай санаандгүй умартдаг. Тиймээс манай нам гишүүндээ итгэл үзүүлэн аливаа ажил албан тушаалд тохоон томилсон бол тийм хэмжээний үүрэг хариуцлагыг нэхэн шаардах болно.

Шүтэх, эс шүтэх эрх чөлөө дэлгэрч, хүмүүсийн харилцаанд шинэ үнэлэмж бий болж буй хэдий ч нийгмийн ёс суртахуун доройтож, хүн хүндээ итгэх уламжлалт сайхан чанар алдагдаж байна. Иймд, ёс суртахууны соёл төлөвшүүлэхийн хирээр нийгэмд итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх нь чухал гэж үзэж байна. Ингэж чадваас нийгмийн харилцаа эрүүл болж, бусдын өмнө хүлээх хувь хүний үүрэг, хариуцлага нэмэгдэнэ. Энэ бол улс орны хөгжлийн чухал хүчин зүйл билээ.

Журмын нөхөд өө,
Аливаа бодлого, зорилт нь санхүү, эдийн засгийн үндэслэл тооцооноос гадна улс төрийн тааламжтай нөхцөл бүрдсэн үед л дэмжигдэн хэрэгждэг. Манай нам эдүгээ улс төр, эрх зүйн салбар дахь бодлогоо их бүтээн байгуулалтын зорилтыг хангахад чиглүүлэх нь чухал болж байна.

Эдийн засгийн өсөлтийг хөгжил болгох, нийгмийн баялгийн хуваарилалтыг илүү шударга, оновчтой болгох, хүн бүрт ажиллаж, хөдөлмөрлөх сэтгэлгээ бий болгох, иргэдээс төрд хандах итгэлийг дээшлүүлэхийн тулд засаглалын шинэтгэл хэрэгтэй. Энэхүү шинэтгэл нь Монгол Улсын цаашдын хөгжлийн нэг хөтөч гэж үзэж байна.

Зөв засаглалтай улс орнуудын эдийн засгийн өсөлт, орлогын түвшин хамгийн өндөр байдаг бол зөв бус засаглалтай аливаа улс орнуудын хөгжил бүхэлдээ хоцронгуй байдалд ордог нь ойлгомжтой.

Тиймээс бид засаглалын асуудалд онцгой анхаарч тогтолцоогоо эрүүлжүүлэхийн төлөө ажиллана. Өнөөгийн төрийн албаны данхар бүтцийг эргэж харах шаардлага байна.

Төр-иргэний холбоо суларч, төрд итгэх олон түмний итгэл буурч байгаа нь Монгол төрд тулгарч буй санаа зовоосон асуудлын нэг мөн. Шат шатны төрийн албан хаагчдын хүнд суртал, ажил үүрэгтээ сэтгэлгүй хандах явдал иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Төрийн бүхий л үйл ажиллагааны үр нөлөө, ач холбогдлыг бууруулж байна. Иймд, төрийн албыг иргэддээ үйлчилдэг, мэргэжсэн, тогтвортой, ил тод, чадварлаг, улс төрөөс хараат бус байлгаж, албан хаагчдыг зөвхөн мэдлэг, ур чадвар, хариуцлага, ажил хэрэгч чанараар нь сонгож шалгаруулдаг мерит зарчмыг тууштай хэрэгжүүлнэ. Тиймээс төрийн албаны сонгон шалгаруулалтыг энэ зарчимд нийцүүлнэ.

Манай ард иргэд УИХ-ын гишүүнээ мэддэг мөртлөө өөрийн амьдарч буй аймаг, сум, нийслэл, дүүргийнхээ засаг даргыг тэр бүр мэдэхгүй байна. Энэ бол аймаг сум, нийслэл, дүүргийн засаг дарга нарын үйл ажиллагаатай холбоотойгоос гадна тогтолцооны гажуудал гэж үзэж болно.

Монгол Улсад сонгуулийн ардчилал бодит зүйл болсон нь улс төрийн өөрчлөлтийн үр дүн мөн боловч шийдэх асуудал, хийх ажил их байна.
Сонгуулийн үед бөөн амлалт авчихаад хөгжлийн бодлого, төлөвлөгөөгөө дөрвөн жил тутам өөрчилдөг бас нэг мухар эргүүлгээс бид гарах хэрэгтэй. Нэг талаас, ард түмний төлөөллийн байгууллагын ардчилсан шинж чанарыг хадгалсан, нөгөө талаас, сонгогчдын санал хаягдахгүй байх сонгуулийн тогтолцоо хэрэгтэй байна.
Мөнгөний нөлөөллийг багасгах, Засгийн газрыг тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх, намуудыг бэхжүүлэх, сонгуулийн үйл явц, дүн олон түмэнд ил тод, ойлгомжтой, шударга байх чиглэлээр сонгуулийн хууль тогтоомжийг шинэчлэх нь чухал ач холбогдолтой. 

Сонгуульд хэдийгээр улс төрийн намууд оролцдог ч түүнийг зохион байгуулах, дүнг гаргах нь гарцаагүй төрийн ажил мөн. Тийм учраас улс төрийн нам, нэр дэвшигчийн сурталчилгаанаас бусад зохион байгуулалтын бүх ажлыг төрийн албаны тогтолцоо, төрийн албан хаагчдаар дамжуулан хэрэгжүүлэхээр хуулийн үзэл санааг боловсруулмаар байна. Ингэснээр сонгуулийн хэсэг хороо болон бусад асуудалд намын төлөөллийн, оролцооны тухай яриа байхгүй болж, элдэв хэрүүл маргаан багасахаас гадна хууль зөрчсөн төрийн албан хаагчдад хариуцлага тооцох механизм бүрдэнэ.

Нутгийн удирдлагын тогтолцоо, хэлбэрийн талаар нухацтай бодож шийдэх асуудал цөөнгүй бий. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг оновчтой болгох талаар хийх ажил их байна.

УИХ, Засгийн газраас төвлөрлийг сааруулах зорилтыг тунхаглаж ирсэн боловч дорвитой ахиц, дэвшил гарсангүй. Энэ нь нутгийн удирдлагыг сулруулж, орон нутгийн идэвх санаачилга хумигдахад хүрч, орон нутгийн хэмжээний асуудлаа бие даан шийдэхэд саад учруулсаар байна.

Иргэдэд хүрч үйлчилдэг, иргэдийн ажил амьдралын анхдагч орчин болж байдаг нутгийн захиргааны анхан шатны нэгжүүд, орон нутаг болон нийслэлд харилцан адилгүй ачаалалтай байна. Иймд төрийн үйлчилгээний стандарт боловсруулан орон нутгийн хөгжлийн индекстэй уялдуулах замаар иргэдэд очих төрийн суурь үйлчилгээний ялгааг багасгаж, тэгш, жигд, хүртээмжтэй байдлыг хангана.

Мөн төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр төрийн бус болон иргэний нийгмийн  байгууллагуудад хариуцуулж, гүйцэтгэлд нь хатуу хяналт тавьж ажиллах цаг нэгэнт боллоо. Иргэний нийгмийн оролцоог ингэж хангаж, төрийн ачааллыг багасгана. 

Монгол оронд өрнөсөн улс төрийн өөрчлөлтийн маргашгүй үр дүн бол эрх зүйн шинэтгэл хийж, эрх зүйн шинэ тогтолцоо, орчин бий болж байгаа явдал мөн.
Монгол Улсад ардчилсан нийгмийн олон талт харилцааг зохицуулдаг 400 гаруй хууль, мөн тооны хөтөлбөр батлагдсан судалгаа байдаг. Тэдгээрийн хэрэгжилт туйлын хангалтгүй байгааг иргэд, сонгогчид та бидэнд анхааруулсаар байна.

Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хууль хэрэгжүүлэх механизмыг оновчтой тогтоох нь хуулийг нэг мөр ойлгох, хэрэгжилтийг жигд хангах суурь нөхцөл гэж үзвэл зохино.

Хуулийн төслийн судалгаа тааруу, батлагдсан хуулийн чанар, хоорондын уялдаа холбоо сул байна. Хууль боловсруулахад иргэд, иргэний нийгэм, сонирхлын бүлэг, бусад байгууллагуудын оролцоог хангаж, аливаа дутагдлыг засаж залруулахын төлөө ажиллана.

Бидэнд төрийн бодлого, үйл ажиллагааны тогтсон, цэгцтэй ойлголт чухал байна. Бидний ойлголт нэгдмэл байвал бодлого тодорхой болно. Иймд бүх түвшинд үйл ажиллагааны нэгдсэн стандартыг бий болгож, хэвшүүлэхийг зорино.
Шинэ Үндсэн хуулийг баталж мөрдөж эхэлсэн үеэс л түүний тодорхой заалт, үндэслэлийн талаар шүүмжлэл, маргаан мэтгэлцээн өрнөснийг бид мэднэ. Ийм санал шүүмжлэл одоо ч өрнөсөөр байгаа. Энэ бүхэн Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдлыг нухацтай авч үзэж, зарим нэмэлт, өөрчлөлт оруулах цаг болсныг харуулж байна. Үндсэн хуулинд шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулахдаа суурь зарчим, бүтцийг хадгалан үлдээх замаар Үндсэн хуулийн эрх зүйн хөгжлийг хангавал зохино.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, эрх ашгийг улс төр, дипломатын аргаар хангаж, их бүтээн байгуулалт өрнүүлэхэд монгол төрийн гадаад бодлого чиглэх учиртай гэж манай нам үзэж байна.

Олон улсын харилцааны тогтсон зарчим, нийтлэг үнэт зүйлсийг хүндэтгэж, улс орныхоо өвөрмөц онцлог, үндэсний ашиг сонирхлыг дээдэлсэн харилцан ашигтай, олон тулгуурт гадаад бодлого явуулахыг манай нам санаачлан дэмжсээр ирсэн, одоо ч дэмжих болно.

Хоёр хөрштэйгээ үр ашигтай, найрсаг харилцааг өргөтгөхийн зэрэгцээ “гуравдагч хөршийн” бодлогын хүрээнд бусад улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ.
Ардчиллын үнэт зүйлсийг өөрийн орны нөхцөлд нутагшуулж, Монгол Улсыг ардчилсан төдийгүй бүтээн байгуулалтад умбасан орон болгох нь манай намын ойрын жилүүдийн зорилт юм.

Одоо намынхаа өөрийн шинэчлэлийн талаар илтгэе.
Гуравдугаар хэсэг
Манай нам шинэчлэгдэж байж улс орон хөгжинө

Намын ээлжит Их хурал бүхэн намын шинэчлэлийн асуудлуудыг их, бага ямар нэгэн хэмжээгээр хэлэлцэн, мөрийн хөтөлбөр, дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулж байжээ.

    МАХН анх байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн. Тухайлбал, дангаараа нам төрийг удирдаж байсан 1988 оноос эх орондоо улс төр, нийгэм-эдийн засгийн өөрчлөлт хийхийн тулд өөрчлөлтийг өөрөөсөө эхэлсэн юм.

    Ингэхдээ өөрийн чиг үүрэгт хүртээлгүй бүхий л ажилд намаас хутгалдан оролцож ирснийг зогсоох үүднээс нам ба төр, нам ба аж ахуйн ажлын зааг ялгааг гаргах, олон нийтийн байгууллагуудын бие даасан байдлыг хангах зэрэг зарчмын асуудлуудыг дэвшүүлсэн “МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Санал” гэсэн баримт бичгийг боловсруулан хэвлэн нийтэлж, олон түмнээр хэлэлцүүлсэн  нь ардчилал ил тод байдлын зарчимд нийцсэн чухал алхам болж байлаа. Уг хэлэлцүүлгийн дүнг судлан нэгтгэж, 1988 оны 12-р сард хуралдсан МАХН-ын төв хорооны V Бүгд хурлаас гаргасан тогтоолд “Эдийн засаг, улс төрийн систем, нийгэм, оюун санааны хүрээг бүхэлд нь хамарсан өөрчлөн байгуулалт хийх нь нам, ард түмний хойшлуулшгүй зорилт  болж байна” хэмээн тэмдэглээд намын болон нийгмийн амьдралын салбар бүрт хийх шинэчлэлийн чиглэлийг тодорхойлсон байна. Мөн энэ Бүгд хурал МАХН-ын Программ, БНМАУ-ын Үндсэн хуулийг шинэчлэн найруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах, хилсээр хэлмэгдэгсдийг цагаатгах тусгай комисс байгуулж ажиллуулах зэрэг цаг үеэ олсон шинэчлэл өөрчлөлтийн шинжтэй чухал шийдвэрүүд гаргажээ. Энэ бүхэн намд төдийгүй нийгэмд ардчилсан өөрчлөлтийн үзэл санааг дэлгэрүүлэх, улмаар өнөөгийн ардчиллын хөрс суурь, эхлэлийг тавьсан байна.

    МАХН-ын эрс шинэчлэлийг хэрэгжүүлэхэд 1990 оны 3-р сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны VIII Бүгд хурал нэн чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ Бүгд хурлаараа эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн, ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийг тайван замаар өрнүүлэх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө улс төрийн ухаалаг болоод зоримог шийдвэрүүд гаргаж, эрх мэдлээсээ татгалзсан анхны үлгэрлэлийг Жамбын Батмөнх тэргүүтэй манай намын удирдлага үзүүлсэн билээ. Уг хурал БНМАУ-ын үндсэн хуулинд байсан намын удирдан чиглүүлэх үүргээс татгалзах шийдвэр гаргасан нь Монгол улсад олон намын тогтолцоотой ардчилсан төрийн үндэс суурийг тавьж өгсөн юм. Бүс нутагт үлгэр жишээ болоод буй Монгол дахь ардчиллын эхлэлийг ийнхүү манай нам тавьж өгсөн бөгөөд түүний цаашдын бүхий л өөрчлөлтөд идэвхтэй оролцож ирсэн билээ.

    Эгзэгтэй, эрсдэлтэй он жилүүдэд намынхаа шинэчлэлийг санаачилж, гишүүдээ манлайлан зоригжуулсан үе үеийн намын тэргүүнүүд болох манай их хурлын хүндэт зочин Гомбожавын Очирбат, Бүдрагчаагийн Даш-Ёндон, Нацагийн Багабанди, Намбарын Энхбаяр, Миеэгомбын Энхболд, Санжаагийн Баяр нартаа намынхаа нийт гишүүдийн өмнөөс гүн талархал дэвшүүлж байна.  

    Одоо ч гэсэн бид ирээдүйн амаргүй сорилтуудад намаа бэлэн болгох хэрэгтэй байна. Намаа цаг үеийн асуудлыг мэдэрч чаддаг, хэрэгжилтийг нь хангаж чаддаг улс төрийн хүчин байлгах өнөөгийн шаардлага бидэнд тулгарч байна. Ийм болохоор намын маань шинэчлэл, өөрчлөлтийн асуудал зөвхөн манай намын гишүүдийн хэрэг төдий биш, нийт Монголчуудын ирээдүйтэй холбоотой үйлс юм гэдгийг бид бүгдээрээ сайн ойлгож байгаа. Намын гишүүд маань нам миний төлөө юу хийх вэ гэдгийг бус, бид намынхаа төлөө, улс орныхоо төлөө юуг хийх вэ гэж боддог байх ёстой. Бидний шинэчлэл нь зөвхөн намынхаа төлөө төдий биш. Намын шинэчлэл нь манай төрийн шинэчлэлийн нэг хэсэг гэж бид үзэж байна. Төрөө шинэчлэн сайжруулснаар улс орноо, амьдралаа шинэчилж, хөгжил дэвшилд хүрэх зорилгод оршино.

    МАХН улс орныхоо түүхэнд гүйцэтгэж ирсэн уламжлалаа бодсон ч, үүрэг хариуцлагаа бодсон ч нийгмийн амьдралын үйл явцыг жирийн нэг идэвхгүй дагалдагч байж болохгүй. Хэрэв идэвхгүй бодлого баривал Монгол орны цаашдын заяа тавиланг тодорхойлох ариун үүргээсээ, ард түмэн, нийт монголчуудын тусын төлөө гэсэн эрхэм зорилгоосоо татгалзсан хэрэг болно. Тийм намд улс төрийн тавцанд оногдох байр суурь байхгүй гэдгийг бид сайн ойлгож байгаа. 

Намын шинэчлэлийн асуудалд Та бид ийм сэтгэлгээний үүднээс хандах учиртай. Иймээс манай нам Монгол орноо, Монгол хүнээ хөгжүүлэх бодлогын үүднээс шинэчлэлээ хийж, шинж чанар, үзэл баримтлалаа тодотгон тунхаглаж улс орныхоо төлөө зүтгэх ёстой. Ийм ч уламжлалтай. Энэ үүднээс авч үзвэл нэгдүгээрт, МАХН (МАН) бол төр, улсынхаа тусгаар тогтнол, үндэснийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, ард түмнийхээ ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдлаа хамгаалан тэмцдэг улс төрийн хүчин байх ёстой. Энэ бол манай намын анхнаасаа баримталж ирсэн эрхэм зорилго, эрмэлзэх зүйлээс уламжилсан гол шинж юм. Хоёрдугаарт, МАХН (МАН) нь нийгмийн ардчилсан үзэл баримтлал бүхий, нийгмийн хамгааллын идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг, орчин үеийн, зүүн төвийн байр суурь бүхий улс төрийн нам байх ёстой. Энэ бол өнөө цаг үед манай намын тууштай баримтлан ажиллах бодлого, чиглэлийг тодотгож буй гол шинж юм.

Ийнхүү нам өөрийнхөө талаар эдгээр үндсэн зарчмуудаа баримталж  бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх болно. Намын хичээн эрмэлзэх зүйл, дүрмийн төслийг энэ зарчим, бодлогод нийцүүлэн шинэчлэн боловсруулж тодотгол, нэмэлт хийвэл зохино. 

Намын маань нийгэм, эдийн засаг, улс төрийн  бодлого, нам өөрийгөө шинэчлэх бодлого хоёр хоорондоо ингэж шүтэлцэж байх учиртай.  
Энэ дагуу Намын шинэчлэлийн тулгамдсан асуудлуудад та бүхний анхаарлыг хандуулъя

Намын шинэчлэл нь хоосон үг яриа, сүржин уриа лоозон, хийсвэр гэнэн төсөөлөл байж таарахгүй нь ойлгомжтой. Бодитой, тодорхой, үнэлэгдэх, хэмжигдэх зүйл байх ёстой. Товчоор хэлбэл, намын шинэчлэл нь намын үйл ажиллагааны өөрчлөлт шинэчлэлтээр үнэлэгдэнэ. Тэгвэл бид үйл ажиллагаандаа юуг анхаарч, юуг өөрчилбөл зохистой вэ? Манай намаас олон нийт юу хүсч, шаардаж, бас шүүмжилж эгдүүцэж байна вэ? Тэр зүйлийг л олж харж, зөв ухаарч, засаж залруулах нь нам шинэчлэгдэж байгаагийн нэг шалгуур болно гэж үзэж байна.
Энэ үүднээс харвал, юун түрүүнд намын боловсон хүчний бодлогын  шинэчлэл нэн чухал байна. Уг асуудлаар иргэдийн зүгээс ч, намын дотроос ч хамгийн их шүүмжлэл гардаг. Арга ч үгүй юм. Төрийн бодлогын хэрэгжилт, үйл ажиллагааны чанар чансаа, шийдвэрийн биелэлтийн хувь заяаг зөвхөн боловсон хүчин, тодорхой хүн шийддэг. Гэтэл тэнд нь хэн нэгэн чадваргүй, сэтгэлгүй, ёс зүйгүй, бүр хувийн сонирхолтой этгээд байх нь иргэдийн бухимдал, цухалдлыг төрүүлэх нь мэдээж. Тийм хүмүүс намаа төдийгүй төрийг муухай харагдуулж, иргэдийн төрд итгэх итгэлийг алдагдуулж, төр иргэний харилцааг сулруулж буй нь ихээхэн хор уршиг тарьж байна. Үүний нэг шалтгаан нь намын нэрээр төрд сонгогдож, томилогдох боловсон хүчний асуудалд  танил тал, нутаг ус харах, найз нөхөд болон бизнесийн холбоо, ашиг сонирхлын үүднээс хандах зэрэг өрөөсгөл хандлага байгаа юм. Энэ нь намын нэр хүндэд туйлын сөргөөр нөлөөлж байна.

Ийм хандлага ганцхан манай намын дутагдал биш. Бусдад ч тохиолдож байна. Гэхдээ асуудал нь үүндээ биш ээ. Хамгийн гол нь манай нам дутагдлаа засч үлгэрлэл, манлайлал үзүүлэх хэрэгтэй. Энэ бол шинэчлэгдэхийн нэг шалгуур. Иймээс хэн нэгнийгээ дагасан, бусдын хүсэлт дэмжлэгээр, тохиолдлын байдлаар, санамсаргүйгээр томилогдох бус, тухайн салбар, аль нэг байгууллагад ажиллаж, өөрийгөө нээж чадвар, чансаагаа харуулж чадсан, “тэнцэнэ” гэсэн хатуу шалгуурт нийцсэн хүнийг зохих шатны албан тушаалд дэвшүүлэн ажиллуулдаг зөв механизмтай болох хэрэгтэй. Ийм механизм манай намд байсан. Өндөр шалгууртай, шударга шүүлтүүртэй өмнөх үеийн боловсон хүчнийг сонгох зарчмыг сэргээхэд буруудах юм байхгүй. Энэ зарчмыг сэргээх тал дээр ихээхэн анхаарал тавьж байгаа ч боловсон хүчнийг сонгох тогтолцоог нарийн журамлах асуудал дутагдалтай байна.  

Боловсон хүчнийг шилж сонгох, томилох бодлого, зарчим, арга барилдаа өөрчлөлт хийхээс гадна томилогдсон, сонгогдсон хүмүүстэйгээ хариуцлага тооцдог байх нь чухал. Энэ чиглэлээр өөрчлөлт гаргахгүй бол намын бодлого гуйвж, нэр хүнд сэвтэхээс гадна төрийн ажилд тэр хэмжээгээрээ хохиролтой. Тиймээс ийм асуудлаар намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна.

Нам боловсон хүчний бодлогодоо ахмад, дунд, залуу үеийн төлөөллийг хамруулахыг зорино. Намд эрч хүчтэй шинэ цаг үеийн төлөөлөл орж ирж байгаад талархаж байна. Бид залуустаа боломжийн хаалгыг нээж өгч, хөгжих бүх л нөхцлөөр хангана.   

    Манай нам боловсон хүчний баялаг нөөцтэй гэж ярьдаг боловч өнөө үед байдал өөрчлөгдөж байгааг бас анхаарах хэрэгтэй. Намаас боловсон хүчнийг сургаж, дадлагажуулж, мэргэжлийг нь дээшлүүлж, давтан бэлтгэж ирсэн тогтолцоо үгүй болсноос боловсон хүчний нөөц, чадавхи хумигдаж байгаад дүгнэлт хийвэл зохино. Иймд “Боловсон хүчний бодлогын асуудал”-ыг шинээр байгуулагдах намын Бага хурлын хуралдаанаар тусгайлан хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлье.

Бидний шинэчлэлтийн хоёр дахь том зорилт бол намын бодлого, шийдвэрийн шинжлэх ухааны үндэслэлийг дээшлүүлэхэд оршино. Улс төрийн нам гэдэг оносон зөв бодлогыг гаргаж, түүнийгээ төрийн бодлогод тусгуулж хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг байгууллага. Тэгвэл аливаа бодлого, шийдвэр нь эдийн засгийн тооцоо, хууль эрх зүйн үндэслэл, улс төр, оюун санааны гаргалгаа, хэрэгжих нөхцөл бололцоо, зохион байгуулалт, үр дүнгийн бодит боломжид тулгуурласан байх учиртай. Гэтэл бид асуудалд ингэж хандаж чадаж байна уу? Сүүлийн 20 жилийг эргэн харахад нэгэн томоохон сургамж үлджээ. Бид зарчмын чухал асуудлыг шийдэхдээ бодлогын зөв шийдэлгүйгээр, нарийн тооцоо судалгаагүйгээр үүсэн гарах эерэг сөрөг үр дагаварыг эргэцүүлэлгүйгээр, бусад орны болсон болоогүй туршлагыг хуулбарлан импортолж, шинэчлэл нэртэй туршилт хийж ирсэн явдал юм. Дандаа тийм биш л дээ. Гэхдээ л эндээс алдаа завхрал багагүй гарсан.

Өнөөгийн дэлхий ертөнц, глобаль эдийн засаг, тэр дундаа хөгжилтэй улс орнуудын төрийн удирдлага маш нарийн тооцоо судалгаа, төлөвлөлтийг үндэслэн явагдаж байна.  
Тиймээс нам болоод төр шийдвэр гаргахдаа хэн нэгний сэтгэл хөдлөл, хов жив, ам дамжсан яриа, хэсэг бүлгийн сонирхол, шахалтаар биш хөдөлшгүй баримт, нотолгоо, нарийн тооцоо судалгаанд үндэслэдэг зарчимд шилжих ёстой. Бодлогын шийдвэр гаргах ийм тогтолцоог бид төлөвшүүлэн үйл ажиллагаандаа мөрдөж байх учиртай.  

Иймд нам бодлогоо тодорхойлохдоо шинжлэх ухааны үндэслэл, бодитой хэрэгжих нөхцлийг тооцоолдог мэдлэг оюуны хүчирхэг нөөцтэй болох нь энэ шинэчлэлд хамаарна.  Манай намд бодлого боловсруулах, санал зөвлөмж бэлтгэх нэгдсэн төв болох байнгын хороод ажиллуулах нь чухал болж байна. Улс төр, эдийн засаг, нийгэм, залуучууд гэр бүл, байгаль орчин хөдөөгийн хөгжлийн асуудал хариуцсан 5 байнгын хороотой байх саналыг оруулж байна.

Үүний зэрэгцээгээр салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачдын үнэлэлт дүгнэлт, санал зөвлөмжийг намаас зохион байгуулалттайгаар авч  байх нь намын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг улам нээлттэй, ил тод болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ.
Бага хурлаас сонгогдон байгуулагдах байнгын хорооны бүтэц, бүрэлдэхүүн, ажиллах журмын талаар шинэчилсэн дүрмийн төсөлд тусгасан. Энэ нь намын бодлогын шинжлэх ухааны үндэслэлийг дээшлүүлэхэд ач холбогдлоо өгнө гэж найдаж байна. Ийнхүү манай нам төрийн бодлогын шинжлэх ухааны үндсийг дээшлүүлэх замаар улс орныхоо хэтийн хөгжлийг бодитойгоор төлөвлөн ажиллаж чадна.
Намын дотоод ардчиллыг бэхжүүлэх нь намын шинэчлэлийн нэг чухал чиглэл мөн. МАХН бол дотооддоо өргөн ардчилалтай, өөртөө шүүмжлэлтэй хандаж чаддаг. Ямар ч үед эв нэгдлээ хадгалдаг нам. Урт удаан хугацаанд оршин тогтнож ирсний, цаашид оршин тогтнохуйн нэг бат үндэс энэ юм.
Асуудлыг нийтээрээ нээлттэй хэлэлцүүлж, олон талаас авч үздэг нь манай намын дотоод амьдралын нэг онцлог. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөгөө эдлэх замаар намын дотоод амьдрал, удирдлагын тухай гишүүд нь санаа бодлоо илэрхийлэх нь манай намд нээлттэй. Их хурлын өмнөх өргөн хэлэлцүүлэг ч үүнийг нотолсон. Хичнээн ч олон янз бодол санаа, байр суурьтай байлаа ч эцсийн дүндээ нэгдсэн шийдэл, нэгдмэл гарцыг олж чаддаг.
Цөөнхийн байр суурийг хүндэтгэн сонсоод асуудлыг олонхийн саналаар шийддэг, олонхиороо гаргасан шийдвэрээ цөөнх нь хүндэтгэж, бүр даган биелүүлдэг байх нь улс төрийн намын дотоод ардчиллын хэлбэрэлтгүй баримтлах зарчим, зөрчишгүй хууль билээ. Энэ зарчим, хуулийг намын аль ч шатны байгууллага шийдвэр гаргах үйл ажиллагаандаа хатуу мөрдлөгө болгох учиртай. Чухам энд л намын эв нэгдэл, сахилга батын амин сүнс, бат үндэс нь оршдог.
Нам дотооддоо ардчилсан зарчмаар ажиллаж, асуудлыг хамтаар ярилцаж олонхиор шийдвэрлэхдээ цөөнхийн саналд хүндэтгэлтэй хандаж гишүүд аливаа дарамт шахалтаас ангид байх нөхцлийг бүрдүүлж, гагцхүү намын дүрэм, ёс зүйн хэм хэмжээний хүрээнд ажиллах зарчмыг баримтлах болно. Намын бүх шатны байгууллагын шийдвэр гаргах түвшинд гишүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, сонголтыг нь хүндэтгэнэ.
Намын ажлын технологи, өөрийн гэсэн стандарт тогтоон мөрдүүлэх замаар дотоод ардчиллаа бэхжүүлж, сахилга, ёс зүй, хариуцлагыг тодорхой болгоно.
Намын амьдрал, дотоод ардчилалд өөрийн хяналтын байгууллагын гүйцэтгэх үүрэг, үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх болно. Намын бодлого, үйл ажиллагаа, эв нэгдэлд харш аливаа үйлдлийн эсрэг тууштай тэмцэнэ.
Намын дотоод үйл ажиллагааны нэг шинэчлэл нь юуны өмнө намын ажлын тулах цэг, тулгуур багана болсон НАШБ-уудад чиглэх ёстой. НАШБ-ын ажлыг сайжруулахгүйгээр, тэдэнд дэмжлэг үзүүлэхгүйгээр гишүүдийг идэвхжүүлэхгүйгээр намаас дэвшүүлж буй бодлого, цаг үеийн зорилтыг  хэрэгжүүлэх боломжгүй юм. Нам нутаг дэвсгэрийн зохион байгуулалтад шилжсэнээс хойш намын үүр, хороод шинэ нөхцөлд тохирох ажлын арга хэлбэрээ бүрэн олж чадаагүй л байна.

Манай намын зарим ажилтны улс төрийн мэдлэг, орон зай, цаг хугацааны мэдрэмж, сэтгэлгээний хэв маяг, ажлын арга барил нь нөхцөл байдлын өөрчлөлт, цагийн үеийн  хурдаас хоцорч байгаад ч дүгнэлт хийх хэрэгтэй.

НАШБ-ын ажлыг зөвхөн гишүүдийн хүрээнд хязгаарлах биш орон сууц, хорооны иргэд ялангуяа хүүхэд залууст эх оронч үзэл төлөвшүүлэх, шинжлэх ухааны мэдлэг, улс төр, эрх зүйн боловсрол олгох, тэднийг амьдрах ухаанд сургах, ардчилал, шударга ёсны үнэт зүйлийг дэлгэрүүлэх үйл ажиллагаатай холбох амьд бүтээлч эрэл хайгуул хийх шаардлага байна. Мөн намын анхан шатны байгууллагуудад үйл ажиллагааны шинэ стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлнэ.  
 
Намын гишүүд, дэмжигчдийн дунд ажил мэргэжлийн бүлгэм, холбоод, сонирхлын клуб, дугуйлан байгуулан ажиллах, үе үеийнхний уулзалт ярилцлага урлаг, спортын тэмцээн зохион байгуулах зэрэг сонирхолтой арга хэлбэрийг олоход манай залуу гишүүд, дэмжигчид илүү ихийг бодож сэдэх хэрэгтэй.
Намын анхан шатны байгууллага, идэвхтэн сонгуультны ажлыг дүгнэж урамшуулах тогтолцоог боловсронгуй болгох, ажлын үр дүн, өгөөжтэй нь уялдуулбал зохино.
Намын дотоод амьдралыг идэвхжүүлэхэд намын анхан шатны ба төв байгууллагуудын хоорондын босоо харилцааг төдийгүй намын үүр хоорондын хэвтээ харилцааг илүү өргөжүүлж, арга туршлагаа хуваалцах нь чухал. УИХ дахь намын бүлэг, МАХН-ын Удирдах Зөвлөл хоёрын хоорондын ажлыг бүхэлд нь уялдаа холбоотой болгож сайжруулах түүнчлэн Удирдах зөвлөл өнөө хэр нь тэр бүр анзаарч ирээгүй аймаг, нийслэл, дүүргийн хороодтойгоо шууд харилцаа, амьд холбоосоо улам бэхжүүлэхийг намын үйл ажиллагааны шинэчлэлд багтаан үзэж байна.

Гадаад орчноо мэдэрч, түүнд зохицож иргэний нийгмийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах нь манай намын шинэчлэлийн нэг чиглэл билээ
Аливаа улс төрийн намын оршихуйн нэг үндэс нь нийгмийн бааз суурь билээ. Монгол Ардын Нам анх үүсэн байгуулагдахдаа <<…монгол үндэсний их үйлсэд зүтгэсүгэй хэмээсэн…лам хар, эрэгтэй, эмэгтэй хэн ч атугай ….чинхүү үнэнч шударга явдалтан, манай намын суртлыг зөвшөөрөн хүлээж намын Дүрмээ дагах нь болбоос намдаа багтаан авъя…>> хэмээн тунхагласан билээ. Тунхаглалын энэ зарчмыг манай нам эдүгээ ч баримталж ирлээ. Ийм учраас манай намд элсэх, намын ажилд оролцох боломж чин шударга хэний ч хувьд нээлттэй.
МАХН ард түмний намын хувьд нийгмийн бүх давхраа, бүлгүүдийн эрх ашгийг илэрхийлэн хамгаалахыг зорьдог тул олон түмний дотор орж, тэднийхээ дуу хоолойг сонсож мэдэрдэг байх хэрэгтэй.

Иймд манай нам нийгэм хүмүүнлэгийн болон иргэний нийгмийн байгууллагууд, ажил мэргэжлийн холбоод, сонирхлын бүлгүүдтэй түншийн харилцаа тогтоож, харилцан ойлголцож, удирдлага, төлөөллийн санал бодлыг нь сонсож, нийгмийн амьдрал, улс төрийн төлөвшилд тэдний гүйцэтгэж буй үүрэг оролцоо, дэм тус, хувь нэмрийг дээшлүүлэхэд бүх талаар туслан хамтарч ажиллана.
Түүнчлэн МАХН-ын дэргэдэх болон дэмжигч төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлж, нийгэм, олон түмэнд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх талаар “МАХН XXI Зуунд” хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хамтран хэрэгжүүлнэ.  
Гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь үйл ажиллагааны шинэчлэлийн нэг хэсэг мөн

Манай нам гадаад бодлогын салбарт дэлхийн улс орнуудын намуудтай хоёр болон олон талын харилцаа тогтоож, хамтран ажиллаж ирсэн олон жилийн туршлагатай. Энэ боломж давуу талаа эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө зориулан ажиллана.

Улс төрийн намуудаас гадна, СоцИнтерн түүний салбар байгууллагууд болон олон улсын бусад байгууллага, хөдөлгөөн, сан, хүрээлэнтэй ажил хэргийн холбоо тогтоож, дэмжлэг туслалцааг нь авч дэлхийд монголоо зөвөөр таниулах, сурталчлахын төлөө тууштай зүтгэх учиртай. 

Намын гадаад харилцаа, хамтын ажиллагааны шинэ боломж, арга замыг эрэлхийлж, Монгол Улсын хөгжилд гадаад хүчин зүйлийг эерэгээр тусгахын төлөө бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэх нь бидний нэгэн зорилго болж байна.
Та бид энд дурдсан хэдэн чиглэлээр үйл ажиллагаагаа шинэчилж чадвал манай намын нэр хүнд, манлайлал, өрсөлдөх чадвар дээшлэх нь гарцаагүй.

Олон түмний итгэл, дэмжлэг бол манай намын хүч чадлын эх ундарга учраас нам, ард түмний холбоог бэхжүүлэх үүднээс олон түмэндээ үйлчлэн орших учиртай. Үүний тулд малчин хүн өглөө бүр цаг агаарыг шинждэг шиг, бизнесмен өдөр бүр биржийн мэдээ хардаг шиг, манай нам цаг ямагт олон түмнийхээ санаа бодлыг мэдэрч ажиллах ёстой. Намаас сонгогдож, томилогдсон хүмүүсийн үлгэр дууриал, ажил хэрэг, ёс зүй хариуцлагаас намын нэр хүнд хамаардгийг бид мартаж болохгүй. 

Бодлого, шийдвэрээ хэрэгжүүлэхийн төлөө тууштай тэмцэн амжилтад хүрэх нь манай намын нэр хүндийн нэг чухал үзүүлэлт мөн.
Харин одоо намын нэр, үзэл баримтлал, хөтөлбөр, дүрмийн төслийн талаар байр сууриа илэрхийлье.

Намын нэрийн тухайд:
1990-ээд оноос хойш манай нам Онц Их хурал болон XX, XXI, XXII, XXIV Их хурлуудаар намын нэрийн асуудлаа хөндөж ирсэн. Гэвч тусгайлсан шийдвэрт хүрээгүй өдий хүрчээ. Намын нэрийг солих нь эмзэг бөгөөд гишүүд дэмжигчдийнхээ санаа бодолд үндэслэн нухацтай хэлэлцэн шийдэх асуудал мөн. Гэхдээ намын нэрийг огт өөр нэрээр солих өөрчлөх тухай биш, манай намыг үүсгэн байгуулсан эх орончдын анх хайрласан ууган нэрээ сэргээн хэрэглэх эсэх тухайд тавигдаж буйг Та бүхэн сайн ойлгож байгаа.

Та бидний өвөг дээдэс маань “Монгол ардын нам” гэдэг байгууллагад нэгдэн, амь бие, эд агуурсаа огоорон зүтгэх” андгай тангараг өргөж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн мандуулахын төлөө зүтгэж зорьсондоо хүрсэн бахархалт түүхтэй. Тиймээс < Монгол Ардын Нам гэдэг бол өөр ямар ч улс төрийн хүчин зээлдэн хэрэглэх учиргүй, манай намын уугуул нэр юм. Манай нам Монгол Ардын Нам ч мөн, МАХН ч мөн> хэмээн намын XX Их хурлаас баталгаажуулсан.

Мөн манай намын XXIV Их хурлаас < Монгол Ардын Нам гэдэг нэрийг сэргээн авснаар …бид юуны өмнө үүсгэн байгуулагчдын хүсэл зоригийг гүйцэлдүүлж, …намынхаа өөрчлөлт шинэчлэлийн үр дүнг бататгаж байгаа хэрэг гэдгийг нотлоод намынхаа уугуул нэрийг сэргээцгээе > хэмээн уриалсан байдаг.

 “Хувьсгалт нам” гэдэг үгнээс бид цэрвээгүй. Манай нам XX зуунд үндэсний хувьсгал, нийгмийн хувьсгал, соёлын хувьсгал, ардчилсан хувьсгалын манлайд явж ирсэн. Энэ бол бодит түүх. Тухайн цаг үед, тухайн зорилтыг хувьсгалын замаар, хувьсгалт аргаар шийдэхээс өөр аргагүй байсан.

Тэгвэл өнөөдөр нөхцөл байдал өөр болж байна. Аливаа асуудалд хувьсгалт аргаар бус эв зохицлын аргаар хандах, сэтгэл хөдлөлийн романтик байдлаар биш шинжлэх ухаанч, прагматикаар асуудлыг шийдэж сэтгэхийг цаг үе Та биднээс шаардах боллоо. Иймд бид олон асуудалд “хатуу”-гаасаа илүү “зөөлөн” хандлагаар, уян хатан “дипломат” аргаар хандах хэрэгтэй болж байна. Манай намын нэр зорилгодоо хүрэх үйлдлийнхээ арга дэгтэй зохицож байх нь нийцтэй санагдана. Эдүгээ гадаад орчин өөр болж, олон улсын тавцанд манай нам өөрийгөө зөв илэрхийлэх асуудлуудтай ч бас тулгарлаа. 

Иймд түүхэн уламжлал, гишүүд дэмжигчид болон олон нийтийн санал бодол, одоо ба ирээдүй цагийн дотоод, гадаад байдал төлөвийг харгалзаж намынхаа уугуул нэр болох “Монгол Ардын Нам” хэмээх нэрийг сэргээх саналыг энэ Их хуралд оруулж байна. Та бүхнийгээ тал бүрээс нь хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрнэ гэдэгт итгэж байна.

Гэхдээ нам уугуул нэрээ сэргээснээр төрөл арилжих юм биш. Бас ингэснээрээ бүрэн шинэчлэгдчихнэ гэж огтхон ч бодохгүй байна.
Харин манай намын зорилго, үзэл баримтлал, байр суурь тодорхой. Бид үүнийхээ төлөө нэн “хатуу”, тууштай байх болно.

Намын үзэл баримтлалын тухайд:
Улс төрийн намын үзэл баримтлал бол бодлого, зорилтын төвлөрсөн илэрхийлэл, үйл ажиллагааны суурь зарчим, хэм хэмжээний үндэс билээ.
Иймд манай нам 1990 оноос хойш  удаа дараагийн их хурлуудаараа намын шинж чанар, үзэл баримтлалынхаа агуулга, мөн чанарын талаар эрэл хайгуулын шинэчлэлийг хийсээр ирсэн. Энэ удаа ч намын Их хурлын өмнө “Тэрэлжийн тунхаг”-ийн хүрээнд намын гишүүд, дэмжигчид маань намынхаа шинж чанар, үзэл баримтлалын талаар өргөн хэрэлцүүлэг өрнүүллээ. Мөн “Монголын улс төрийн ууган байгууллага МАХН ба улс төрийн үзэл баримтлал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, “Монгол Улс ардчилсан өөрчлөлтийн 20 жил, цаашдын зорилт” сэдэвт онол практикийн бага хурлуудыг тус тус хийж, өргөн хүрээтэй ярилцлага зохион байгуулж эрдэмтэн, судлаачид, иргэд, сонгогчдынхоо үгийг ч сонслоо. Ийнхүү намын хамт олны санаа бодол, нийгмийн өргөн хэлэлцүүлгийн дүнд үндэслэн намынхаа шинж чанар, үзэл баримтлалыг дараах байдлаар томъёолох саналтай байна. Үүнд: “МАХН /МАН/ бол Монгол Улсынхаа тусгаар тогтнол, үндэснийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн, нийгмийн ардчилсан үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам мөн” гэсэн томъёоллыг би Намын даргын хувьд санал болгож байна.

Зүүн төвийн нам гэдэг бол нийгмийн чиг баримжаатай, бодлогынхоо төвд хүнийг тавьдаг, хүний хөгжил, нийгмийн асуудалд илүү анхаарал хандуулдаг гэдэг нь олон түмэнд тодорхой биз ээ. Манай намын энэ байр суурь хувиршгүй. Улс оронд байгаа ядуурлыг бууруулах замаар нийгмийн хамгааллын цогц бодлогыг хэрэгжүүлнэ. Үр дүнд нь нийгмийн харьцангуй чинээлэг дундаж давхарга бий болгох нь манай бодлогын цөм байж ирсэн, цаашид ч байх болно.

Нийгмийн ардчилсан үзэл баримтлал гэдгийн цаана манай нам өмнөх Их хурлуудаас баталсан эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг эрхэмлэсэн намынхаа үзэл баримтлалыг төрийн зохистой зохицуулалттай зах зээл, нийгмийн хамгааллын оновчтой бодлого, иргэний  өргөн оролцоотой ардчиллын үзэл санаагаар баяжуулан тодотгож байна.

Үндэснийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн гэдэг нь нэг талаас, дээр дурьдсан нийгмийн ардчиллын үнэт зүйлс болсон хэм хэмжээ, зарчмуудыг үндэснийхээ язгуур эрх ашигт нийцүүлэх, нөгөө талаар, тусгаар тогтнол, өвөрмөц, соёл, уламжлал, ёс заншил, онцлогоо бодлого, үйл ажиллагаандаа ямагт харгалзан хичээн үйлдэнэ гэсэн утга бий. Ийнхүү манай нам уламжлал шинэчлэлийн шүтэлцээ, залгамж чанарын үүднээс хандан, үзэл баримтлалынхаа утга агуулгыг тодотгон томъёолж байгаа хэрэг юм. Ингэх нь намын шинэчлэлд ач холбогдолтой бөгөөд олон түмэнд ойлгомжтой байх болно гэж үзэж байна. Намын шинж чанар, үзэл баримтлалын тухай дээрх саналыг Та бүхэн тал талаас нь хэлэлцэн санал нэгдвэл намынхаа мөрийн хөтөлбөр, дүрмэндээ тусгах болно.

МАХН /МАН/-ын Мөрийн хөтөлбөр /Хичээн эрмэлзэх зүйл/-ийн төслийн  тухайд:
Намын мөрийн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаар Та бүхэн мөн хэлэлцэж шийдвэр гаргана. Аливаа намын мөрийн хөтөлбөр бол тухайн намын эрмэлзэх зүйл, эрхэм зорилго, бодлого, зорилтыг цогцоор нь илэрхийлсэн, хууль зүйн үндэстэй баримт бичиг байдаг билээ. Манай намд “Мөрийн хөтөлбөр” нэртэй хоёр баримт бичиг бидний ажил, амьдралын үндэс болдог. Үүний нэг нь “МАХН-ын Мөрийн хөтөлбөр”, нөгөө нь “Сонгуульд МАХН-аас оролцох Мөрийн хөтөлбөр” юм.

Цаашдаа бид сонгуульд оролцоход зориулсан баримт бичгээ “Мөрийн хөтөлбөр” гэдэг томъёоллоор, ерөнхий үндсэн мөрийн хөтөлбөрөө “Хичээн эрмэлзэх зүйл” гэдэг нэр томъёоллоор илэрхийлж байх нь зүйтэй гэсэн саналтай байна. Шинэчлэгдэж байгаа намын маань Мөрийн хөтөлбөр /Хичээн эрмэлзэх зүйл/ ямар байдлаар томъёологдох тухайд, Мөрийн хөтөлбөр товч байх уу, дэлгэрэнгүй байх уу гэдэг талаар ч бид ярилцсан. Хэт дэлгэрэнгүй Мөрийн хөтөлбөр олон талаараа оновчгүй байдаг нь амьдралаас харагдлаа. МАХН дангаараа улс орноо удирдаж байсан үеийн Мөрийн хөтөлбөр дэлгэрэнгүй байх нь зайлшгүй байв. Харин олон намын тогтолцоо бий болсон одоо үед манай намын ерөнхий хөтөлбөр өөрийгөө болон бодлого зорилтоо гишүүд, дэмжигчид, сонгогчдод ойлгомжтой, товч, тодорхой илэрхийлсэн, удаан хугацаагаар тогтвортой мөрдөгдөх баримт бичиг байх нь зүйтэй гэж Их хуралд бэлтгэх ажлын хэсэг болон намын Удирдах Зөвлөл үзлээ. Энэ бодомжийн үүднээс боловсруулсан “Намын хичээн эрмэлзэх зүйл”-ийн төслийн талаар ажлын хэсэг та бүхэнд танилцуулна.  
Манай нам цаашдын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө шинэ арга, шинэ сэтгэлгээгээр хийж байх болно.

МАХН /МАН/-ын дүрмийн төслийн тухайд:

“Намын хичээн эрмэлзэх зүйл” буюу үндсэн мөрийн хөтөлбөртэй уялдах өөр нэг чухал баримт бичиг бол “Намын дүрэм” юм. Намын дүрэм бол намын дотоод амьдралын ёс зүйн болон эрх зүйн харилцааг зохицуулдаг гол хууль билээ.
Манай нам түүхэндээ Дүрмээ хэд хэдэн удаа шинэчилж ирсэн. Үүнийг эргэн харахад энэ нь дур зоргын бус, нөхцөл байдлын эрх байжээ. Энэ удаа одоогийн баримталж буй Дүрмийн  агуулгыг үндсэнд нь хадгалан үлдээж, зарим нэмэлт, өөрчлөлт оруулах саналтай байна.

 Энэ нэмэлт, өөрчлөлт нь зөв бодлого, боловсруулж, үр дүнтэй хэрэгжүүлж чадахуйц бүтэц, зохион байгуулалттай, тайлагнал- хяналт- хариуцлагын тогтолцоонд суурилсан үйл ажиллагаатай байна. Бас гишүүд, дэмжигчдийнхээ идэвхтэй оролцоонд тулгуурласан ил тод, нээлттэй, дотоод ардчилал бүхий намыг төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.  Нөгөөтэйгүүр, нам бодлогоо дэвшүүлэхдээ шинжлэх ухааны үндэстэй, гишүүд, дэмжигчид, олон нийт, иргэний нийгмийн санаа бодлыг тусгасан байх шаардлагатай тухай би дурдсан. Иймээс дүрмэндээ бодлого боловсруулах байнгын ажиллагаатай байнгын хороог байгуулахаар тусгасныг их хурлын төлөөлөгч эрхэм журмын нөхөд минь болгоох биз ээ. Мөн манай нам өөрийн эрхэмлэн дээдэлдэг өнгө, билэг тэмдгээ ч гэсэн шинэчлэлийн бодлоготойгоо уялдуулан өөрчлөх хэрэгтэй болж байгааг та бүхэнд танилцуулна.

Их хурлын эрхэм Төлөөлөгчид өө,
 
Та бид намынхаа 90 жилийн ойг 4 сарын дараа тэмдэглэх гэж байна. Ой тэмдэглэх ажлаа бид зөвхөн баяр ёслол болгон хувиргахгүй. Туулсан замаа эргэн харж, ололт амжилт, алдаа дутагдалдаа үнэлэлт дүгнэлт өгч, сургамж авч, шинэ зорилго, зорилтууд дэвшүүлэх болно. Энэ үйл хэрэгт XXVI Их хурал томоохон хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Төрөлх намынхаа түүхт 90 жилийн ойд бэлтгэж, тэмдэглэхдээ гишүүд, дэмжигчид төдийгүй, олон түмний урам зоригийг сэргээсэн, ажлаа эрчимжүүлсэн, нэр хүнд өрсөлдөх чадвараа өсгөсөн ач холбогдол бүхий улс төрийн томоохон цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр бид ажиллаж байна. МАХН-ын 90 жилийн ой бол зөвхөн манай намын төдийгүй улс орон даяараа тэмдэглэх эх орончдын том  баяр байх болно. Ирэх онд бид Тусгаар тогтнолын ордныхоо үүд хаалгыг нээнэ. Энэ ордондоо тусгаар тогтнолын музейгаа байгуулна. Уг музейгаас Монгол улсад маань тусгаар тогтнол ямар өндөр үнээр олдсныг өнөөгийн залуус, Та бидний хойч үе мэдэж авахад ихээхэн ач холбогдолтой.

Иймд МАХН нийгмийн хариуцлагаа ухамсарладаг улс төрийн нөлөө бүхий хүчний хувьд ард түмэнтэй, иргэд сонгогчидтой, олон нийттэй харилцах бодлогодоо чанарын өөрчлөлт гаргахаар зорьж байна. МАХН бол бидний  амьдралын хамгийн үнэ цэнэтэй эрхэм зүйл болсон тусгаар тогтнол, эрх чөлөө, эв нэгдэл, уламжлалаа баталгаажуулж, түүхэн цаг үеүдэд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлийг манлайлж ирсэн улс төрийн хүчин болохын хувьд Их хурлуудынхаа шийдвэр бүрт шинэ нөхцөл байдалд тохируулан өөрийн шинэчлэлийн бодлогоо тодотгон хэрэгжүүлж ирсэн билээ.

Их хурлын төлөөлөгчид өө,
Эрхэм журмын нөхөд өө,

Нам бол хамтын оюун бодлын нэгдэл, бас хамтын хүсэл зорилгын нэгдсэн илэрхийлэл билээ. Үүний цаана үзэл бодол, итгэл үнэмшил, үнэлэмж зорилгоороо нэгдсэн хүмүүс л байдаг. МАХН бол 150 гаруй мянган гишүүдийн санаа бодол, хүсэл зорилгын нэгдсэн илэрхийлэл, асар том нийгмийн хүчин юм.

Улс төрийн энэ ууган, том хүчин юуг хүсэж, юунд зорьж байна вэ? гэдгийг нийгэм даяараа сонирхон харж байна. Манай намын дээд чуулга болох XXVI их хурал үүнд хариулт өгөх болно. Мэдээж та бүхэн хамтын оюун бодлоороо шүүн тунгаан ярилцах зүйл бишгүй байна. Юуны өмнө та бид улс орныхоо өнгөрсөн ба ирээдүйг 20 жилийн алслалтай авч үзэж сургамж, зорилтоо тунгаан хэлэлцэх шаардлагатай. Бид ирээдүйгээ маргаашаа 2-3 жилээр биш бүтэн 20 жилээр төсөөлж, том зорилт дэвшүүлэн хэлэлцэх гэж байна. Бидний зорилт бол их бүтээн байгуулалт. Бүтээе, босгоё, байгуулъя, хөгжүүлье гэж хүсэл, зорилгоо илэрхийлж, хүчээ нэгтгэж байна. Энэ бол бахархууштай үйл хэрэг.

Та бид энэхүү том зорилтоо биелүүлэхийн тулд томоор цараатай сэтгэж, алсыг харж, холыг зорьж үйлдэх хэрэгтэй боллоо. Энэ нь та биднээс өндөр мэдлэг, ухаалаг хандлага, буурьтай тооцоо, шаргуу зүтгэлийг шаардаж байна. Зорилтоо биелүүлэхэд Та бидэнд бас эв нэгдэл хэрэгтэй. Эв нэгдэлд бидний бүтээгч хүч чадлын ундарга бий. Бас “Эвлэвэл бүтнэ, ховловол гутна” гэсэн ардын сайхан сургаал үг бий. Тиймээс тулга тойрсон хов жив, өөр хоорондын тунирхал цухалдал, явцуу ашиг сонирхлоо хойш тавьж, шинэ үйл хэрэг, том зорилтынхоо төлөө, намынхаа үйл хэргийн төлөө, улс орныхоо хөгжлийн төлөө, өөрсдийнхөө ирээдүйн сайн сайхны төлөө санал бодол, хүсэл зорилгоо нэгтгэж, бие биеэ дэмжиж ажиллахаас илүү эрхэм зорилго үгүй санагдана.  
Та бидэнд дахиад бахархах түүх бүтээх түүхэн боломж байна. Хамтдаа оюун бодол хүч чадлаа нэгтгэн зүтгэе гэж уриалж байна.          

Их хурлаараа хэлэлцэж байгаа өөр нэг сэдэв бол намын дотоод амьдралын буюу намын шинэчлэлийн асуудал билээ. Намын дүрэм, хөтөлбөр, онол, үзэл баримтлал, зорилт чиглэл, бүтэц зохион байгуулалт, удирдлагын бүрэлдэхүүнийхээ талаар хэлэлцэн ярилцаж шийдвэр гаргана. Мөн энэ их хурал намынхаа уугуул нэрээ сэргээх эсэх талаар тодорхой шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

Манай намын өөрчлөлт шинэчлэлт нэрнээсээ эхлээд бодлого, зорилго, үйл ажиллагаа гээд өргөн хүрээнд хийгдэх ёстой. “Засах шинэтгэхийг алгуурлаваас унтсан мэт болно” гэж манай намыг үүсгэн байгуулагчдын нэг, Монгол Ардын Намын анхны дарга Солийн Данзангийн захиас бий. Иймээс Та бүхнийг намаа шинэчлэх үйл хэрэгт үнэн сэтгэлээсээ идэвхтэй оролцоосой гэж хүсч байна.
Та бид намаа шинэчлэх замаар, төр, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж, түүнийгээ үүрэг гэж ойлговол зохино. Бидний зорьж буй өөрчлөлт шинэчлэлт, бидний хийх их бүтээн байгуулалт, бидний бий болгох шударга ёс, хариуцлагын тогтолцоо, бидний манлайлал, зорилго тэмүүлэл манай улсад хөгжлийг авчрах болно. Үүнийг бид хамтдаа хийж чадна. Энэ их хурлын дараа манай намын нэгдэл нягтрал улам бэхжиж, нэр хүнд нь өснө гэдэгт итгэж байна.

МАХН бол мянга, мянган гишүүд, та бидний ариун нандин нэр төр, эрхэм дээд үнэт зүйл билээ. Энэ нэр төрөө эрхэмлэн дээдэлж, ахмад үеийн уламжлалыг дагаж, залуу үеийн сэтгэлгээгээр баяжуулж, намаа, нийгмээ шинэчлэн хөгжүүлэгч, бүтээгч, манлайлагч байхыг Та бүхэндээ хандан уриалъя.
Их хурлын эрхэм төлөөлөгчид, журмын нөхөд та бүхэндээ сайн сайхныг хүсэн ерөөе.Монгол улс минь хөгжин цэцэглэж, манай нам мандан бадрах болтугай
Анхаарал тавьсанд баярлалаа.

Төрийн ордон. 2010.11.04

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж