
Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Бэлхийн ойролцоо 19 настай Ц гэгч этгээд ээжийнхээ төрсөн эгчийг хүчирхийлж дараа хоолойд нь хутга зоож онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Түүгээр ч зогсохгүй нөхөр нь болох 55 настай эрэгтэйн амь насыг бүрэлгэсэн юм. Түүнд Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс 2010 оны долдугаар сарын16-ны өдөр бусдыг онц хэрцгийгээр хороосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 91-ээр зүйлчилж ялын дээд хэмжээ оноосон юм. Уг хэрэгт улсын яллагчаар нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Чулуунбаатар оролцсон байна. Шүүгдэгч Ц-д давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан юм. Шүүгдэгч Ц өмгөөлөгчөөрөө дамжуулан дээд шатны шүүхэд хандах хүсэлт гаргаснаар өнөөдөр түүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүх рүү шилжүүлсэн байна. Тэрбээр мөрдөн байцаалтын явцад “Хэрэв хүү нь байсан бол эцэг эхтэй нь хамт хороох байсан” гэж мэдүүлж байжээ. Хохирогчдийн хүү нь хэрэг гарах үед гадаадад суралцаж байсан бөгөөд шүүгдэгч Ц эцэг эхийг нь егүүтгэхээс хоёр цагийн өмнө хүүтэй нь утсаар холбогдсон байжээ. Хэрэгт өртсөн гэр бүлийнхнийг хороох болсон шалтгаанаа Ц “Зүгээр л хүн алмаар санагдсан” хэмээн мэдүүлжээ.
Н.Түвшин