Хэвлэлийн бага хуралд “Wisdom Production”-ы ерөнхий продюсер А.Уянга, “Амин шийдэл” PR, маркетингийн агентлагийн захирал Б.Баярсайхан, “Until Production”-ы захирал О.Болдсайхан, “Помогите нам-2” киноны зургийн дарга, жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий, дуучин Р.Номин-Эрдэнэ, Удвал охины ээж Мянганбаяр нар оролцлоо.
Энэ өдрийн хүрээнд зохион байгуулагчид монголд үндэсний өгөх өдрийг тэмдэглэж хэвшүүлэх болон хүнд өвчтэй Удвал охинд эмчилгээнд нь шаардлагатай байсан 50 сая төгрөгийг ард түмнийхээ дэмжлэгээр цуглуулах ажлыг өрнүүлсэн юм.
Өчигдрийн байдлаар бяцхан охины эмчилгээний зардалд “Том болоорой, Удвалаа” урлагийн оддын хамтарсан хандивын тоглолтоос 10 сая 200 мянган төгрөгийн тасалбар зарагдсанаас таван сая 800 мянгыг үйл ажиллагаанд зарлагджээ. Мөн “Помогите нам 2” буюу “Хуваарьгүй нислэг” киноны нээлтийн хоёр өдрийн орлого таван сая төгрөг болон “Хүн бүр 500 төгрөг” нэртэй хандивын хайрцаг хотоор аялуулан гурван сая 200 мянган төгрөг буюу нийтдээ 15 сая төгрөг хандиваар цугларчээ. Энэ нь охиныг БНСУ-ын Ионсей их сургуулийн эмнэлэгт шинжилгээ өгөхөд хүрэлцээтэй ажээ. Өгөх өдөр хөдөлгөөнийхөн тус эмнэлэгтэй байнгын харилцаатай байж, шинжилгээний дүн гарсны дараа цаашид эмчлүүлэх тал дээр хамтран ажиллахаар ярилцаж байгаа юм байна.
Монгол дахь Ионсей эмнэлгийн эмчийн хэлсэнчлэн эмчилгээний нийт зардал болох 50 сая төгрөг хараахан цуглаагүй ч Өгөх өдөр хөдөлгөөнийхөн эхний ээлжид охины шинжилгээг өгүүлэн эцсийн хариу гарсны дараа хөнгөлөлттэй эмчилгээ хийлгэх талаас нь одооноос хайн судалж байгаа юм байна.
Удвал охин хэдийгээр өнөөдөр БНСУ-ын Ионсей их сургуулийн эмнэлэгт шинжилгээ өгөх байсан ч эцэг, эхийнх нь визний асуудлаас болон түр хойшлон ирэх бямба гаригт Солонгосыг зорихоор болжээ.
Өгөх өдөр хөдөлгөөнийхөн энэхүү хандивын аянд зүрх сэтгэлээрээ оролцсон байгууллага, хувь хүн уран бүтээлчдийг www.dayofgiving.mn <http://www.dayofgiving.mn> сайт дээр зарлах бөгөөд санхүүгийн тайлангаа ч нийтэд нээлттэйгээр байрлуулах аж.