
-Юуны өмнө та өөрийгөө манай сонины уншигчдад танилцуулахгүй юу?
– Намайг Б.Лхагвасүрэн гэдэг. Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд амьдарч, “Хараагүйчүүдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”-ийн зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байна. 1981 онд төрсөн. Төрөлхийн хараагүй. 1992 онд Улаанбаатар хотод 29 дүгээр тусгай сургуульд сурч байгаад амьдралын боломжгүй байдлаас шалтгаалан тавдугаар ангиа төгсөөд л хөдөө мал дээр гарсан. Хараагүй хүн мал маллана гэж хэцүү. Тэгээд ч насан туршдаа аав, ээжээрээ хөтлүүлээд амьдрахгүйгээс хойш тэднийгээ байгаа дээр өөрийгөө дайчилж бие даая гэж бодоод Арвайхээр суманд ирсэн. Хараагүйчүүдийн эрх ашгийг хамгаалах төв байгуулъя гэж шийдээд зорьсон зорилгоо биелүүлж л явна. Манай салбар зөвлөл 2009 оны зургадугаар сард байгуулагдсан. Хараагүй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, авъяас чадварыг нь нээж өгөх, өөрсдийн дуу хоолойг төрд хүргэх зорилготой ажилладаг.
-Байгууллагынхаа тухай товч танилцуулвал?
-Арвайхээр сумын хэмжээнд 16-80 насны 105 орчим харааны бэрхшээлтэй хүмүүс байдаг гэсэн судалгаа бий. Бусад сумдын харааны бэрхшээлтэй иргэдийн судалгааг хараахан гаргаж амжаагүй байна. Салбар зөвлөл маань байгуулагдахаас өмнө манай хараагүй иргэд маш их ганцаардмал, саланги байдалтай байсан. Одоо бол хамтын хүчээ нэгтгэж, бид хөнгөлөлт эдлэх эрхтэй улс юм гэдгээ ойлгодог болсон. Монголын хараагүйчүүдийн үндэсний хороо бол манай дээд байгууллага юм. Өвөрхангай аймагт бидний үйл ажиллагааг дэмждэг олон байгууллага бий. Аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, “Өв хур”, “Тэгш дөрвөн хороо” зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс 70-аас дээш насны хараагүй иргэдэд сар тутам телефон утасны 10000 төгрөг олгож эхэлсэн. Мөн Монголын хараагүйчүүдийн үндэсний хорооноос өгөгддөг таван жил тутмын эмийн хангалтыг ч бас гаргадаг юм. Бидний зарим үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын тамгын газраас санхүүгийн туслалцаа үзүүлдэг бол Арвайхээр хотын Захирагчийн албанаас гялгар уутны хэрэглээг зогсоож цаасан уут хэрэглэх захирамж гарган бидний үйл ажиллагаанд томоохон тус хүргэсэн. Бид Улаанбаатар хотоос салбарлан хөдөө орон нутагт анх удаа “Эхлэл” цаасан уутны үйлдвэрийг байгууллаа. Мөн саяхан 98,5 долгионоор “Best” FM радиог ажиллуулж эхэлсэн. Улаанбаатар хотоос Дорнод, Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Ховд, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай зэрэг 10 аймагт шууд цацагддаг юм. Манай FM-ээр дамжуулж дээрх аймгууд болон Улаанбаатарт суугаа ах дүү, хамаатан садан, найз нөхөд, хэн нэгэнд мэндчилгээ дамжуулах бүрэн боломжтой. Нутгийн Захиргааны ордоны таван давхарт өрөө гаргаж өгсөн, тэндээ байрлаж байгаа.
– Цаасан уутаа борлуулах ажил хэр ахицтай байна вэ? Нэг хэсэг гялгар уут хэрэглээнээс гарч байснаа эргээд зарагдаад байдаг болчихож…
– Цехийн тоног төхөөрөмж эвдэрсэн учраас одоохондоо зогсонги байдалтай байгаа. Уг нь Бумбат, Оюу, Жигүүр-Оргил гээд төвүүдэд цаасан уутыг худалдаалж, хэрэглэгчид авч хэвшиж байсан юм. Манай цаасан уут худалдаанд гарахгүй байгаа ч иргэд маань байгаль орчин, эрүүл ахуйгаа хордуулахгүйн тулд ухамсраараа гялгар уутны хэрэглээнээс татгалзах хэрэгтэй л дээ.
– Байгууллагын гишүүдээс ямар саналууд ирж байна. Та бүхэнд ажиллаж амьдрахад хамгийн бэрхшээлтэй байдаг тулгамдсан асуудал юу вэ?
-Гишүүдээс ихэвчлэн өөрсдийн эрх ашиг дээр тулгуурласан санал хүсэлтүүд ирдэг. Жишээлбэл 60-доош хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүс ажлаа хийж, ажилласан жилийнхээ хугацаагаар тэтгэвэр тогтоолгоод дээр нь тэтгэмжийн мөнгө авдаг. Харин 70-100 хувийн хараагүй иргэд маань ердөө тэтгэмжийн доод хэмжээ 41000 төгрөг авдаг. Сая цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдээд 53500 болов уу даа. Энэ мөнгө амьдралд байтугай эм тариандаа ч хүрэлцдэггүй. Тиймээс тэгэврийн доод хэмжээнд хүргэж өгч болдоггүй юм болов уу гэсэн санал их тавигддаг. Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Зоригтод хүсэлт тавьсан ч хариу ирээгүй байна.
Хүндрэл бэрхшээлийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө ажилладаг байгууллагууд бий болсон болохоор олон талын асуудал ургаад байдаггүй. Мерси кор ОУ-ын байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө төсөл хэрэгжүүлж өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн. Эмнэлэгт оочер дугааргүй гээд оруулдаггүй, эрчим хүчний хөнгөлөлтөнд хамруулдаггүй тал бий. Хорооноос эрчим хүчний хөнгөлөлт үзүүлдэг хорин хүн нь бүрдчихсэн гээд байдаг юм. Тэдэн дотор харааны хөгжлийн бэрхшээлтэй иргэн ордоггүй шүү дээ. Мөн банкин дээр ихээхэн хүндрэл гардаг. Харуул хамгаалалт нь хаанаасаа очер дараалалтай байгаа , ямар теллер дээр очиж үйлчлүүлэхийг зааж зөвлөдөггүй. Би гэхдээ өөрсдийгөө хүмүүст зөв ойлгуулж бай гэж бусаддаа зөвлөдөг.
-Танаас хувийн чанартай асуулт асууж болох уу?
-Болноо.
-Хүний аль ч эрхтэн мэдээж чухал. Түүн дотроо нүд гэдэг бол тун чухал эрхтэн шүү дээ. Таны энэ нөхцөл байдлыг эрүүл хүн хэзээ ч ойлгохгүй байх?
-Манайхан намайг гурван настайдаа гэмлийн улмаас хараагүй болсон гэж хэлдэг. Харин би өөрийгөө төрөлхийн хараагүй гэж үздэг юм. Яагаад гэвэл би ээжийгээ ч хараагүй… /Тэрбээр хэсэг дуугуй суун нулимсаа арчиж байлаа/ Тэр үед эмнэлэг өнөө үе шиг хөгжөөгүй байсан. Эмнэлгээр биш ламаар явж цаг хугацаа их алдсан даа. Одоо эмчлүүлээд явбал хараа орох байх гэж найддаг. Нэг нүд гэрэл ялгадаг, өмнө байгаа юмаа тойроод явчихдаг болохоор горьдлого байна. Хүн гэртээ юм оёод юмуу компьютер дээр юм бичээд сууж байтал гэнэт тог тасарвал ямар болдог билээ. Хараагүй хүний орчин нөхцөл гэдэг яг түүнтэй ижил. Гэхдээ би аль болох эерэг талаас нь авч үзэхийг хичээдэг л дээ. Өөрийгөө дайчилдаг. “Би нүдгүй, би чадахгүй” гээд суугаад байвал бидний амьдрал улам л хүнд болно.
-Тэгэхээр өөртөө ямар нэг хүсэл мөрөөдөл агуулсан байх нь ээ?
– Энэ байгууллагыг байгууллагын дайтай болгохсон гэж хүсдэг. Тэдэнд хэрэгтэй бүхнийг бий болгож, чадваржуулж чадвал миний хүсэл мөрөөдөл. Мөн аймагтаа Хараагүйчүүдийн массажистийн төвийг байгуулах зорилготой явдаг. Учир нь хараагүй хүмүүсийн хурууны өндөгний мэдрэхүй илүү хөгжсөн байдаг болохоор массажистийг сайн хийж чадна гэсэн бодолтой байна.
– Бие бүтэн, ухаан саруул залуучууд гудамж метрлэхээс өөр ажилгүй суух нь олонтаа байдаг. Тэдний тухай та өөрийн бодлоо хуваалцаач?
– Манай Монгол улс халамжийг дэндүү хавтгайруулснаас ийм асуудал гарч байгаа юм л даа. Үүнээс гадна хэл ярианы соёл маш ихээр алдагдаж байна. Гудамжинд явж байхад залуус хэлэх, хэлэхгүй үг ярьцгааж явдаг. Өөрийгөө ч доромжлоод байгаа юмуу, намайг шоолоод байгаа юмуу эмзэглэл их төрдөг л дөө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хайрлаж яваасай гэж залуусаас хүсмээр санагддаг. Та бүхэн Монголын ирээдүй, төр барилцах түшээд шүү дээ. Зан суртахуун, хүмүүжлээ засч, оюун ухаан, мэдлэг боловсролоо нэмэгдүүлэн Монгол улсынхаа төлөө хамтдаа “урагшаа” гэж уриалъя.