
Оройтлоо гэж намайг хэн зэмлэх вэ? Ойчно шүү гэж үрд минь хэн хэлэх вэ? Очихсон гэж би хэндээ яарах вэ? Оочиг доо гэж цайгаа хэндээ аяглах вэ?
Ижийгээ анирлахад би өнчирсөн. Ээлгүй орчлонд гомдсон. Гэсэн ч хат суусан. Хайрын дээдийг минь аваад одсон харанхуй өдрийг үзэн ядсан.
Миний ээж гэж дэндүү гэмээр сайхан сэтгэлтэй, өгөөмөр, өглөгч, асрал энэрэл нь алгандаа үл багтсан нэгэн байлаа. Саальтай энгэр, сүүтэй хувин, нүүр дүүрэн гэрэл гэгээ нь одоо бидэндээ үгүйлэгдсээр. Тийм агуу, тэнгэрлэг буянтай хүмүүн дэргэд минь намайг түшиж, тулж байсныг би тэр харанхуй өдөр л мэдэрсэндээ харамсанам.
Ижий минь биднийг орхихоос хэдхэн хоногийн өмнө Охин минь буруу зөрүү юм бичиж хэрэг төвөгт оров доо. Ээж нь их санаа зовж байна. Чи их зөрүүд шүү, хүний хэлсэнийг сайн бодож бай гэсэнсэн. Таныхаа хэлсэн сүүлийн захиасыг би үргэлж санаж явнаа. Т а намайг одоо ч гэсэн харж байгаа. Алдах вий хэмээн айж байгааг тань мэдэрч байна.
Харин би тандаа жил бүр өгдөг бэлгээ авч байнаа. Хэдийгээр та минь бурхны оронд заларсан ч хэмжээлшгүй өгөөмөр сэтгэл зүрх чинь миний дотор оршсоор байгаа болохоор л тэр.
Хааяахан сэтгэл хямарч, хэн нэгэнд гомдсон тунирхал, болохгүй бүтэхгүй болгоноо би ээжтэйгээ л хуваалцдаг байлаа. Хэзээ ч, ямар ч цаг үед хүнд сурталгүй, хүлээлгэдэггүй ярилцдаг хүн бол миний муу ээж байлаа. Жаргалтай байж дээ би тэгэхэд. Ээжийг минь 60 насыг зооглосон ч гил хар үс, яралзсан цагаан шүд нь хэвээрээ д байдагсан. Т а ч мөн өтлөхгүй юм аа гэж нутгийн хүмүүсийг хэлэхэд ижийн минь дотроо их л баяртай байдаг нь андашгүйсэн. Буянтай царайдаа мишээл тодруулаад цайгаа оочилно.
Дунд сургуулийн жаахан охин байхдаа амралтаараа гэртээ харихад ижий минь зэлэн дээрээ хэдэн үнээгээ шувтарч биднийг угтана. Би онц гарсан, Туяа дунд гарсан гэж онгирч үнсүүлээд, тугалаа татаж өгч байхдаа гандсан алчуурыг нь анзаарч шинээр сольж өгөхсөн гэж бодох ч сургуулийн бяцхан жаалд тийм мөнгө хаанаас олдоо аж. Харин их сургуулиа төгсөөд хотоос муу ижийдээ өөрийнх нь их таашаадаг эрээн цэцэгтэй даавуун алчуурыг авч өгүүлээд нэг их сэтгэл онгойж билээ. Тэр алчуураар ижий минь олон ч жил гоёсон доо.
Аав минь хааяахан сархад зооглочохоод ирэхдээ манай хөгшний нэрсэн архи мөн ч аатай гарна шүү гээд ээжээс минь нэрмлийн юм шаналгана. Ээж минь яахав дээ муу өвгөний минь буян болохоос минийх биш дээ гээд зуны халуунд нозоорон байж гурван усаар гаргаж авсан хорз шиг архийг аавд барина. Ханийнхаа гарын монгол архийг уугаад аав минь унтаад өгнө дөө.
Ээжийн минь сүүлийн амьсгалаа хураасан модон орон дээр өдөр бүр сууж эргэж ирэхгүй ээжийхээ тухай боддог болсон. Яагаад ч юм би тэр сайхан буурлаа яг одоо ороод ирэх юм шиг санаад жаахан хүлээнэ. Зургийнх нь өмнө асаасан зулын цаанаас Миний охин одоо ажилдаа яв даа гэх шиг зөөлөн ширтэхийг хараад би ээжээсээ үүрд хагацсанаа ухаарсан.
Нэг л ханхайсан хөндий ч юм шиг болсон гэртээ би хэнийг ч юм бэ хайгаад л. Хэн ч юм бэ нэгэнд цайгаа дутуу аяглаад байх шиг. Хорвоо гэдэг миний төсөөлж байснаас хавьгүй илүү хатуу юм .
Өнө мөнхийн ачлал, өр нимгэн сүүтэй бурхан ээжийгээ би ямар их үгүйлнэ вэ.