Төмс, хүнсний ногооны бизнес эрхлэгчид зөвлөлджээ

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Төмс, хүнсний ногооны бизнес эрхлэгчид зөвлөлджээ

Нийслэлийн хэмжээнд жилд 1000 гаруй тонн төмс, хүнсний ногоо хураан авдаг. Энэ хэмжээг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй бэрхшээлийг сонсч, гарах арга замын тухай харилцан ярилцахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйлдвэрлэлийн хэлтэс, захирагчийн ажлын алба, хөдөө аж ахуйн газраас нийслэлийн хүнсний ногоо үйлдвэрлэгч, борлуулагч, импортлогчдыг хамруулсан хагас өдрийн хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулсан байна.

Нийслэлд ийм төрлийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, үйлдвэрлэгч, худалдаалагчдын хоорондын уялдааг сайжруулах нь уг хэлэлцүүлгийн гол зорилго хэмээн зохион байгуулагчид хэлж байсан. Хүнс хөдөө аж ахуйн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжилзүйн болон гааль, газрын албныхан хэлэлцүүлэгт оролцжээ. Хүнсний ногоо тариалагч нар үрийн стандартад анхаарал хандуулах цаг болсныг, төр хувийн иргэдийн хамтын ажиллагаанд саад олон байгааг, боловсруулах үйлдвэрүүдийг олноор байгуулах, борлуулалтын сүлжээ, импортын ногооны хяналтыг сайжруулах зэргээр саналаа хэлцгээж байсан. Харин төрийн байгууллагын төлөөлөл “Төмс, хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээ”, “Хүнсний ногооны үйлдвэрлэлийн өнөөгийн байдал” зэрэг сэдвээр илтгэл тавьж үрийн стандарт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, жимс жимсгэний импортын өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Хүнсний ногоо тарих зориулалтаар иргэд, аж ахуйн нэгжид бүх дүүрэг газар хуваарилж байгаа юм байна. Өмнө нь газар авсан ч зориулалтаар нь ашиглалгүй хашаа байшин барьж амьдарч буй, хашаа татсан болоод ашиглалгүй орхисон зэрэг тохиолдолд уг газрыг буцаан авч зориулалтаар нь ашиглах, эсвэл өөр хэн нэгэнд нь хуулийн дагуу өгөх учиртай. Үүнийгээ ч мөрдөж ажиллахаа холбогдох албаныхан хэлж байна. Нийслэлийн удирдлага аж ахуйн нэгж, хувь хүмүүст хүнсний ногоо тариалж өөрсдийн ахуй амьдралаа дээшлүүлэх, иргэдээ эрүүл хүнсээр хангах нөхцлийг нь бүрдүүлж, боломж бололцоог нь нээж өгөх тал дээр түлхүү анхааран ажиллах бөгөөд ийм боломжийг өөрсдөдөө бий болгохын тулд иргэд хэнд хандах, ямар бичиг баримт бүрдүүлэхийг нь ч тодорхой болгож, хэвлэл мэдээллээр зарлах юм. Мөн нийслэлийн хэмжээнд намар хурааж авсан төмс, хүнсний ногоогоо хадгалах томоохон зоорь барих асуудал ч яригдаж байгаа юм байна. 

Д.Цээпил

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж