Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

МАХН-МАН-МАХН

Өнөөдөр МАХН-ын Их хурал эхэлж байна. Их хурлаар намын нэр, үзэл баримтлалыг шинэчлэх хийгээд ирэх 20 жилд барих хөгжлийн бодлогоо ярилцах гэнэ. Үүний тулд намын Их хурлын 1200 гишүүнээс 801-ийг нь урьж ирүүлсэн нь сонирхол татаж байна. Үлдсэн 400-гаад гишүүн нь бодвол өөрчлөлтийн эсрэг байсан бололтой юм. Түүнээс биш энэ нам Их хурлын гишүүдийнхээ замын зардлыг танах хүртлээ модоо барьчихаагүй л дээ. Улс төрийн намын тухай хуулинд шинээр нам байгуулж байгаа нөхөд дор хаяж 801 хүний гарын үсэг цуглуулж байж Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Уг нь бол МАХН-ын дарга нарын ярьж буйгаар энэ нам нэрээ солих, шинэ нам байгуулах бус хуучин нэрээ сэргээн авч байгаа юм гэсэн. Гэвч урьд өмнө манай улс төрийн намуудын түүхэнд ийм зүйл тохиолдож байгаагүй учир намын удирдлагууд Дээд шүүх дээр бүдрэхгүйн тулд ямар ч байсан хуулинд байгаа заалтыг барьж 801 хүнийг цуглуулсан байна. Нөгөө талаас энэ нь “Улс төрийн шинэ хүчин гарч ирж байна” гэх хөндлөнгийн ажиглагчдын дүгнэлтийг ч гэсэн баталгаажуулж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, МАХН-ын удирдлагууд ямар ч үнээр хамаагүй “МАХН” хэмээх нэрнээс салах ганц зорилго өмнөө тавьжээ гэж харагдаж байна. Хоёр сарын өмнө хуралдсан МАХН-ын Бага хурлаар энэ асуудлыг бараг шийдчихсэн. Одоо Их хурлын гишүүдээр батламжлуулах л үлдээд байгаа хэрэг.

Харин таван жилийн өмнө энэ намын даргын албыг хашиж байсан Н.Энхбаяр өөр бодолтой байгаа. Тэр хоёр сарын өмнө Бага хурлын гишүүдэд хандан ил захидал бичиж, намынхаа нэр үзэл баримтлалыг хамгаалан үлдэнэ гэдгээ мэдэгдэж байсан. Учир нь тэр Ерөнхийлөгчийн албан тушаалаас бууж, намынхаа гишүүнчлэлийг сэргээсэн нь Бага хуралд сонгогдож чадаагүй, тийм боломжийг ч намынх нь удирдлагууд олгоогүй тул тойргийн гаднаас чулуу шидэх л арга зам үлдсэн билээ. Нэгэнт намынх нь удирдлагууд болон Бага хурлын гишүүд түүний Ил захидлын хариуд “Гэлэн гуай гэх нь байтугай гөлөөг ч гэх хариугүй” өнгөрсөн учир мань эр өөрийнхөө нүүдлийг нүүж, намын жирийн гишүүдийн саналыг цуглуулж эхлээд байгаа билээ. Ингээд намын Их хурлын өмнө дугаар хорооны иргэн, анхан шатны үүр хорооны гишүүн Н.Энхбаяр Их хурлын гишүүдэд хандаж дахин нэг Ил захидлыг илгээв. Тэр намын дарга нартаа “Гагцхүү сонгуульд унасан бол, нийгмийг бүхэлд нь хамарсан томоохон өөрч­лөлт болж, түүний давал­гаанд цохиулж байгаа нам л нэр, үзэл баримтлал өөрчилдөг. Сон­гуульд унахыг ёрлож бай­гаа юм шиг намын нэр, үзэл баримт­лалаар оролдоод хэрэг­гүй” хэмээн сануулж, үүнээс хойш “хаана үнэн үг, шударга үйл байна тэнд би байх болно” хэмээн мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, тэр МАХН-ын одоогийн дарга нартай зам нийлэхгүй гэдгээ анхааруулсан хэрэг.

Саяхан түүний өөрийн телевизээр жигүүрийн Н.Удвал, улс төр судлаач Л.Молор-Эрдэнэ нар оролцсон нэгэн нэвтрүүлгийн үеэр тэд “МАХН-ын дарга нар жирийн гишүүдийн саналыг үл ойшоон нэрээ сольвол бид МАХН-ын нэрийг авч үлдэнэ” гэдгээ мэдэгдсэн. Энэ бол Н.Энхбаярын хувьд магадгүй Ерөнхийлөгчийн сонгууль унасныхаа дараа гаргасан шийдвэр нь байх. Харин дараа дараагийн алхмууд нь бол зүгээр л үйл явдлын өрнөл болж харагдаж байна. Гэвч энэ нь хуулийн хувьд бололцоотой юу гэдэг л хамгийн гол асуулт. Энэ удаагийн МАХН-ын Их хурлын гишүүдийн ирцийг Их хурлын нийт гишүүдийн дөнгөж гуравны нэгээр бүрдүүлсэн гэдгийг өмнө хэлсэн. Тэгэхээр үүн дотор Н.Энхбаярын талд зогсох хүн хэр олон бол, тэд Их хуралд оролцох мандатыг авахдаа намын удирдлагын өмнө ямархуу хариуцлага хүлээсэн бэ гэдэг л анхаарал татаж, асуудлыг шийдэх болчихоод байна. МАХН-ын удирдлагууд Их хуралдаа үе үеийн намын дарга нараа урьж оролцуулж байгаа гэдгээ өмнө нь хэлж байсан. Энэ нь Н.Энхбаярт ч бас хамаатай гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр намын Их хурлын гишүүний мандатаар биш, үеэ өнгөрөөсөн даргын хувьд урилгаар, саналын эрхгүй оролцоно гэсэн үг. Гэвч Их хурлын 801 гишүүний дотор Н.Энхбаярын улаан нүүр рүү харж байгаад “Үгүй” гэж хэлэхэд зориг нь дутах хүн гарч таарах байх. Тиймээс намын нэрийг солих уу, шинэ нам байгуулах уу гэдгийн аль нэгийг сонгох хэрэг Их хурлын гишүүд болоод намын дарга нарт тулгарах нь.

Хэрвээ тэд дээр хэлсэнчлэн шинэ нам байгуулах замаар МАХН-ын нэрийг өөрчилбөл МАХН-ын нэрийг авч үлдэх боломж нь Н.Энхбаярт үлдэх болно. Тэгээд дараа нь Ил захидалдаа сануулсанчлан “Сонгуульд ялагдаагүй намыг ялагдуулах гэж ёрлоод байвал түүнийг чинь хийгээд өгье л дөө” гэдэг рүүгээ явах биз. МАХН-ын удирдлагууд үүнийг тооцоогүй байна гэж байхгүй. Тиймээс тэд “МАХН-ын нэрийг өмчлөх эрх МАН-д үлдэнэ” гэж үзэж байгаа. Гэвч үүнийг МАХН олонхийн хүчээр шийдэж хараахан чадахгүй л болов уу. Тэд дөрвөн жилийн өмнө татан буулгасан намын нэрийг авч чадаж байхад Н.Энхбаяр дөрвөн сарын дараа МАХН-ын нэрийг бариад явахад хэн ч юу ч хэлж чадахгүй. МАХН-ын дарга нар “Бид хуучин нэрээ сэргээж авч байгаа” гэж хэлж байгаа боловч, ийм нэртэй нам 1996 онд бас байгуулагдаж, 2006 онд татан буугдсан гэдгийг санах ёстой. Н.Энхбаярын хувьд ч МАХН дотор өмнө гарч байсан жигүүр хөдөлгөөнуудийн удирдагч нартай адил намын дарга нарын санал болгосон эхний албан тушаал дээр гар өргөөд гүйгээд очих хямд хүн биш, энэ хэмжээний басамжлал амссаны хувьд эцсээ хүртэл явах нь тодорхой. Тиймээс энэ удаагийн МАХН-ын Их хурал улс төрийн намуудын дунд хүчний шинэ хуваарилалтыг эхлүүлнэ гэсэн таамгийг ажиглагчид хийж байна. Харин тэр нь хэр урт зам, хэрүүл шуугианыг туулах бол гэдэг л бодит бэрхшээл.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж