Германы Батлан хамгаалахын сайд Монголд

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Германы Батлан хамгаалахын сайд Монголд

ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалахын сайд, доктор Карл Теодор Фрайхер цу Гуттенберг өчигдөр 14 цагт “Чингэс” хаан олон улсын нисэх буудалд бараа бологсдын хамт газардлаа. Түүнийг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, дэд сайд С.Баасанхүү, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар нар  угтан авсан юм. Ноён Гуттенберг Буянт-Ухаагаас шууд Төрийн ордонд ирж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд нарт бараалхсаны дараа Батлан хамгаалах яаманд зочилж сайд Л.Болдтой яриа хэлэлцээ хийлээ.

    Энхийг сахиулахын гуравдахь батальон байгуулах, цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд Германы талаас Монголын Зэвсэгт хүчинд материал техникийн туслалцаа үзүүлэх, барилга-инженерийн чиглэлээр цэргийн албан хаагчдад сургалт явуулах зэрэг Монголын талын тавьсан саналыг Германы сайд нааштай хүлээн авлаа.

    Афганистан дахь Монголын Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэхтэй холбоотой тодорхой саналууд Германы тал тавьсныг Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб судалж хариу өгөхөө мэдэгдэв. Монгол-Германы батлан хамгаалах салбарын хамтын сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаагийн илрэл нь Афганистанд явуулж буй НҮБ-ын мандаттай “Аюулгүй байдлыг хангах олон үндэстний цэргийн хүчний ажиллагаа”-нд манай хоёр улсын цэрэг дайчид мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа явдал юм. 2009 оноос эхэлсэн эл хамтарсан энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний тус бүр 40 хүний бүрэлдэхүүнтэй нэг, хоёрдугаар ээлжийн цэргийн багууд Афганистан улсын Бадагшан мужийн Файзабад хотод Германы цэргийн баазын харуул хамгаалалтын үүргийг амжилттай гүйцэтгэсэн бөгөөд эдүгээ гуравдугаар ээлжийнхэн ажиллагааны газартаа очоод байгаа юм.

    Германы Холбооны Батлан хамгаалахын сайд Гуттенберг БХЯ-нд зочлохдоо Файзабада хотноо үүрэг гүйцэтгэж байсан Монголын энхийг сахиулагчидтай төрөлх хэлээрээ дотно ярилцаж, дурсгалын зургаа татууллаа. Түүний дараа хэвлэлийн хурал болж Монгол, Герман сэтгүүлчдийн асуултанд сайд Л.Болд, Гуттенберг нар хариулт өгсөн юм. ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалахын сайдын айлчлал Монголд анх удаа болж байгаагаараа онцлог юм. Гуттенбергийнхний удам судар XI зууны үеэс эхтэй Германы Бавар мужийн Франконийн эртний сурвалжит гэр бүл бөгөөд 1700 оноос эзэн хаанаас Барон хэргэм цолыг хүртсэн байна.

Л.Батцэнгэл   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж