Дархлаажуулалтын хуульд өөрчлөлт оруулна

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Дархлаажуулалтын хуульд өөрчлөлт оруулна

УИХ-ын өчигдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн наймдугаар зүйл Үндсэн хуулийн холбогдох заалт зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан  танилцуулсан юм.  Тэрээр тухайн маргааныг хянан шийдвэрлэсэн болон  хуулийн дурдагдсан зүйл  нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй болохыг  чуулганд танилцуулсан бөгөөд энэ асуудалтай холбоотогоор асуух асуулттай гишүүд байсангүй.  

Үүний дараа  Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Сүүлийн сард халдварт шар өвчний өвчлөл ихэсч 4000 хүрсэн тухай мэдээ байна. Энэ нь ямар нэгэн аюулыг хэлээд байгаа юм биш үү хэмээн Д.Оюунхорол гишүүн асуусанд уг өвчлөлийн байдал өмнөх жилүүдийн дунджаас илүү гарсан зүйл байхгүй талаар хариу тайлбар хийсэн байна.

Чуулганаар бага насны хүүхдийн урьдчилан сэргийлэх вакцин болон бусад дархлаажуулалтын вакцины хяналт болон түүнийг хуульчилж өгөх нь зүйтэй талаар санал гишүүдийн дундаас гарав. Уг асуудалтай холбогдуулан гол шүүмжлэлийг гаргасан гишүүн бол Л.Гүндалай байсан бөгөөд яамны оруулж ирж байгаа энэ хуулийн төсөл ДЭМБ-ын гэрчилгээтэй үйлдвэрээс баталгаажсан вакцинийг авна гэснээс өөр олигтой өөрчлөлт оруулж буй зүйл алга, Дархлаажуулалтын хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй ч энэ асуудлыг шинэчилсэн найруулгын төвшинд оруулж ирэх шаардлагатай гэсэн саналаа илэрхийлэв.  Мөн мэргэжлийн байнгын хороогоор яагаад сүүлийн үед дэлхий дахинд хэрэглэгдэж байгаа  вакцины талаар нэмж хуулиндаа тусгах талаар яриагүй вэ, яамны оруулж ирсэн жижиг асуудлаар  л хуулийг хязгаарлаж болохгүй. Дархлаажуулалтын тухай хууль тусдаа, хүүхдийн дархлааны тухай асуудал  бас нэг тусдаа байж, ажлын хэсэг гаргах байтал манай байнгын хороо анхаарал тавьсангүй гэв. 

Ийнхүү санал шүүмжлэлүүд гарч байсан хэдий ч санал хураалтаар гишүүдийн олонх нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороо руу нь шилжүүлэхээр болов.

Чуулганы хэлэлцэх асуудлын дараалал ёсоор  Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Эдийн засгийн байнгын хороо уг хуулийн төслийг чуулганд буцаах саналтайгаар оруулж ирсэн бөгөөд энэ нь мөн шүүмжлэл дагуулав. Тухайлбал,  Засгийн газраас санаачилж оруулж ирсэн энэ чухал хуулийг сайжруулж шинэчилж чадахгүй, зүгээр л нэг муу юм оруулж ирлээ гээд буцаагаад байна, энэ чинь маш чухал асуудал хэмээн УИХ-ын гишүүн Л.Гүндалай хэлж байлаа.

Мөн энэ хууль батлагдсан бол  дараа нь ямар үр дүн гарахыг, зах зээлийн зарчмаар явахад хууль хэрхэн бусад хуультай нийцэх вэ. Яагаад буцах болтлоо энэ хуульд хандсан юм хэмээн тайлбар шаардсан байна.

Дээрх асуултын тайлбарыг Д.Зоригт гишүүн хийсэн бөгөөд хамгийн эхэнд маш олон  бүлэг, заалт энэ хуульд өөрчлөгдөж орж байгаа тул буцаахад хүрсэн гэв. Байнгын хорооноос орж ирсэн дэмжих боломжгүй гэх томёоллоор санал хураалт явуулсан бөгөөд 53,5 хувийн саналаар хуулийн төслийг хууль санаачлагчид буцаахаар боллоо.

Чуулганы хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүдийн хүсэлтээр 4, 5-ны өдрүүдийн чуулганы нэгдсэн хуралдаан болохгүй  гэдгийг мэдэгдээд, энэ талаар захирамж гаргаснаа дуулгаснаар тус өдрийн хуралдаан өндөрлөлөө.

МАХН-ын 26 дугаар их хурал 4-6-ний өдрүүдэд зохион байгуулагдах болсонтой холбогдуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг нэг хоногоор урагшлуулж, өчигдөр ийнхүү хуралдсан юм.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж