МАХН-ын Бага хурлыг хаалттай хийж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

МАХН-ын Бага хурлыг хаалттай хийж байна

МАХН-ын Бага хурлын ХIII хуралдаан 17.40 цагт Төрийн ордонд эхэллээ. Хуралдааныг МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нээсэн юм. Түүний мэдээлснээр МАХН-ын Бага хурлын 242 гишүүнээс 175 нь ирж, 72,5 хувийн ирцтэй байгаа тул хуралдааныг нээснийг мэдэгдлээ. Тэрбээр Бага хурлын хуралдааны даргаар МАХН-ын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн М.Энхболд, дэд даргаар Увс аймгийн Засаг дарга С.Цасчихэр нарыг сонгох саналаа илэрхийлж, Бага хурлын гишүүд ч 100 хувь гар өргөн баталлаа. Бага хурлын хуралдаанаар МАХН-ын ХХYI их хуралд тавих “МАХН: Монгол хүний хөгжил, их бүтээн байгуулалт” улс төрийн илтгэл, намын Бага хурал, Удирдах зөвлөлийн ажлын тайланг хэлэлцэхийг хуралдаан даргалагч М.Энхболд танилцуулав.

Гэвч үүнээс цааш сурвалжлах боломж сэтгүүлчдэд олдсонгүй. Маргааш болох их хурлаар хэлэлцэх асуудлуудыг урьдчилан ярих тул хэвлэлийнхэн мэдээлэл авах боломжгүй хэмээгээд сэтгүүлчдийг хуралдааны танхимаас гаргалаа. Хуралдаан үргэлжилж байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж