
Мөн “Пийбоди” групп нь жилд 100 сая тонн нүүрс олборлодог дэлхийн хэмжээний өндөр туршлага бүхий толгойлогч компани гэдгийг онцлоод энэ хэмжээний нүүрсийг Тавантолгойгоос олборлох боломжтой гэлээ. Үүний тулд бүтээн байгуулалтын ажилд хамтран оролцвол танай улсын хувьд өндөр хөгжил, эдийн засгийн асар их боломж бололцоо ойрхон харагдаж байна гэжээ.
Харин Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хэлэхдээ “УИХ-ын 39-р тогтоолд заасны дагуу гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой консорциумыг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулах ёстой. Бид аль болох олон компанийг хамруулах сонирхолтой байгаа. Удахгүй тендер зарлана” гээд Тавантолгойн тендерт дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хэлэлцээ хийх зэрэг хэд хэдэн онцгой заалтууд байгаа гэдгийг анхаарч ажиллахыг хүслээ.