Хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа хүртэнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа хүртэнэ

Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монгол Улсын иргэн бүр тус ордоос хувь эзэмшинэ. Урьдчилсан тооцоогоор нэг хүнд 550 ширхэг хувьцаа ноогдож байгаа юм. Гэхдээ хүн ам, орон сууцны тооллогын дүнг үндэслэж энэ тоог эцэслэн шийднэ. Харин иргэд Тавантолгойн ордын хувьцааг эзэмших нь ямар ач холбогдолтой вэ гэдгээ төдийлөн сайн ойлгохгүй байгаа юм. Зарах уу, эсвэл хадгалах уу гэсэн сонголтын тухайд бодох болжээ.
Юуны өмнө хувьцаа давуу эрхийн байх уу, энгийн байх уу гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Төрийн өмчийн хороо болон “Эрдэнэс МГЛ” компанийнхан ямар хувьцаа тараах вэ гэдгийг судалж байна. Мэдээлэл дулимаг иргэд өнөөх 1990-ээд оны үед тараасан ягаан, ногоон тасалбар шиг болгож орхих вий гэсэн болгоомжлол тэдэнд байгаа юм. Тиймээс иргэдэд тараах хувьцаа эхний хоёр жил худалдах боломжгүй давуу эрхтэйгээр хуваарилагдаж магадгүй байна. Тэгэхээр хувьцаа эзэмшигчид ердөө хадгалж сууна гэсэн үг. Гэхдээ хадгалсны буруу байхгүй, хувьцаа эзэмшигчдэд жил бүр ногдол ашиг ирэх юм. Ингэснээр иргэд хувьцаа эзэмшихийн үр дүнг үзнэ, харин дараа нь худалдах уу, хадгалах уу гэдгээ шийдэх боломжтой болж болно. Тэгэхээр иргэд хэдийнээс ногдол ашиг хүртэх вэ гэсэн асуудал урган гарч ирнэ. Төрийн өмчийн хорооныхны хийсэн мэдээллээс сонирхуулахад энэ жилдээ ногдол ашиг тарааж амжихгүй гэнэ. Харин ирэх жилээс хувьцаа эзэмшигчид тодорхой хэмжээгээр ногдол ашгаа хүртэж эхлэх ажээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж