Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Ил захидал

НАМЫГ ГИШҮҮД НЬ МЭДЭХ ҮҮ?

ИЛ ЗАХИДЛЫГ ХЭНД ЗОРИУЛАВ?

Ил захидал учир хүн бүрт зориулж байна. Утга агуулгынх нь хувьд нэг хэсэг нь МАХН-ын тухай учир намын нийт гишүүд, дэмжигчдэд, мөн их хурлын төлөөлөгчдөд зориулагдсан гэж хэлж болно.

ИЛ ЗАХИДЛЫГ БИЧИХ БОЛСОН УЧИР ШАЛТГААН?

Сүүлийн үед манай нийгэмд намууд сонгуульд шударга өрсөлдөхөө боль­сон, амлалтаа ч биелүү­лэхгүй байгаа, тэгсэн хэр­нээ хариуцлага үүрэхгүй байна. Ялангуяа МАХН, АН хамтарсан Засгийн газар байгуулж, томоохон асуудлуудыг шийдвэрлэж байна гэсэн нэрээр үнэн хэрэгтээ далд хуйвалдаж, хөрөнгө мөнгийг нэг нэ­гэн­дээ найр тавьж хуваан идэж байна, намууд хоо­рон­доо ялгарахаа больсон гэх зэрэг шүүмжлэл их гарч байгаа тул эдгээртэй холбогдуулж саналаа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэв.

Тэгээд ч саяхан МАХН-ын удирдлага на­мын нэр, үзэл баримт­лалыг солих, намаас нийгмийн хөгжлийн асуудалд хандах хандлага, баримтлах байр суурийг өөрчлөхийг санаархаж “Тэрэлжийн тунхаг” гэгчийг гаргасан. Ингээд нийгэмд, тухайлбал нам дотор намын үзэл баримт­лал, гишүүд дэмжигч­дийнх нь итгэл үнэмшил, ухамсартай сонгогчдын баримталдаг үнэт зүйлсийн тухай асуудал хэлэлцэгдэж эхэлсэнтэй холбогдуулж бодлоо хуваалцахаар шийдлээ.

НАМЫН НЭР, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БА ГИШҮҮД

Намын гурван эрдэнэ бол нэгд нэр, хоёрт үзэл баримтлал, гуравт гишүүд. Энэ гурав хоорондоо амьд холбоотой, нэг нэгэндээ шууд болон шууд бус байд­лаар нөлөөлдөг. Нэр соли­вол үзэл баримтлалд нө­лөөлнө, үзэл баримтлал өөрчлөгдвөл гишүүдийн итгэл үнэмшил, тэдний эв нэгдэл, идэвхи зүтгэлд өөрчлөлт орно. Мөн нөгөө талаас нь тайлбарлавал үзэл баримтлал солигдвол нэрд өөрчлөлт орно, тэр нь гишүүдийн зүрх сэтгэл, оюун ухаанд шууд нө­лөөлнө гэсэн үг. Нэр, үзэл баримтлал, гишүүд хэмээх энэ гурван эрдэнэ намын туулж ирсэн түүхээр гаг­нагдана.

Шуудхан хэлэхэд МАХН туулж ирсэн түү­хийнхээ турш зүүн чиглэ­лийн үзэл баримтлалтай улс төрийн хүчин байсан. Нэр, үзэл баримтлал нь ч намын амжилт, алдаа оноо­ны аль алийг нь тус­га­сан. Чухамхүү ийм нэр, ийм үзэл баримтлалтай байсан учир Монгол Улсад хувьсгалын шинж чанар­тай томоохон өөрчлөлтүү­дийг гаргаж чадсан.

Заримыг нь дурдъя. Эх орныхоо тусгаар тогтно­лыг эгүүлэн сэргээсэн, боловсролын шинэ тог­толцоог буй болгож, бүх нийтийн бичиг үсэг үл мэдэх явдлыг устгаж, тө­рөөс үнэгүй боловсролыг хөгжүүлж байсан, үнэ төл­бөргүй эрүүл мэндийн үйлчилгээг нэвтрүүлж, иргэдээ эрүүл саруул бол­гох ажилд үсрэлт гарга­сан.

Мөн алдаа нь буюу хэлмэгдүүлэлт түүхэн нэ­гэн хугацаанд зүүн туйл­ширсан үзэл баримталж байсан учир гарсан, үүний уршгаар өөрөө ч хэл­мэг­дэж, өрөөлийг ч хэлмэг­дүүлсэн байна.

МАХН-ын амжилт, ал­даа хоёрыг дэнсэлвэл улс орныхоо тусгаар тогт­нолыг сэргээхэд хүчин зүтгэсэн гэсэн амжилт нь гаргасан алдаанаас нь илүү жин дарах нь ойл­гомжтой.

Ийм амжилтыг нэрээ мэддэг, бас хамгаалдаг, үзэл баримтлалаа барим­талдаг, бас эрхэмлэдэг, гишүүд нь хатуу итгэл үнэмшилтэй, бас хариуц­лагатай байсны үндсэн дээр гаргасан нь ч ойл­гомжтой. Нам туулж ирсэн түүх, уламжлалаа март­даггүй, мөн гишүүдээ хүн­дэтгэдэг байх нь эв нэг­дэлтэй,  бат бэх суурьтай байхын үндэс.

ЯМАР УЧИР ШАЛТГААНААС БОЛЖ, ЯМАР НӨХЦӨЛД НЭР, ҮЗЭЛ БАРИМТЛАЛАА ӨӨРЧЛӨХ ВЭ?

Хэрэв нэр, үзэл ба­римтлалаа сольж өөрчлөх­дөө тулвал нэгд, хүндэт­гэвэл зохих том учир шалт­гаан байх ёстой, хоёрт, намынхаа туулсан түүх, уламжлалыг харгалзаж, гишүүн бүрийнхээ санаа бодлыг хүндэтгэн тооцож, тэднийхээ итгэл үнэмш­лийг алдагдуулахгүй бай­хыг хичээх хэрэгтэй.

Эс тэгвээс нам нэр ч үгүй буюу нэр хүнд ч үгүй, үзэл баримтлалгүй буюу бусдаас ялгарах үнэт зүйл­гүй, итгэл үнэмшилгүй буюу хичээл зүтгэлгүй гишүүдтэй, түүх ч үгүй буюу байр суурь ч үгүй  бас ирээдүйгүй болно.

Уг нь ийм эмзэг асууд­лыг тэр болгон барьж авч санааны зоргоор өөрчлөх гэж оролдоод байдаггүй. Гагцхүү сонгуульд унасан бол, нийгмийг бүхэлд нь хамарсан томоохон өөрч­лөлт болж, түүний давал­гаанд цохиулж байгаа бол нам нэр, үзэл баримтлал, бүтэц зохион байгуулалт, гишүүнчлэл, гадаад ха­рил­цаа гээд бүхий л салаа мөчир, үйл ажиллагаагаа хооронд нь, цогцоор нь уялдуулан өөрчлөн шинэч­лэхийг зорих нь зүйтэй.

1990 оны эхээр дэлхий дахиныг хамарсан өөрч­лөлт шинэчлэлтийн том давалгаа Монгол Улсыг ч мөн адил нөмөрсөн тул түүнд шахагдаж МАХН өөрийгөө өөрчлөн ши­нэч­лэх зайлшгүй шаардла­гатай тулгарсан. Шинэч­лэлийг ч хийсэн. Гэхдээ иж бүрнээр биш дутуу хийсэн, бас зөв зүйтэй биш буруу хийсэн.

Нэр, үзэл баримт­ла­лын хувьд өөрчлөх, оновч­той болгохын оронд ал­гуур­ласан, уламжлалт зүү­ний үзэл баримтлалаас татгалзан “үндэсний ард­чилсан” хэмээх барууны үзэл баримтлалтай болж, мөн аливаа асуудалд “төв үзэл”-ийн байр сууринаас хандана гэсэн нь МАХН-ыг “бөөрөнхий”, ойл­гомж­­гүй нам болгон хараг­дуулж, түүнийг шинэчлэг­дээгүй, тодорхой үзэл ба­римтлалгүй, түүх, уламж­ла­лаасаа ичингүйрэн үгүйс­гэсэн, нийгмийн хөгж­лийн алхаанаас хоц­рогдсон нам гэж ойлгогдох нөхцлийг бүрэлдүүлсэн. Дутуу, бас буруу хийсэн шинэчлэл удалгүй сон­гуулийн үр дүнд сөргөөр нөлөөлсөн.

1996 онд манай  нам  УИХ-ын сонгуульд ялаг­даж, түүхэндээ анх удаа цөөнх болсон. Энэ үед МАХН-ын иж бүрэн ши­нэчлэлийн үйл явц өрнө­сөн. Энэ ажлыг миний бие намын журмын нөхдийн хамт хийлцсэн. Иж бүрэн шинэчлэлд нэр, үзэл ба­римтлалаа өөрчлөн ши­нэчлэх, бүтэц зохион бай­гуулалтаа нийгмийн дав­харга бүрт хүрэх оновчтой болгох, үйл ажиллагаагаа идэвхтэй, нээлттэй бол­гох, дотооддоо болон га­даадад шинэ цаг үеийн алхаатай хөл нийлүүлэн алхах чадвартай нам мөн гэдгээ нотлон хүлээн зөв­шөөрүүлэх, гишүүдийнхээ тоог нэмэгдүүлэх, тэд­нээсээ гадна дэмжигчид­тэйгээ ажилладаг болох  зэрэг асуудлууд багтсан.

Иж бүрэн шинэчлэл ч хийгдсэн. Зүүн төвийн үзэл баримтлалтай болсон, намын дэргэд ахмад, эмэг­тэйчүүд, залуучууд, оюут­ны байгууллагууд бай­гуулагдсан, гишүүдийн тоо нэмэгдсэн, дэмжиг­чидтэйгээ идэвхтэй ажил­ладаг болсон. Энэ бүхэн нь намыг дотооддоо хүлээн зөвшөөрүүлэх, түүнд итгэх сэтгэлийг эгүүлэн сэр­гээх, бэхжүүлэхэд тус бол­сон. Гадаад ертөнцөд зүү­ний үзэлтэй намуудын холбоо болох Социалист Интернационалд элсэж, түүний хүрээнд болон энэ байгууллагын гишүүн на­муудтай хамтын ажил­лагаа хөгжүүлэх замаар хүлээн зөвшөөрөгдсөн.

Эндээс намын нэрийн асуудлыг өөрчлөн ши­нэчлэх асуудал л үлдсэн. Энэ асуудалд гишүүд туй­лын болгоомжтой, шууд­хан хэлэхэд ойшоохгүй ханддаг учир хэдийгээр зарим хүн улайран зүтгэ­хийг зөвлөж байсан ч нийт гишүүдийнхээ саналыг харгалзаж, тэднийгээ хүн­дэтгэж орхисон.

Гэхдээ тэр иж бүрэн шинэчлэл зөв зүйтэй болс­ныг түүнээс хойш болж өнгөрсөн бүх сонгуульд МАХН амжилттай оролц­сон явдал нотолж байгаа юм.

ОДОО НАМЫН НЭР, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГА БАЙНА УУ?

Одоо “МАХН” хэмээх нэр МАХН-д, гишүүд, дэм­жигчдэд саад болоогүй нь хэд хэдэн зүйлээр нот­логдож байгаа.

Нэгд. Цаг хугацаа. Өөрөөр хэлвэл цаг хугацаа өнгөрөх тусам “хувьсгалт” гэдэг үгнээс сэжиглэх, жийрхэх явдал багассан. Энэ үгний цаана Монгол орны тусгаар тогтнол, ХХ зууны хөгжил дэвшил, бидний өвөг дээдсийн амь нас, амьдрал байна гэдэг нь олон түмэнд ойл­гогд­сон.

Хоёрт. Сонгуулиудын дүн. 1990 оны том өөрч­лөлт, 1996 оны сонгуулийн ялагдлын дараа намын иж бүрэн өөрчлөлтийн хүрээнд нэрийг нь өөрчлөн шинэчилж болох байсан боловч эмзэг асуудал бай­сан учир хэвээр нь үл­дээсэн. Гэхдээ бусад өөрч­лөлтийг цогцоор нь хийсэн учир монголын ард түмэн МАХН-д нэр нь хэвээр байсан ч итгэж саналаа өгсөөр ирсэн.

Гуравт. Бусад намуу­дын хандлага өөрчлөгд­сөн. Анх байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эх­лэхдээ улс төрийн бусад хүчин МАХН-ын нэрийн “хувьсгалт” гэдэг үгийг, үзэл баримтлал нь ойл­гомжгүйг шүүмжилдэг бай­сан. Харин өнгөрсөн 20 жилийн хугацаанд намын нэрэнд “дассан”, зүүн төвийн үзэл баримтлалыг нь хүлээн зөвшөөрсөн, шүүмжлэх битгий хэл МАХН-тай хамтарсан Зас­гийн газар байгуулж ажилладаг болсон.

Дөрөвт. Гадаад ертөн­цөд ойлгон хамтран ажил­лаж байгаа. Социалист Интернационалд “МАХН” гэдэг нэр, зүүн төвийн үзэл баримтлал­тайгаа элссэн. Одоо ч хамтран ажиллаж байна.

Тавд. Чин Улсад гар­сан Синьхай хувьсгалын нөлөөгөөр 1911 онд Мон­голд Үн­дэсний хувьсгал гарч, мон­голчууд тусгаар тогт­но­лоо сэргээх чухал алхам хийсэн. 1912 онд Сунь Ятсэн тэргүүтэй тэр үеийн Хятадын удир­даг­чид Гоминдан нам буюу Хя­тадын Ардын Намыг бай­гуулсан. 1921 онд Мон­гол Ардын Намыг байгуу­лах­даа намын нэ­рийг тэр үеийн Хятадын Ардын Намын нэрээс са­наа авч өгсөн нь ойлгомж­той.

Хожим нь МАН МАХН гэсэн нэртэй бол­сон. Энэ нэрийг тэр үеийн Зөвлөлтийн нөхдийн нө­лөөн дор өөрчилсөн нь ч ойлгомжтой. Энэ бол на­мын туулж ирсэн түүх. Энэ түүх юугаараа “голог­доод” байгаа юм бэ? гэсэн асуулт өөрийн эрхгүй ур­ган гарч ирж байна.

Тийм учир ямар сон­гуульд унахыг ёрлож бай­гаа биш унаагүй мөртлөө намын нэр, үзэл баримт­лалаар “оролдоод” хэрэг­гүй гэж үзэж байна. Харин гишүүдийнхээ итгэл үнэмш­лийг бэхжүүлж, на­мынхаа эв нэгдлийг хангаж, ард түмнийхээ амьдралыг бодож тэдний хүсэн хүлээж буй бодитой, үр дүнтэй ажил хийх хэ­рэгтэй. Тэгж чадвал тэд МАХН шинэчлэгдсэн гэж үзнэ.

ТЭГЭЭД ЯМАР ШИНЭЧЛЭЛ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Луйврын сонгууль болж байгаа цагт нийт ард түмэнд биш, улс төр-биз­несийн явцуу ашиг сонир­хол бүхий бүлэглэлүүдэд үйлчилдэг төр засаг тог­тоно. Тийм учир луйврын сонгууль явуулахгүй байх бүхий л нөхцлийг бүр­дүүлэх хэрэгтэй.

Үндсэн хууль, ард­чилсан төрийн тогтол­цооны үндсэн зарчимд нийцүүлж, хамтарсан Зас­гийн газар гэсэн хууль бус бүтцээ татан буулгаж, ард түмний итгэл дэмжлэг авсан нь эрхээ эдлэн үүрэг хариуцлагаа үүрч, цөөнх болсон нь ард түмнийхээ нэрийн өмнөөс хяналтаа тавьж, нийгэмд шударга ёсыг тогтоох хэрэгтэй.

Сонгуулийн амлалтаа бие­лүүлж, 1,5 сая төгрөгөө яа­ралтай өгөх шаардла­га­тай. Амлалтаа бие­лүү­лэх­гүй өнгөрөөж буй сар ту­там намын нэр хүнд пункт пунктээр доошилж байгаа нь сүүлийн үеийн намуу­дын рейтингийн су­дал­гаа­наас харагдаж бай­на. МАХН-ын рейтинг хэ­зээ ч 20-25 хувь болж доош унаж байгаагүй билээ.

Боловсон хүчний бод­логоо засч, шударга, чад­вартай хүнийг хариуц­лагатай ажилд томилдог зарчмыг сэргээх хэрэг­тэй. Намын гишүүдийг үе үеэр нь хуваан алаглан үзэхээ, нэг үеийг нь нөгөө­дүү­лийнх нь дээр дөвийлгөн тавьж, онцгой таатай нөх­цөл бүрдүүлдгийг таслан зогсоох хэрэгтэй. Нам үе үеийн цул нэгдэл байж хүчтэй, алдаа дутагдлаа засах чадвартай байна.

Хээл хахуультай амаа­раа биш, ажлаараа тэмцэх шаардлагатай. Уул уур­хайн салбарт ихээхэн хө­рөнгө мөнгө орж ирэх ту­сам хээл хахуулийн аюул улам нэмэгдэнэ. Хээл ха­хууль бол жирийн иргэдэд сурч боловсрох, эрүүл са­руул болох, ажил төрөл эрхлэх, ахуй амьдралаа өөд татахад саад болж буй хамгийн том хана хэрэм, манай нийгмийн бие цог­цост илэрч буй нэг ёсны “хорт хавдар” мөн тул яаралтай “эмчлэх” шаард­лагатай.

Энэ бүхнийг богино хугацаанд шийдвэрлэвэл намын нэр хүнд өснө, намын шинэчлэл бодит ажил болно. Гишүүд, дэм­жигчдийн сэтгэл тэнийнэ, ард түмний итгэл нэмэг­дэнэ. МАХН ардчилсан шинжтэй нам мөн гэдгээ нотолно.

АРДЧИЛСАН ШИНЖТЭЙ НАМ ГЭЖ ЯМАР НАМ БЭ?

Юуны түрүүн намын хамгийн үнэт эрдэнэ бол­сон гишүүдтэйгээ зөөлөн харилцдаг байх нь чухал. Тухайлбал, намын удирд­лага тулгасан “бодлого” гээчийг олонхиороо батал­сан гэх үндэслэлээр ги­шүүнээ гоочлохгүй байх ёстой.

Намд гишүүн өөрөө итгэл үнэмшлээрээ ордог, гаръя гэвэл өөрөө сана­лаараа гардаг байх нь зөв. Ер нь гишүүнээ намаас хөөнө гэсэн дарангуйллын тогтолцооны ойлголтыг орхих хэрэгтэй.

ЖУРМЫН НӨХДҮҮДДЭЭ ХАНДАН ХЭЛЭХ СЭТГЭЛИЙН ҮГ

Миний бие нам, улс орны өнөөгийн тулгамдсан асуудлын талаар, нийгмээ шударга болгоё гэсэн зо­рилгыг агуулсан санал бодлоо ийнхүү илэрхийл­лээ. Энэ санаа бодлыг илэрхийлэхдээ хэн нэг­нийг санаатайгаар буруут­гахыг хүссэнгүй, албан тушаалд очихыг горил­сонгүй. Миний намынхаа журмын нөхдийн болон нийт ард түмнийхээ дэмж­лэгтэйгээр хашсан албан тушаалын тоо цөөдөөгүй. Би өөрийгөө ард түмэндээ өртэй гэж боддог.

“Өрөө төлөх” гол арга бол үнэн шударга үг хэ­лэх, аливаа мухардмал байдлаас гарах гарцыг олоход нь туслах гэж ойл­гож байна. Өнөөдөр ний нуугүй хэлэхэд манай намд ч, нийгэмд ч үнэн шударга үг илт дутагдаж байна. Зарим нь “дарга нараасаа айгаад”, зарим нь “албан тушаал өгөх болов уу хэмээн горь­доод”, зарим нь “өөр хүн хэлнэ биз гэж бодоод”, заримынх нь үгийг “хааж боогоод байгаа” учир үнэн шударга үг, үйл ажиллагаа өдрийн од шиг ховорджээ.

Албан тушаалд шу­нахгүй байгаа, зохих төв­шинд мэдлэг боловсрол, туршлага хуримтлуулсан  над шиг хүмүүс нь “айхаа авдрандаа хийсэн” учир тэр дутагдаад байгаа үнэн үгийг нь хэлж, шударга үйл ажиллагааг дэмжие гэж бодож байна.

Цаашид би хаана үнэн үг, шударга үйл ажиллагаа байна тэнд байхыг хи­чээнэ. Ядарч зүдэрч, ша­хагдаж хавчигдаж байгаа­гийнх нь талд, өөрөөр хэлбэл ард түмнийхээ талд байнга орно. Ингэж би ард түмэндээ “өрөө төлнө”.
Зүрх сэтгэлээс минь гарсан үг, оюун ухаанаас минь гарсан эрэгцүүллийг мэргэн ухаандаа тунгаана уу.

1997-2005 онуудад МАХН-ын даргаар ажиллаж байсан
Намбарын ЭНХБАЯР
2010-11-03

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж