
ИЛ ЗАХИДЛЫГ
ХЭНД ЗОРИУЛАВ?Ил захидал учир хүн бүрт зориулж байна. Утга агуулгынх нь хувьд нэг хэсэг нь МАХН-ын тухай учир намын нийт гишүүд, дэмжигчдэд, мөн их хурлын төлөөлөгчдөд зориулагдсан гэж хэлж болно.
ИЛ ЗАХИДЛЫГ БИЧИХ БОЛСОН УЧИР ШАЛТГААН?
Сүүлийн үед манай нийгэмд намууд сонгуульд шударга өрсөлдөхөө больсон, амлалтаа ч биелүүлэхгүй байгаа, тэгсэн хэрнээ хариуцлага үүрэхгүй байна. Ялангуяа МАХН, АН хамтарсан Засгийн газар байгуулж, томоохон асуудлуудыг шийдвэрлэж байна гэсэн нэрээр үнэн хэрэгтээ далд хуйвалдаж, хөрөнгө мөнгийг нэг нэгэндээ найр тавьж хуваан идэж байна, намууд хоорондоо ялгарахаа больсон гэх зэрэг шүүмжлэл их гарч байгаа тул эдгээртэй холбогдуулж саналаа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэв.
Тэгээд ч саяхан МАХН-ын удирдлага намын нэр, үзэл баримтлалыг солих, намаас нийгмийн хөгжлийн асуудалд хандах хандлага, баримтлах байр суурийг өөрчлөхийг санаархаж “Тэрэлжийн тунхаг” гэгчийг гаргасан. Ингээд нийгэмд, тухайлбал нам дотор намын үзэл баримтлал, гишүүд дэмжигчдийнх нь итгэл үнэмшил, ухамсартай сонгогчдын баримталдаг үнэт зүйлсийн тухай асуудал хэлэлцэгдэж эхэлсэнтэй холбогдуулж бодлоо хуваалцахаар шийдлээ.
НАМЫН НЭР, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БА ГИШҮҮД
Намын гурван эрдэнэ бол нэгд нэр, хоёрт үзэл баримтлал, гуравт гишүүд. Энэ гурав хоорондоо амьд холбоотой, нэг нэгэндээ шууд болон шууд бус байдлаар нөлөөлдөг. Нэр соливол үзэл баримтлалд нөлөөлнө, үзэл баримтлал өөрчлөгдвөл гишүүдийн итгэл үнэмшил, тэдний эв нэгдэл, идэвхи зүтгэлд өөрчлөлт орно. Мөн нөгөө талаас нь тайлбарлавал үзэл баримтлал солигдвол нэрд өөрчлөлт орно, тэр нь гишүүдийн зүрх сэтгэл, оюун ухаанд шууд нөлөөлнө гэсэн үг. Нэр, үзэл баримтлал, гишүүд хэмээх энэ гурван эрдэнэ намын туулж ирсэн түүхээр гагнагдана.
Шуудхан хэлэхэд МАХН туулж ирсэн түүхийнхээ турш зүүн чиглэлийн үзэл баримтлалтай улс төрийн хүчин байсан. Нэр, үзэл баримтлал нь ч намын амжилт, алдаа онооны аль алийг нь тусгасан. Чухамхүү ийм нэр, ийм үзэл баримтлалтай байсан учир Монгол Улсад хувьсгалын шинж чанартай томоохон өөрчлөлтүүдийг гаргаж чадсан.
Заримыг нь дурдъя. Эх орныхоо тусгаар тогтнолыг эгүүлэн сэргээсэн, боловсролын шинэ тогтолцоог буй болгож, бүх нийтийн бичиг үсэг үл мэдэх явдлыг устгаж, төрөөс үнэгүй боловсролыг хөгжүүлж байсан, үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээг нэвтрүүлж, иргэдээ эрүүл саруул болгох ажилд үсрэлт гаргасан.
Мөн алдаа нь буюу хэлмэгдүүлэлт түүхэн нэгэн хугацаанд зүүн туйлширсан үзэл баримталж байсан учир гарсан, үүний уршгаар өөрөө ч хэлмэгдэж, өрөөлийг ч хэлмэгдүүлсэн байна.
МАХН-ын амжилт, алдаа хоёрыг дэнсэлвэл улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээхэд хүчин зүтгэсэн гэсэн амжилт нь гаргасан алдаанаас нь илүү жин дарах нь ойлгомжтой.
Ийм амжилтыг нэрээ мэддэг, бас хамгаалдаг, үзэл баримтлалаа баримталдаг, бас эрхэмлэдэг, гишүүд нь хатуу итгэл үнэмшилтэй, бас хариуцлагатай байсны үндсэн дээр гаргасан нь ч ойлгомжтой. Нам туулж ирсэн түүх, уламжлалаа мартдаггүй, мөн гишүүдээ хүндэтгэдэг байх нь эв нэгдэлтэй, бат бэх суурьтай байхын үндэс.
ЯМАР УЧИР ШАЛТГААНААС БОЛЖ, ЯМАР НӨХЦӨЛД НЭР, ҮЗЭЛ БАРИМТЛАЛАА ӨӨРЧЛӨХ ВЭ?
Хэрэв нэр, үзэл баримтлалаа сольж өөрчлөхдөө тулвал нэгд, хүндэтгэвэл зохих том учир шалтгаан байх ёстой, хоёрт, намынхаа туулсан түүх, уламжлалыг харгалзаж, гишүүн бүрийнхээ санаа бодлыг хүндэтгэн тооцож, тэднийхээ итгэл үнэмшлийг алдагдуулахгүй байхыг хичээх хэрэгтэй.
Эс тэгвээс нам нэр ч үгүй буюу нэр хүнд ч үгүй, үзэл баримтлалгүй буюу бусдаас ялгарах үнэт зүйлгүй, итгэл үнэмшилгүй буюу хичээл зүтгэлгүй гишүүдтэй, түүх ч үгүй буюу байр суурь ч үгүй бас ирээдүйгүй болно.
Уг нь ийм эмзэг асуудлыг тэр болгон барьж авч санааны зоргоор өөрчлөх гэж оролдоод байдаггүй. Гагцхүү сонгуульд унасан бол, нийгмийг бүхэлд нь хамарсан томоохон өөрчлөлт болж, түүний давалгаанд цохиулж байгаа бол нам нэр, үзэл баримтлал, бүтэц зохион байгуулалт, гишүүнчлэл, гадаад харилцаа гээд бүхий л салаа мөчир, үйл ажиллагаагаа хооронд нь, цогцоор нь уялдуулан өөрчлөн шинэчлэхийг зорих нь зүйтэй.
1990 оны эхээр дэлхий дахиныг хамарсан өөрчлөлт шинэчлэлтийн том давалгаа Монгол Улсыг ч мөн адил нөмөрсөн тул түүнд шахагдаж МАХН өөрийгөө өөрчлөн шинэчлэх зайлшгүй шаардлагатай тулгарсан. Шинэчлэлийг ч хийсэн. Гэхдээ иж бүрнээр биш дутуу хийсэн, бас зөв зүйтэй биш буруу хийсэн.
Нэр, үзэл баримтлалын хувьд өөрчлөх, оновчтой болгохын оронд алгуурласан, уламжлалт зүүний үзэл баримтлалаас татгалзан “үндэсний ардчилсан” хэмээх барууны үзэл баримтлалтай болж, мөн аливаа асуудалд “төв үзэл”-ийн байр сууринаас хандана гэсэн нь МАХН-ыг “бөөрөнхий”, ойлгомжгүй нам болгон харагдуулж, түүнийг шинэчлэгдээгүй, тодорхой үзэл баримтлалгүй, түүх, уламжлалаасаа ичингүйрэн үгүйсгэсэн, нийгмийн хөгжлийн алхаанаас хоцрогдсон нам гэж ойлгогдох нөхцлийг бүрэлдүүлсэн. Дутуу, бас буруу хийсэн шинэчлэл удалгүй сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлсөн.
1996 онд манай нам УИХ-ын сонгуульд ялагдаж, түүхэндээ анх удаа цөөнх болсон. Энэ үед МАХН-ын иж бүрэн шинэчлэлийн үйл явц өрнөсөн. Энэ ажлыг миний бие намын журмын нөхдийн хамт хийлцсэн. Иж бүрэн шинэчлэлд нэр, үзэл баримтлалаа өөрчлөн шинэчлэх, бүтэц зохион байгуулалтаа нийгмийн давхарга бүрт хүрэх оновчтой болгох, үйл ажиллагаагаа идэвхтэй, нээлттэй болгох, дотооддоо болон гадаадад шинэ цаг үеийн алхаатай хөл нийлүүлэн алхах чадвартай нам мөн гэдгээ нотлон хүлээн зөвшөөрүүлэх, гишүүдийнхээ тоог нэмэгдүүлэх, тэднээсээ гадна дэмжигчидтэйгээ ажилладаг болох зэрэг асуудлууд багтсан.
Иж бүрэн шинэчлэл ч хийгдсэн. Зүүн төвийн үзэл баримтлалтай болсон, намын дэргэд ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, оюутны байгууллагууд байгуулагдсан, гишүүдийн тоо нэмэгдсэн, дэмжигчидтэйгээ идэвхтэй ажилладаг болсон. Энэ бүхэн нь намыг дотооддоо хүлээн зөвшөөрүүлэх, түүнд итгэх сэтгэлийг эгүүлэн сэргээх, бэхжүүлэхэд тус болсон. Гадаад ертөнцөд зүүний үзэлтэй намуудын холбоо болох Социалист Интернационалд элсэж, түүний хүрээнд болон энэ байгууллагын гишүүн намуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх замаар хүлээн зөвшөөрөгдсөн.
Эндээс намын нэрийн асуудлыг өөрчлөн шинэчлэх асуудал л үлдсэн. Энэ асуудалд гишүүд туйлын болгоомжтой, шуудхан хэлэхэд ойшоохгүй ханддаг учир хэдийгээр зарим хүн улайран зүтгэхийг зөвлөж байсан ч нийт гишүүдийнхээ саналыг харгалзаж, тэднийгээ хүндэтгэж орхисон.
Гэхдээ тэр иж бүрэн шинэчлэл зөв зүйтэй болсныг түүнээс хойш болж өнгөрсөн бүх сонгуульд МАХН амжилттай оролцсон явдал нотолж байгаа юм.
ОДОО НАМЫН НЭР, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГА БАЙНА УУ?
Одоо “МАХН” хэмээх нэр МАХН-д, гишүүд, дэмжигчдэд саад болоогүй нь хэд хэдэн зүйлээр нотлогдож байгаа.
Нэгд. Цаг хугацаа. Өөрөөр хэлвэл цаг хугацаа өнгөрөх тусам “хувьсгалт” гэдэг үгнээс сэжиглэх, жийрхэх явдал багассан. Энэ үгний цаана Монгол орны тусгаар тогтнол, ХХ зууны хөгжил дэвшил, бидний өвөг дээдсийн амь нас, амьдрал байна гэдэг нь олон түмэнд ойлгогдсон.
Хоёрт. Сонгуулиудын дүн. 1990 оны том өөрчлөлт, 1996 оны сонгуулийн ялагдлын дараа намын иж бүрэн өөрчлөлтийн хүрээнд нэрийг нь өөрчлөн шинэчилж болох байсан боловч эмзэг асуудал байсан учир хэвээр нь үлдээсэн. Гэхдээ бусад өөрчлөлтийг цогцоор нь хийсэн учир монголын ард түмэн МАХН-д нэр нь хэвээр байсан ч итгэж саналаа өгсөөр ирсэн.
Гуравт. Бусад намуудын хандлага өөрчлөгдсөн. Анх байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхлэхдээ улс төрийн бусад хүчин МАХН-ын нэрийн “хувьсгалт” гэдэг үгийг, үзэл баримтлал нь ойлгомжгүйг шүүмжилдэг байсан. Харин өнгөрсөн 20 жилийн хугацаанд намын нэрэнд “дассан”, зүүн төвийн үзэл баримтлалыг нь хүлээн зөвшөөрсөн, шүүмжлэх битгий хэл МАХН-тай хамтарсан Засгийн газар байгуулж ажилладаг болсон.
Дөрөвт. Гадаад ертөнцөд ойлгон хамтран ажиллаж байгаа. Социалист Интернационалд “МАХН” гэдэг нэр, зүүн төвийн үзэл баримтлалтайгаа элссэн. Одоо ч хамтран ажиллаж байна.
Тавд. Чин Улсад гарсан Синьхай хувьсгалын нөлөөгөөр 1911 онд Монголд Үндэсний хувьсгал гарч, монголчууд тусгаар тогтнолоо сэргээх чухал алхам хийсэн. 1912 онд Сунь Ятсэн тэргүүтэй тэр үеийн Хятадын удирдагчид Гоминдан нам буюу Хятадын Ардын Намыг байгуулсан. 1921 онд Монгол Ардын Намыг байгуулахдаа намын нэрийг тэр үеийн Хятадын Ардын Намын нэрээс санаа авч өгсөн нь ойлгомжтой.
Хожим нь МАН МАХН гэсэн нэртэй болсон. Энэ нэрийг тэр үеийн Зөвлөлтийн нөхдийн нөлөөн дор өөрчилсөн нь ч ойлгомжтой. Энэ бол намын туулж ирсэн түүх. Энэ түүх юугаараа “гологдоод” байгаа юм бэ? гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч ирж байна.
Тийм учир ямар сонгуульд унахыг ёрлож байгаа биш унаагүй мөртлөө намын нэр, үзэл баримтлалаар “оролдоод” хэрэггүй гэж үзэж байна. Харин гишүүдийнхээ итгэл үнэмшлийг бэхжүүлж, намынхаа эв нэгдлийг хангаж, ард түмнийхээ амьдралыг бодож тэдний хүсэн хүлээж буй бодитой, үр дүнтэй ажил хийх хэрэгтэй. Тэгж чадвал тэд МАХН шинэчлэгдсэн гэж үзнэ.
ТЭГЭЭД ЯМАР ШИНЭЧЛЭЛ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Луйврын сонгууль болж байгаа цагт нийт ард түмэнд биш, улс төр-бизнесийн явцуу ашиг сонирхол бүхий бүлэглэлүүдэд үйлчилдэг төр засаг тогтоно. Тийм учир луйврын сонгууль явуулахгүй байх бүхий л нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй.
Үндсэн хууль, ардчилсан төрийн тогтолцооны үндсэн зарчимд нийцүүлж, хамтарсан Засгийн газар гэсэн хууль бус бүтцээ татан буулгаж, ард түмний итгэл дэмжлэг авсан нь эрхээ эдлэн үүрэг хариуцлагаа үүрч, цөөнх болсон нь ард түмнийхээ нэрийн өмнөөс хяналтаа тавьж, нийгэмд шударга ёсыг тогтоох хэрэгтэй.
Сонгуулийн амлалтаа биелүүлж, 1,5 сая төгрөгөө яаралтай өгөх шаардлагатай. Амлалтаа биелүүлэхгүй өнгөрөөж буй сар тутам намын нэр хүнд пункт пунктээр доошилж байгаа нь сүүлийн үеийн намуудын рейтингийн судалгаанаас харагдаж байна. МАХН-ын рейтинг хэзээ ч 20-25 хувь болж доош унаж байгаагүй билээ.
Боловсон хүчний бодлогоо засч, шударга, чадвартай хүнийг хариуцлагатай ажилд томилдог зарчмыг сэргээх хэрэгтэй. Намын гишүүдийг үе үеэр нь хуваан алаглан үзэхээ, нэг үеийг нь нөгөөдүүлийнх нь дээр дөвийлгөн тавьж, онцгой таатай нөхцөл бүрдүүлдгийг таслан зогсоох хэрэгтэй. Нам үе үеийн цул нэгдэл байж хүчтэй, алдаа дутагдлаа засах чадвартай байна.
Хээл хахуультай амаараа биш, ажлаараа тэмцэх шаардлагатай. Уул уурхайн салбарт ихээхэн хөрөнгө мөнгө орж ирэх тусам хээл хахуулийн аюул улам нэмэгдэнэ. Хээл хахууль бол жирийн иргэдэд сурч боловсрох, эрүүл саруул болох, ажил төрөл эрхлэх, ахуй амьдралаа өөд татахад саад болж буй хамгийн том хана хэрэм, манай нийгмийн бие цогцост илэрч буй нэг ёсны “хорт хавдар” мөн тул яаралтай “эмчлэх” шаардлагатай.
Энэ бүхнийг богино хугацаанд шийдвэрлэвэл намын нэр хүнд өснө, намын шинэчлэл бодит ажил болно. Гишүүд, дэмжигчдийн сэтгэл тэнийнэ, ард түмний итгэл нэмэгдэнэ. МАХН ардчилсан шинжтэй нам мөн гэдгээ нотолно.
АРДЧИЛСАН ШИНЖТЭЙ НАМ ГЭЖ ЯМАР НАМ БЭ?
Юуны түрүүн намын хамгийн үнэт эрдэнэ болсон гишүүдтэйгээ зөөлөн харилцдаг байх нь чухал. Тухайлбал, намын удирдлага тулгасан “бодлого” гээчийг олонхиороо баталсан гэх үндэслэлээр гишүүнээ гоочлохгүй байх ёстой.
Намд гишүүн өөрөө итгэл үнэмшлээрээ ордог, гаръя гэвэл өөрөө саналаараа гардаг байх нь зөв. Ер нь гишүүнээ намаас хөөнө гэсэн дарангуйллын тогтолцооны ойлголтыг орхих хэрэгтэй.
ЖУРМЫН НӨХДҮҮДДЭЭ ХАНДАН ХЭЛЭХ СЭТГЭЛИЙН ҮГ
Миний бие нам, улс орны өнөөгийн тулгамдсан асуудлын талаар, нийгмээ шударга болгоё гэсэн зорилгыг агуулсан санал бодлоо ийнхүү илэрхийллээ. Энэ санаа бодлыг илэрхийлэхдээ хэн нэгнийг санаатайгаар буруутгахыг хүссэнгүй, албан тушаалд очихыг горилсонгүй. Миний намынхаа журмын нөхдийн болон нийт ард түмнийхээ дэмжлэгтэйгээр хашсан албан тушаалын тоо цөөдөөгүй. Би өөрийгөө ард түмэндээ өртэй гэж боддог.
“Өрөө төлөх” гол арга бол үнэн шударга үг хэлэх, аливаа мухардмал байдлаас гарах гарцыг олоход нь туслах гэж ойлгож байна. Өнөөдөр ний нуугүй хэлэхэд манай намд ч, нийгэмд ч үнэн шударга үг илт дутагдаж байна. Зарим нь “дарга нараасаа айгаад”, зарим нь “албан тушаал өгөх болов уу хэмээн горьдоод”, зарим нь “өөр хүн хэлнэ биз гэж бодоод”, заримынх нь үгийг “хааж боогоод байгаа” учир үнэн шударга үг, үйл ажиллагаа өдрийн од шиг ховорджээ.
Албан тушаалд шунахгүй байгаа, зохих төвшинд мэдлэг боловсрол, туршлага хуримтлуулсан над шиг хүмүүс нь “айхаа авдрандаа хийсэн” учир тэр дутагдаад байгаа үнэн үгийг нь хэлж, шударга үйл ажиллагааг дэмжие гэж бодож байна.
Цаашид би хаана үнэн үг, шударга үйл ажиллагаа байна тэнд байхыг хичээнэ. Ядарч зүдэрч, шахагдаж хавчигдаж байгаагийнх нь талд, өөрөөр хэлбэл ард түмнийхээ талд байнга орно. Ингэж би ард түмэндээ “өрөө төлнө”.
Зүрх сэтгэлээс минь гарсан үг, оюун ухаанаас минь гарсан эрэгцүүллийг мэргэн ухаандаа тунгаана уу.
1997-2005 онуудад МАХН-ын даргаар ажиллаж байсан
Намбарын ЭНХБАЯР
2010-11-03