Барууныг дэмждэг зүүн төвийн нам гэнэ үү…

Хуучирсан мэдээ: 2010.11.03-нд нийтлэгдсэн

Барууныг дэмждэг зүүн төвийн нам гэнэ үү…

Зүүн төвийн нам үндэсний ардчилалыг дэмжинэ гэсэн хэллэг өөрөө зөрчилтэй. Зүүн төв гэдэг яаж ч нууж хаагаад яах аргагүй зүүн үзэл. Харин үндэсний гэж хэлж буй нь булзааруулж мушгаад мушгаад гарцаагүй барууны үзэл.

МАХН-ын удирдлага нэрээ солино бас үзэл баримтлалаа солино гэж өөрийнхөө бүхий л түүхээс, бас зүрх сэтгэлээсээ салах, хэнээс ч, яагаад ч юм заавал тусгаарлах гэсэн оролдлогуудаа олон нийтэд захиалгат нэвтрүүлгээр тайлагнаж эхлээд олон хонолоо. Хуучин нэрээ сэргээх, үзэл баримтлалаа үндэсний чиглэл рүү ойртуулж тодорхойлох гэсэн юм гэсэн тайлбарууд тэднийг улс төрөөс дэндүү хол хөндийг харуулж буй. Ерөөсөө ямар ч улс төрийн цагаан толгой мэдэхгүйгээ илт харуулж, хөнгөн хийсвэр ярьж буй зөвхөн хариуцлагагагүй биш, бас хэтэрхий ирээдүйгүй байна.

МАХН-ын дотоод зөрчлүүд ингэж онолгүй явагдах нь сүүлийн 20 жилийн Монголын улс төрийн болон нийгмийн зөрчлийн илрэл. Нэгэнт улс төр болон нийгэм бүрэн хямарчихаад байхад түүнийг олж тодорхойлохгүй дотроо зөрчилдөж буй нь нам өөрөө улс төрийн нам биш болсоных. Аливаа нам ийм л нийгэмтэй болохыг хүсч байна, үүнийг л зорьж улс төр хийж байна гэж өөрсдийгөө таниулдаг. Гэтэл улс төр нэгэнт хийхээ больсон намын удирдлагууд ингэж төөрөгдөж будилах нь мэдээжийн асуудал. Нөгөөтэйгүүр намын удирдлагууд нийгмийн байтугай улс төрийн боловсролгүй байна, нам ямар ч улс төр хийхгүй байна, хэзээ ч тэд улс төрөөр уралдахгүй байна шүү дээ. Тиймээс Монголд өнөөдөр улс төр алга. Нэгэнт улс төргүй болсон тул улс төрийн намууд гэж байхгүй зөвхөн бизнесийн бүлэглэлүүдийн ашиг сонирхлын орон зай болсон. Нэгэнт улс төргүй намын улс төрийн боловсролгүй удирдлагууд баруун болон зүүн үзлийн талаархи тайлбар болон мэдэгдлүүд хийх гэж оролдоод ерөөөс бүтэхгүй. Нэг л худлаа.

Дээрхи хүмүүс улс төр гэдэгтэй одоо л танилцаж байна. Одоо л тэд улс төр гэж чухам юу юм бэ гэдгийг сонсч эхэлж байна. Одоо л тэд улс төрийн боловсрол үнэхээр хэрэгтэй юм байна, түүнгүйгээр амбан явахгүй юм байна гэдгээ олны өмнө илчилж эхэллээ. Тэд үзэл санаа, үзэл бодол, үзэл баримтлал гэх мэт хэлний зөрөөнүүд гарган хольж хутгаж буй нь нэг бол зориудынх, эсвэл мэдээгүйнх. Зориуд гэвэл хариуцлагын асуудал. Мэдээгүй гэвэл тэдэнтэй юу ч ярих вэ дээ. Ер нь цаанаа ямар ч онолын үндэслэлгүй улс төрийн цагаан толгой мэдэхгүй хүмүүс дуугараад эхлэхээрээ алдаа гаргадаг. Тэд хольж хутгахгүй хэлчихийг хичээгээд хичээгээд муруй хазгай хэлж байгааг зурагт үзэгчид анзаарсан биз. Үзэл санаа, үзэл бодол болон үзэл баримтлал гэсэн илэрхийллүүд улс төрийн утгаараа нэг л ойлголтууд. Хоорондоо ямар ч ялгаагүй. Ялгаагүй үгнүүдийг ялгах гэж оролдох бүр тэдний зөвхөн улс төрийн бус ердөө л ерөнхий боловсролын наад захын түвшин сулыг баталж буй. Улс төрийн мэргэжлийн нэрлэгээгээр “идеолог” гэсэн ганцхан л үг бий. Тиймээс миний санаа бол энэ л идеологоор явна, би энэ л идеологоор боддог, бид энэ идеологоо л баримталдаг гэж хэлэх боломжтой. Гэхдээ л зөвхөн ганц үгийг хар ярианы үгнүүдээр л салан задгай хэлж буй. Улс төрийн цагаан толгой ч мэдэхгүй явдал дараагийн ямар жишээн дээр дэндүү тодорхой болсон бэ гэхээр ардчилсан социалист болон нийгмийн ардчилал гэсэн хоёр ойлголтуудад ялгаа гаргах гэж хичээж буй. Улс төрийн мэргэжлийн “социал демократ” гэсэн нэрлэгээг хоёр янзаар алдаатай орчуулсны л хар гай.

 Орчуулсан орчуулгуудаараа улс төрийн онолын чухал нэрлэгээг хоёр ондоогоор тайлбарлах гэж зөрүүдлэх хэтэрхий болих аргууд. Социал гэдэг социализмын угтвар үг харин демократ гэдэг хотын иргэд төрийг удирдах гэсэн утгатай. Ингэж орчуулгуудаараа зөрөөтэй, зөрчилтэй ойлголтуудыг шинээр хиймлээр үйлдэж буйг харахад улс төрийн мэргэжил Монголд байхгүй л байна шүү дээ.

Зүүн төвийн нам үндэсний ардчилалыг дэмжинэ гэсэн хэллэг өөрөө зөрчилтэй. Зүүн төв гэдэг чинь социализм тал руугаа, нууж дарж хаагаад ч яах ч аргагүй зүүн үзэл. Харин үндэсний гэж хэлж буй улс төрийн мэргэжлийн утгаараа булзайруулж мушгаад мушгаад гарцаагүй барууны үзэл. Дэмжинэ гэдэг чинь хэт арчаагүй үйлдэл. Жишээ болгож хэлэхэд МАХН зүүн төвийн нам гэхдээ АН-ыг дэмжинэ гэсэн ойлголт. Магадгүй дэмжинэ гэдэг тойруугаар нэгдэнэ гэсэн илэрхийлэл байж болох талтай. Хоёр намын олигархууд ардчилсан, ардын гэсэн үгнүүдийг өмнө хойно хэлж байгаад яваандаа сонгуулиар нэгдэн ажиллах гэсэн алсын зорилготой байх ч талтай. Баруун ба зүүн гэсэн хоорондоо ялгаатай улс төрийн онолыг дэлхийн улс орнууд Францын хувьсгалаас хойш 200 гаруй жилийн дотор бодож боловсруулж ирсэн. Улс төрийн ямар ч сурах бичиг дотор бичигдсэн. Урлаг соёл эсвэл хувийн хүсэл мөрөөдөл үндэсний байлгүй яахав. Үүгээрээ ч үндэсний бахархал гэдэг сэтгэлийн юм. Харин улс төрийн нам үндэсний гэсэн үгийг хэт их тодотгох нь яваандаа хүмүүсийг баруун тал руу татаж хэт их сэтгэлийн хөдөлгөөн дээр тоглож ашиг сонирхлоо биелүүлэх гэсэн барууны чиглэл гэж тодорхойлдог. Зүүн төв гэдэг маань “зүүн” чиглэлийн нам гэхдээ хэт хатуу зүүн биш харин мөрийн хөтөлбөртөө зарим засваруудыг оруулахад татгалзахгүй л гэсэн улс төрийн ойлголт.

Мэдээж МАХН-ын энэ будлиан түүхэн шалтгаантай. Гэхдээ тэр шалтгаан нэр болон үзэл бодлыг өөрчлөх шалтгаан биш. Яагаад гэвэл социализм Монгол орныг дэндүү үсрэнгүйгээр хөгжүүлж чадсан. Тиймээс үүнийг үгүйсгэх ямар ч боломжгүй тул МАН гэсэн нэр урагшаа биш харин ухарсан нэр. Оросын хувьсгалчид Монголыг ядуу буурай орноос үйлдвэр хөдөө аж ахуйн орон болгох гэсэн зорилгоо давуулан биелүүлсэн. Социализм гэдэг чинь зүүн үзэл ба тухайн үедээ эв хамт гэж орчуулсан явдал яг олж хэлсэн. Харин Баруун үзэл бол либертар бөгөөд ганцаараа салангид явна гэсэн хөрөнгөтнийг барьсан үзэл. Ерөөсөө мэргэжлийн ойлголтгүй түүн дээрээ онол ярихаас зугатаж толгой нь өвддөг хүмүүс номын мөр хөөж толгойгоо сэргээж боловсрох нь хамгийн зөв. Намуудын удирдлагууд нэгэнт мөнгөний боломжтой тул үүнийгээ ашиглаад сурч боловсорч улс төрийн мэргэжилтэй танилцвал намуудын хөгжилд, цаашлаад Монгол орны хувь заяанд эерэг нөлөөтэй шүү дээ. Анхааруулж хэлэхэд намуудын удирдлагууд гадаадын олигтойхон сургуулиудад улс төрийн гүн гүнзгий мэдлэг авах шаардлагатай болжээ. Гэхдээ Америкт очоод хоёр гурван жил баяр наадам хийсээр байгаад юу ч суралгүй хааанахын ч юм бэ бүү мэд диплом сугавчлаад ирвэл яадаг билээ. Тийм хүмүүс өнөөдөр дээгүүр албан тушаалд оччихсон хөгөө тариад л явж байна шүү дээ. Намайг Германд докторын ажлуудаа бичиж байхад олон сайхан залуучууд хагас дутуу суралцаж дорвитой мэдлэг эзэмшилгүй яараад л харьцгаасан. Өнөөдөр тэдний балаг их л харагдах нь дэндүү харамсалтай.

Ардчилалын 20 жилд Монголын иргэд хэзээ ч улс төржсөнгүй. Улс төрийн гэж нэрлэж өөрсдийгөө нам гэж буй хүмүүс ихэнхи нь ашиг сонирхлоороо нийлсэн хувийнхаа мөнгөний хэмжээг ихэсгэх зорилготой хүмүүс. МАХН ба АН хоёр хоёулаа улс төрийн намууд биш харин бизнесийн компануудтай адилхан болжээ. Яг л хувь хүмүүсийн өмч мэт харагдах юм. Тэдний ихэнх нь өмч хувьчлалаас төрсөн бизнэсмэнүүд. Тиймээс тэд хэзээ ч улс төрждөггүй. Харин намын гишүүд гэж өөрсдийгөө нэрлүүлж явдаг хэдэн мянган хүмүүс ердөө л энэ бизнэсмэнүүдийн барьцааны хүмүүс болцгоожээ. Энэ барьцааны хүмүүс зөвхөн хоорондоо хэрэлдэж уцаарлаж бие биенийгээ хардаж сэрдэж намынхаа дээд ноёдоосоо хэр зэрэг шан харамж авсанаараа л уралдаж буй мэт. Мэдээж барьцааны хүмүүсийн хөгшид болон залуу насныханд амьдралын баталгаа хэрэгтэй тул тэд яах аргагүй намуудад баригддаг. Хөгшин хөвөө хүмүүст эрүүл мэндийн даатгал тэтгэвэр тэтгэмж гээд олон шаардлагууд бий. Тэр нь тэгээд бизнесмэнүүдийн хувьд бол ердөө халаасны мөнгөөр л төлчих задгай төгрөгнүүд. Залуу хүмүүсийн хувьд багш хүн би зөвлөхөд намуудад хэт баригдахгүйгээр өөрийгөө боловсруулж мэдлэгжүүлэх хамгийн чухал шүү. Бүхий л цагаа найрлаж наадамдаж, покердож биш харин зөвхөн сурч боловсрохдоо л зориулах хэрэгтэй. Одоо сурч боловсрохгүй юм бол хэзээ боловсрох вэ. Боловсрол өнөөдөр 21-р зуунд ямар их үнэтэй болж байна вэ гэдгийг бэлээхэн харж байгаа биздээ.

АН-ыг харахад судлаач хүний хувьд хэлэхэд ямар ч ирээдүй харагдахгүй байна. МАХН дөнгөж улс төрийн цагаан толгойноос эхэллээ. Тэгвэл АН баруун чиглэлийг барьсан намуу эсвэл зүүн чиглэлийг барьсан нам уу. Хэзээ үүнийгээ зурагтаар МАХН-тай адил зарлах вэ. Хүмүүс хүлээсээр. Монгол хүн шулуун шудрага шүү, зоригтойхон аавын хүү боловсрол мэдлэг дээрээ тулгуурлан бид баруун эсвэл бид зүүн гэж хэлэх хэрэгтэй. МАХН-аас илүү чадвартайгаа батлах сайхан боломж ирлээ шүү дээ. Эцсийн эцэст намуудад чансаатай, манлайлагч удирдагч одоо хүртэл дутагдсаар. Нагаржунайн онолоор төвийг сахиж Монголд Манж нар болон Түвд нар ноёлж байсан үеийн феодал хөрөнгөтнүүдийн түүхийг сөхөж хоцрогдсон зүйлсийг дахин сэргээх гэж зүтгээд буй нь хачирхалтай л санагдах юм. Эцсийн эцэст хамтарсан Засгийн газар ажиллаж эхэлсэнээс хойш Монголд улс төр зогссон шүү дээ. Титэм үгээр л аргацаах боллоо.

МАХН, АН хоёр одоо хэн бэ гэдгээ таниулах хугацаа нь болжээ. Энэ хоёр намын гишүүд ч гэсэн би барууны намд ороод ирсэн үү эсвэл зүүний намд ороод ирсэн үү гэдгээ асуух цаг иржээ. Яагаад би энэ намын батлахыг авсан билээ гэдгээ асуух тэр улс төрийн хариуцлагатай үетэй золголоо. Буруу намд ороод ирсэн бол одоо зөв нам руугаа явах эсвэл хувийн чанараа дагаад шинэ намууд үүсгэх тийм улс төрийн шинэ уур амьсгал удахгүй ирэх нээ. Биеэ таниад намаа таниарай. Харин намаа танивал улс орноо хаашаа явж буйг жинхэнэ танина даа.

Доктор, профессор
С. Молор-Эрдэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж